close
garchig-zurah

Өнгө өнгийн шавьж хорхойгүй зуныг төсөөлөх мэдээж хэцүү. Гэхдээ шавьж бүхэн эрвээхэй шиг гэмгүй биш нь харамсалтай. Зарим нь хүчтэй өвдөлт өгөх хэмжээний хазаж, зарим нь бүр халдвар тараах аюултай…

Магадгүй та хачигны халдварын тохиолдол эрс нэмэгдэж буй тухай мэдээнээс сонссон байх. Хачиг гэж тийм аюултай шавьж уу? Бүр урьдчилан сэргийлэх вакцин хүртэл хийдэг гэсэн шүү дээ. Яг ямар шавьж байдаг юм бол? Түүнээс хэрхэн хамгаалах вэ гэх зэрэг асуултанд хариу эрж дараах мэдээллийг бэлдлээ.

Хэзээ, хаана тааралдах вэ: Хачиг хаврын эхэн сард ичээнээс гарч аравдугаар сарын сүүл хүртэл идэвхтэй үржиж байдаг амьтан бөгөөд гол төлөв ой мод, тэр дундаа 30-70 см өндөр өвсөнд нуугдаж байдаг. Тэд үсэрч чаддаггүй. Харин хажуугаар нь хүн өнгөрөхөд хувцсанд нь зүүгддэг. Улмаар хачиг хүний арьсанд хүрэх гарцыг хайж хувцсан дээр нэлээн удаан “зугаалдаг”.

Ямар аюултай вэ: Хачиг энцефалит гэдэг хүний мэдрэлийн системийг саажуулж гэмтээдэг вирус тээж явдаг аюултай амьтан. Өөрөөр хэлбэл, халдвар хүндэрвэл мэдрэлийн тогтолцоо муудаж, арьс, зүрх, судас, үе мөч зэрэг эрхтэн түргэн хугацаанд гэмтэх аюултай. Тийм учраас хачиганд хазуулсан хүнд энцефалитын эсрэг тарилга хийдэг юм.

⇒ Энэ шавьж ямаа, хонь, үхрээс гадна гэрийн тэжээвэр нохой, туулай зэрэг 250 орчим амьтан, 100 гаруй зүйлийн шувуунаас хүнд халддаг гэдэг. Монголын хувьд гол дамжуулагч нь ойн хачиг аж. Тиймээс ой модонд жимс самар түүх болон зугаалгаар явахдаа анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.

Хазахад ямар шинж тэмдэг илрэх вэ: Хачиг яг хазах үедээ өвчин намдаагч шингэн ялгаруулж байдаг тул хазуулж байгаа хүн бараг юу ч мэдэрдэггүй. Ядаж байхад хачигийг олж харна гэдэг бас амаргүй ажил. Хазуулсны дараа 3-7 хоног хүртэлх нууц үед бие сулрах, толгой өвдөх, хүзүү хөших, халуурах, арьсаар цагариган хэлбэртэй том тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Ухаан алдаж унах нь ч бий.

Хэрхэн хамгаалах вэ:

  • Хэрэв хөдөө, ой модтой газар амрахаар явах гэж байгаа бол тухайн нутагт хачиг байдаг эсэх, байдаг бол хэдийгээр идэвхиждэг, энцефалитын халдвар гарч байсан эсэх, одоо байдал ямар байгааг лавлахад илүүдэхгүй.
  • Ой модонд зугаалахдаа хүүхэддээ хүзүү, гар, хөлийг нь бүрэн хаасан буюу урт ханцуйтай хувцас, урт түрийтэй гутал өмсүүлж, толгойд нь малгай углаарай. Өөрөө ч мөн адил. Цагаан өнгөн дээр хачигийг олж харахад амархан тул аль болох цайвар өнгийн хувцас өмсөхийг бодоорой.
  • Хувцсанд зүүгдсэний дараа хачиг хазаж шимэгчилэх нимгэн арьсыг хайж явдаг (хачиг ихэвчлэн чихний ар, цавь, чээж, бүсэлхий, суганд шигдсэн байдаг). Өөрөөр хэлбэл, хачиг таныг хазтал тодорхой хугацаа байна гэсэн үг. Тиймээс уул, ой модоор зугаалж гэртээ орж ирсэн даруйдаа хүүхдийнхээ, өөрийнхөө биеийг шалгахаас гадна хувцсаа сайтар сэгсрээд, шууд шүршүүрт орох нь зүйтэй.
  • Хавар намрын улиралд, мөн халдвар тархаж буй нутаг зорих гэж байгаа бол энцефалит өвчнөөс сэргийлэх вакцин хийлгэж болно.

Хачиганд хазуулсан бол яах вэ:

  • Хэрэв эмнэлгийн тусламж үзүүлэх цэг ойрхон байгаа бол хачигийг өөрөө салгах гэж оролдолгүй хурдхан шиг эмнэлэг яв. Учир нь хүний биед шигдсэн хачигийг салгах тийм ч амар ажил биш. Салгах гэж татаж байгаад хошууг нь арьсандаа үлдээвэл, мөн хачигийг хагалчихвал халдвар авах эрсдэл эрс нэмэгддэг.
  • Хэрэв эмнэлэгт хандах боломжгүй хол яваа бол хачигийг өөрөө маш болгоомжтой, аль болох гэдсийг нь гэмтээлгүй салгахыг хичээгээрэй. Үүнд, хачиг хазсан хэсгийг 76 хувийн цэнхэр спиртээр сайн арчсаны дараа хавчаараар (пинцет) хушууны хэсгээс чимхэж, зөөлөн эргүүлэн татаж авна. Огцом ширүүн татаж ер болохгүй. Авсны дараа арьсыг спиртээр дахин арчиж ариутгах шаардлагатай. Халдвар гар дээр үлдэх магадлалтай тул гараа сайтар угаагаарай. Салгаж авсан хачигийг хаялгүй лабораторийн шинжилгээнд аваачиж өгвөл түүнийг халдвартай эсэхийг тодорхойлж, улмаар өвчтөнд зохих эмчилгээг нь яаралтай эхлүүлэхэд хэрэг болно. Ингэхдээ хачигийг усанд норгосон хөвөн, даавуу хийсэн цэвэрхэн шилэнд хийгээд хадгалвал хэсэгтээ хатахгүй.

АНХААР! Хэрэв та хачиганд гар хүрсэн л бол гараа маш сайн угаагаарай. Мөн онцын шаардлагагүй бол халдварын голомттой нутагт аялж, зугаалахгүй байхыг зөвлөе. Найз нөхөд, гэр бүлийнхэндээ ч анхааруулаарай.

хэштэг Асуулт-ХариултЭрүүл мэнд

Сэтгэгдэл үлдээх