close
man-smoking-cigarette

40 шүргэж буй миний хувьд өдий хүртэлх амьдралдаа огт “сураагүй”, цаашдаа ч “сурахыг” хүсдэггүй нэг зүйл бол тамхи татах. Гэвч харамсалтай нь, тамхи огт татдаггүй ч олон жил бусдын татаж буй тамхины утаанд уушги, биемахбодоо хордуулж ирсэн нэгэн.

Харин 2013 онд манай улсад Тамхины Хяналтын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш ашгүй тамхины дам таталтад өртөж, эрүүл мэндээрээ хохирох минь эрс багассан юм даг. Над шиг хүн цөөнгүй л байх. Тэгэхээр бага гэж гололтгүй энэ хууль тодорхой үр дүнд хүрсэн болов уу гэж санагддаг. Алдаа оноотой ч хууль хэрэгжиж байна. Цаашид улам боловсронгуй болгох, болж бүтэхгүй байгаа заалтуудаа газарт буулгах хэрэгтэй л байх. Нөгөөтээгүүр хуулийг гууль болгохгүйн тулд иргэн бүрийн оролцоо нэн чухал л даа. Хэн боловч тамхины хор уршиг, ялангуяа дам тамхидалтын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг үр дагаварын талаар өндөр мэдлэгтэй байж, өөрөөсөө бүхнийг эхлэх хэрэгтэй. Мэдээж бусад улс орны туршлагаас ч суралцахад илүүдэхгүй. Тухайлбал, тамхины эсрэг амжилттай тэмцэж байгаа хотын нэг бол Нью-Йорк. Арван жилийн өмнө тус хотын иргэдийн 40 хувь нь тамхи татдаг байсан бол өнөөдөр энэ тоо хоёр дахин буураад байна. Харин хэрхэн?

ТЭМЦЭЛ


Нью-Йоркчуудын тамхины эсрэг тэмцэл аль ерээд онд хотын мэр Рудольф Жулианигийн үед эхэлжээ. Эхэн үедээ ресторануудад тамхичдыг тамхи татдаггүй хүмүүсээс тусад нь өөр танхимд суулгаж байхаар журамласан бол дараа нь бүр тусдаа өрөөнд л тамхи татахыг шаардсан гэдэг. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл байлаа. Тамхины эсрэг жинхэнэ дайныг өрнүүлсэн хүн бол 2002 онд хотын мэрээр сонгогдсон алдарт хэвлэлийн магнат Майкл Блумберг аж. Өөрөө архаг тамхичин байсан тэрбээр энэ муу зуршлаасаа аль 30 жилийн өмнө салж чаджээ.

Түүнийг сонгогдсоноос хойш ердөө жилийн дараа гэхэд ресторан, уушийн газар, албан байгууллага, зочид буудал зэрэг олон нийтийн газар тамхи татахыг хориглосон хууль батлагдаж, улмаар Америкд энэ хуулийг Лос-Анжелесын дараа хэрэгжүүлж эхэлсэн хоёр дахь хот нь Нью-Йорк болсон юм. Ресторан, бааранд үйлчлүүлэгч тамхи татаж байгаад “баригдвал” тухайн үйлчилгээний газрын эрхийг хасч, тамхи татаж суусан этгээдийг хэдэн зуун доллараар торгохоос эхлээд түр саатуулах хүртэл арга хэмжээ авна гэж тус хуулинд заажээ. Хэрэв та зочид буудлынхаа өрөөнд тамхи татвал гэнэт зочид буудлаас хөөгдөж, бас дээрээс нь агаар цэвэршүүлэх зардалд 300 доллар төлөх хэрэгт унана!

Жилээс жилд тамхины утаанаас ангид газрын нэрсийн жагсаалт нэмэгдсээр байв. 2011 он гэхэд такси, ялангуяа дотор нь хүүхэд зорчиж яваа хувийн автомашинууд, хотын шоронгуудад хүртэл тамхи татахыг хориглосон байна. Тамхичид гүүр, зочид буудлын тусгай өрөө, өндөр барилгын дээвэр дээрх задгай уушийн газар, мөн Бруклин-Бридж цэцэрлэгт хүрээлэнд л тамхи татах эрхтэй үлдсэн юм.

Хууль журам чангарахын хэрээр ухуулга, сурталчилгааны кампанит ажил хүчтэй явагдаж байсныг хэлэх нь зүйтэй болов уу. Холливудын одод, алдартай тамирчид, зохиолчид тамхины эсрэг сурталчилгааны ажлыг дэмжин оролцсон нь залууст хүчтэй нөлөөлсөн гэдэг. Тухайлбал, скейтбордын домогт тамирчин Тони Хоук тамхины компанийн санал болгосон хэдэн зуун сая долларын гэрээнээс татгалзсанаа олон нийтэд зарласан. Тамхины эсрэг кампанит ажлын хүрээнд хийгдсэн бас нэг цохилт бол эдийн засгийн цохилт байлаа. Нью-Йорк хотын засаг захиргаа тамхинд ногдуулах татварыг нэмсэнээр тамхины жижиглэнгийн үнэ огцом өссөн юм. Виржини мужтай харьцуулахад Нью-Йоркт тамхи бараг хоёр дахин үнэтэй буюу 10-15 долларт хүрчээ.

