close
Cover chamaig untaj

Хүү минь ой есөн сартайдаа мээмнээс гарсаны дараа сэрэлгүй сайн унтдаг болсон юм. Ялангуяа саяхнаас өдрийн унтлагын цаг нь тогтворжиж, яг гурван цаг “тасардаг” болсноор ээж нь өдөр 2-3 цагийг аль болох үр дүнтэй өнгөрөөхийг хичээх болов (ядарсан, нойр дутуу үедээ хамт унтаад өгнө л дөө).

2-3 цагт юу хийж болох вэ? Мэдээж цэвэрлэгээ хийж, аяга шанага угааж болох ч гэр орны ажлыг нөхөр, том хүүхдүүд гэрт ирээд багатай тоглож байх зуур гялалзуулж болох. Ээжүүдэд ганцаар байж, тайван суух боломж ховорхон олдох тул яагаад ганц хоёр цагийг өөртөө зориулж болохгүй гэж?

Тухайлбал,

√ ДАСГАЛ ХИЙЖ БОЛОХ

Миний туршлагаас гэвэл өглөө дасгал хийх бололцоогүй өнгөрдөг. Хүүхдээ хооллох, нүүр гарыг нь угаасны дараа жаахан салхинд гарах, гэрээ эмхлэх гэсээр үд болчихдог. Тиймээс ч өдрийн унтлагын цагаар 15-30 минутыг дасгалд зориулахад яг тохиромжтой байдаг юм.

Дасгалыг аль болох зөв хийх үүднээс би бичлэг дагаж хийх дуртай. Заавал үнэтэй DVD худалдаж авах ч хэрэггүй. Youtube гэж сайхан эд байна шүү дээ цаана чинь! Өөрт таалагдах дасгалыг түвэггүй олчих боломжтой ч санал болгоход Америкийн Космополитан сэтгүүлийн фитнес суваг болох CosmoBody-д дасгалын сан нь байнга нэмэгдэж байдаг (бас үнэгүй!), мөн Кристин Салусын суваг их ойлгомжтой, харин йогоор хичээллэдэг бүсгүйчүүдэд Тара Стайлзын суваг таалагдах болов уу. Түүнчлэн Univision-ы видео санд ч йогын хөөрхөн дасгал хичээлүүд байна лээ шүү. Сонирхоод үзээрэй.

√ ШИНЭ ЗҮЙЛ СУРАХ

Хүүхэдтэй болмогц ээжүүд хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжил гэсэн сэдвийн л ном хайж уншдаг болчихдог юм билээ. Мэдээж энэ чухал сэдэв мөн л дөө. Гэхдээ хааяа ч болов мэргэжлийнхээ дагуу шинэ ном олж уншиж толгойгоо цэнэглэх, фотошоп эзэмших, шинэ хэл сурах буюу мөнөөх англи хэлээ ч сайжруулахын тулд ном харахад илүүдэхгүй шүү. Тухайлбал, хэрэв та англи хэлтэй бол боломжийн үнээр Coursera, Skill Share гэхмэт сайтуудаас өөрт сонирхолтой хичээлийг сонгож, дуртай цагтаа “суух” бүрэн боломжтой.

√ ХОББИНЫ ЦАГ

Дуртай юмаа хийж байхад хүн амарч чаддаг гэдэг. Хэрэв та оёдог, нэхдэг, зураг зурдаг бол энэ цагийг заавал ашиглаарай. Над шиг оёж хаддаг авьяас үгүй бол бас сурч болох л юм, тийм үү?

За өөрийгөө ямар ч тодорсон авьяасгүй, хоббигүй гэх бүсгүйчүүдэд санал болгох нэг зүйл бий. Тэр бол сүүлийн үед дэлхий дахинаа моод болоод буй насанд хүрэгчдэд зориулсан буддаг ном. Аль хэдийн тайвшруулах үйлчилгээ нь батлагдаж, стресс дарах эмчилгээний арга (арт-терапи) хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн учир эргэлзэлгүй нэг ном олоод ав. Дэлгүүрээр хайж явах боломж үгүй бол интернетэд ч үнэгүй татах зураг өч төчнөөрөө байгаа шүү.

Миний хувьд, яг жилийн өмнө юм даа, хүүгээ өдөр унтах цагаар нь амжуулж хамгийн их кайфтай хийж дуусгасан ажлын нэг бол хүүгийн нэг насных нь зургийн цомог (одоо хоёр насных нь цомог дуусах шатандаа явж байна даа 🙂

√ АЖИЛАА ХИЙХ

Онлайн хэлбэрээр ажил хийх хүсэл болоод боломж байвал хүүхдээ унтсан хойгуур ажиллаж болох юм. Бага ч болов орлого олж байвал аштай юу даа.

Нөгөөтээгүүр, хүүхэдтэй болсны дараа бүсгүйчүүд өөрийн сонирхлын дагуу бизнес эхлүүлэх, ном зохиол бичих, орчуулах гэх зэргээр авьяасаа хөгжүүлж амжилтад хүрсэн түүх цөөнгүй. Хэнд ч гэсэн хүсэл мөрөөдөл бий. Тэр мөрөөдлөө бодитой ажил болгон хэрэгжүүлэхээр сэтгэл шулуудаад судалгаа хийгээд, бизнес төлөвлөгөө боловсруулж эхэлвэл ямарав?

√ МӨРӨӨДӨЖ СУУХ

Ер нь заавал ажил амжуулах гээд өөрийгөө хүчлэх албагүй л дээ. Заримдаа зүгээр цаас аваад ойрын өдрүүдийн төлөвлөгөө гаргангаа, сайхан халуун кофе ууж суух, үзэж амждаггүй киногоо нөхөөд үзээд хэвтэх ч жаргал шүү, тийм үү ээжүүдээ 🙂

Facebook Comments
хэштэг InspirationЗөвлөгөөЭэжийн булан

Сэтгэгдэл үлдээх