close
huuhed-garchignii zurag

Эмэгтэй хүн эх хүн болсноор түүний амьдралд төрдөг бас нэг зүйл бол мөнхийн айдас гэж би нэг уншиж байсан юм. Үнэхээр ч үрээ өлгийдөн авсан цагаас эхлэн ингэчих вий, тэгчих вий гэж боддоггүй, санаа зовдоггүй эх хүн гэж үгүй л болов уу. Тэр нэг айдасын нэг бол хүүхэд алга болох…

Хүүхдүүдийн маань амралт ч эхэллээ. Удахгүй монголчууд бидний хамгийн өргөнөөр тэмдэглэдэг, нэг газар маш их хүн бужигнаж байдаг баяр ч ойртож буйтай холбогдуулан сэрэмжлүүлэг болгон дараах зөвлөгөөг хүргэж байна.

Олны дунд хүүхдээ аль болох хөтөлж, анхаарал сэрэмжтэй явах нь эцэг эхийн хариуцлага мөнөөс мөн. Нөгөөтээгүүр, төөрчихсөн хүүхэд айж сандарсандаа “хадуураад” олон километр зам туулчихсан байдаг гэдэг. Тэгэхээр бид үр хүүхэддээ аль болох багаас нь аюулгүйн байдлын тухай сайтар зааж байх, тэр дундаа хэрэв ээж ааваасаа тасраад, төөрсөн бол яах ёстой вэ гэдгийг заавал зааж өгөх хэрэгтэй санагддаг.

Хүүхэд бүр мэдэж байх зүйл

Юуны өмнө хүүхэд тань аюултай нөхцөл байдалд хэр бэлэн вэ гэдгийг мэдэж аваарай. “Хэрэв төөрвөл чи яах вэ?” гэж асуугаад үз. Мэдээж гэртээ суугаа хүүхдэд хариулах амархан. Харин бодит байдал дээр хүүхэд яахаа мэдэхгүй айж сандрах нь гарцаагүй. Тиймээс аав ээжээсээ төөрөх тохиолдолд ямар алхам авах тухай зааж өгөх нь чухал юм. Ингэ, тэг гэж заахын оронд яагаад тэгэх хэрэгтэй гэдгийг тайлбарлавал хүүхдэд илүү хүрнэ шүү. Бага насны хүүхдэд бол тоглоом эсвэл үлгэр хэлбэрээр тайлбарлаж өгөх нь илүү тохиромжтой.

Хүүхэд бүрийн мэдэж байх зүйл:

  1. Өөрийн нэр, нас, хаяг. Тухайлбал, 4-өөс бага насны хүүхэд өөрийн бүтэн нэрээ төдийгүй аав ээжийнхээ бүтэн нэрийг хэдийнэ мэддэг байх нь маш чухал. “Ээж, аав” гэхээс өөр мэдэх зүйл үгүй бол хүүхдийг олсон цагдаагийн байгууллагад эцэг эхийг нь хайхад цаг орно гэдэг нь тодорхой. Харин дөрвөөс дээш насны хүүхдүүд аав ээжийнхээ утасны дугаарыг, мөн хэнд хандаж тусламж эрж болохыг мэддэг байх шаардлагатай.
  2. Хүүхэд утас ашиглаж сурах нь зөв. Гуравхан настай охин ээжийгээ ухаан алдахад 999 руу залгаж түргэн тусламж дуудсанаар хөл хүнд ээжийгээ аварсан тухай та сонсож байсан уу? Энэ тухай анх уншихдаа сэтгэл хөдлөөд бүр нулимс унагаж байснаа санадаг юм. Бас хүүхэддээ аль болох эрт утас ашиглуулж сургах хэрэгтэй юм байна гэж бодогдож билээ. Аюулгүйн байдлын үүднээс авч үзвэл, одоогийн хүүхдүүд багаасаа гар утас барьж байгаа нь бас зөв ч юм шиг.
  3. Ээж ааваасаа төөрсөн бол ийш тийш гүйж болохгүй, байрнаасаа хөдлөлгүй зогсож байх хэрэгтэй гэдгийг заавал зааж өгөөрэй. Байгаа газраа шалан дээр суугаад ээж аавыгаа чангаар дуудвал бүр сайн. Тэгж байж олон нийтийн газар зөрсөн, төөрсөн хүмүүс бие биенээ олоход дөхөм байна.
  4. Бас нэг чухал зүйл. Хамаагүй хүн дагаж явж болохгүй, тэр тусмаа танихгүй хүний машинд сууж хэрхэвч болохгүй гэдгийг хүүхэддээ сайтар ойлгуулах хэрэгтэй. Төөрсөн үед хүүхэд дээр тань танихгүй хүн ирээд, дагуулж явах гээд байвал “Туслаарай. Энэ миний аав, ээж биш” гэж орилж хүмүүсийн анхаарлыг татах хэрэгтэй гэж зааж өг.

Эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө:

  1. Гэр бүлээрээ олон хүн цугларсан газар явахдаа, мөн хүүхэд гадаа тоглохоор гарахад нь түүний хувцасны халаасанд аав ээжийнх нь утасны дугаар бичсэн зурвас хийж заншаарай.
  2. Олон хүн цугларсан газар явахын өмнө утсаар хүүхдийнхээ зургийг авч бай. Хүүхдээ алдсан эцэг эхчүүд айж сандарсандаа хүүхдээ ямар хувцастай байсныг ч санадаггүй гэдэг.
  3. Хүүхэддээ бусдаас ялгарах тод, неон өнгийн ямар нэг хувцас (цамц, шоорт, ороолт) өмсүүл. Нэгдүгээрт, энэ арга олон хүүхэд дундаас өөрийн хүүхдээ олоход тусална, хоёрдугаарт, хүүхэд хулгайлдаг гэмт этгээдүүд анхаарал татах тод өнгийн хувцастай хүүхдүүдэд ойртдоггүй гэж америкийн судлаачид үздэг байна.
  4. Дэлгүүрт хүүхдээ алдсан бол тэр даруй дэлгүүрийн захиргаанд хандаарай. Камерын бичлэг болон чанга яригчийн тусламжтайгаар хүүхдээ олох нь илүү хурдан.
  5. Хэрэв гадаадад аялж явахдаа хүүхдээ алдсан бол цагдаагийн байгууллагад хандахаас гадна тус улс дахь Монгол улсын элчин сайдын яам буюу консулын газартай яаралтай холбоо барих шаардлагатай. Мөн эрсдэлээс сэргийлэн хүүхдийнхээ хувцасных нь халаасанд байрлаж байгаа зочид буудлын нэрийн хуудас хийж явж байгаарай.

/ нэмэлт 06.03.2016 /

Сая өнгөрсөн Хүүхдийн баяраар хүүхэд багачууд төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын цагдаагийн газрын албан хаагчид Чингисийн талбай болон Үндэсний соёл амралтын хүрээлэнд утасны дугаар бичих зориулалт бүхий бугуйвчийг хүүхдүүдэд зүүж өгч байсан. Зөвхөн энэ өдөр 50 гаруй хүүхэд эцэг эхээсээ төөрсөн гэсэн мэдээнээс үзэхэд маш зөв ажил хэрэгжүүлсэн цагдаагийн байгууллагынханд талархал илэрхийлэхийн хамт ийн энгийн санаачлагыг эцэг эхчүүд бид өөрсдөө хариуцлагатайгаар хэрэгжүүлж байхыг уриалмаар байна. Энэ бол бидний хийж байх ёстой ажил, бидний сэтгэл байх учиртай.

Зургийн эх сурвалж: www.ub.police.gov.mn

хэштэг Гэр бүлЗөвлөгөөХүүхэд

Сэтгэгдэл үлдээх