2011 оны 5-р  сарын 23-ны өдөр Блумберг хотын наран шарлагын газар, цэцэрлэгт хүрээлэн, явган хүний гарц болон олон нийтийн бассейны дэргэд хүртэл тамхи татахыг хориглосон шийдвэр гарсан. Хотын төв талбай болох Таймс-Скверийн тухайд тусгайлан дэг журам тогтоосон бөгөөд энд тамхи татахыг завдсан хүнийг газар дээр нь 50 доллараар торгохоор болжээ.

Үүн дээр нэмж хэлэхэд, Ерөнхийлөгч Обамагийн шийдвэрээр 2012 оноос эхлэн Америкт зарагдаж буй бүх тамхины хайрцган дээр тамхины уршгаар өвчинд нэрвэгдсэн хүний дотор эрхтний зургийг тавьж эхэлсэн билээ.

Майкл Блумберг

” Нью-Йорк хот тамхины эсрэг дайнд ялалт байгууллаа. 2002 оноос хойш 300 мянга гаруй хүн энэ муу зуршлаасаа салсан. Өнөөдөр манай хотын хүн амын 17 хувь нь л тамхи татаж байна. Энэ бол сүүлийн хагас зуун жилийн хувьд хамгийн доод үзүүлэлт юм…”

ЭСЭРГҮҮЦЭГЧИД


Мэдээж төр засгийн шийдвэр бүр хүн болгонд таалагдана гэж үгүй. Нью-Йоркт ч мөн адил ийм байдал үүссэн. Хотын засаг захиргаанаас хэрэгжүүлж буй арга хэмжээнд сэтгэл дундуур үлдсэн иргэд C.L.A.S.H (утгачилбал “мөргөлдөөн”) буюу “Тамхичдыг доромжлон гадуурхах бодлогыг эсэргүүцэх иргэд” нэртэй бүлэг байгуулаад амжсан. Тус бүлгийнхэн шинэ хориг бүрийг эсэргүүцэж, хориотой газруудад тамхи татахыг уриалж эхэлсэн. Байгуулагдсан даруйдаа C.L.A.S.H-ынхан эхний амралтын өдрүүдийг “Гашуудлын өдөр” –өөр зарлаж, Брайтон-Бич дүүрэгт цугларч, хүмүүсийн дүргүйцлийг төрүүлэхүйц хэмжээгээр тамхи татаж, эсэргүүцлээ илэрхийлэн зогссон байна. Гэвч тэдний үйл ажиллагаа төдийлөн шуугиан тарьж чадаагүй. Учир нь, 10 гаруй жил үргэлжилсэн ухуулга сурталчилгааны ажлын нөлөөгөөр тамхийг жихүүцэх хандлага нийгэмд хэдийнэ хүчтэй тогтсон байлаа. Тиймээс өнөөдөр Нью-Йоркийн тамхичид өөрсдийг нь цөөнх гэдгийг хүлээн зөвшөөрч, ижил хүйстнүүдийн адил эрх ашгийг нь хамгаалах хэрэгтэй гэж шаарддаг болсон аж.

Нөгөөтээгүүр тамхины хуулийг тамхи үйлдвэрлэгчид ч хүчтэй эсэргүүцсэн. Тамхины хайрцган дээр тамхины хор уршгийг харуулсан зураг тавихыг эсэргүүцэж тэд Цагаан ордныг хүртэл шүүхэд өгсөн гэдэг

Жон Бриттон

(тамхины эсрэг тэмцэх эмч нарын холбооны төлөөлөгч)

“Наяад онд метронд тамхи татахыг хориглох нь зөв шийдвэр мөн үү гэж бүгд эргэлзэж байсан. Аравхан жилийн өмнө хоолны газруудад тамхи татахыг хориглох нь ямар ч үр дүнгүй гэж мөн л бүгд шүүмжлэн эсэргүүцэж байсан. Гэтэл өнөөдөр эдгээр арга хэмжээ үр дүнгээ өгч эхэлмэгц бүгдээрээ л “Яагаад энэ хоригийг эртхэн тавиагүй юм бэ?” гэж гайхширч байна…”

БУСАД УЛСЫН ТУРШЛАГА


Эх сурвалж: Шинэ Эрүүл Амьдрал сэтгүүл №09 /2013 он/

хэштэг InspirationЭрүүл мэнд

Сэтгэгдэл үлдээх