close
garchignii shine zurag

Магни… Энэ эрдэсийг магадгүй жирэмсэн бүсгүйчүүд л гайгүй мэдэх байх. Би ч гэсэн, жирэмсэн байхдаа л эмчийн заавраар магни ууж байсан болохоос өмнө ер нь зорьж авч ууж байсангүй. Яагаад өнөөдөр магнийг онцлон бичих болов гэхээр ойрд хөлний шөрмөс татаад байхаар эмчээс асууж лавлатал магни уухыг зөвлөсөн юм. Эм авч уухын өмнө магни гээчийг жаахан судлаад үзлээ.  “Орчин үеийн хүний насан туршдаа уух шаардлагатай эрдэс” гэсэн тодорхойлолтыг уншсаны дараа олж мэдсэнээ хуваалцъя гэж бодлоо. Мэдэж байхад илүүдэхгүй санагдана…

Магни гэж?

Эрдэмтдийн үзэж буйгаар бол дэлхий дээр амьдарч буй нийт хүн амын 80 хувь нь аль хэдийнэ магнийн дутагдалтай ч тэрийгээ мэдэхгүй явдаг гэнэ лээ. Бодоод байхнээ бид кальци, С витаминаа л идэж уудаг болохоос магнийн тухай нэг их боддоггүй, тийм биз? Ямар учиртай эрдэс болохыг ч сайн мэдэхгүй.

Гэтэл магнигүйгээр хүний биемахбодын хэвийн үйл ажиллагаа байтугай биемахбодыг ч төсөөлөхийн аргагүй юм байна. Учир нь магни цуснаас авахуулаад бүх эд, эс, ясанд хүртэл агуулагддаг. Өөрөөр хэлбэл эд эсийн хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй хэрэгтэй уг эрдэс маань 300 гаруй амин чухал биохимийн урвалд орж генетик мэдээллийг дамжуулахаас гадна булчин суллах (улмаар зулбах эрсдэлийг бууруулна), зүрхний хэм алдагдахаас хүртэл сэргийлэх нөлөөтэй.

Магнийн ач холбогдол

  • Сайн унтаж амрана. Магнийн дутагдлын үед нойрыг зохицуулдаг мелатонин гэх дааврын хэвийн үйл ажиллагаа алдагдаж, улмаар хүн муу унтдаг буюу огт унтаж чаддаггүй
  • Цусны даралтыг тогтворжуулна
  • Зүрхний шигдээст хүргэх аюултай судасны хатуурлаас сэргийлнэ
  • Цусан дахь сахарын хэмжээг тогтвортой барьж, чихрийн шижингээс сэргийлнэ
  • Жирэмсний эрт болон хожуу үеийн хордлогоос сэргийлэх буюу зовиурыг багасгана
  • Тайвшруулна. Стресс, сэтгэлзүйн хямралыг даван туулахад тус болно
  • Амьсгалын замын үйл ажиллагааг дэмжих тул астма-гийн зовиурыг багасгана

Магни дутагдлын шинж тэмдэг

Өнөөдөр бараг бүх хүн ямар нэг хэмжээгээр магнийн дутагдалтай гэнэ. Тэр дундаа жирэмсэн эмэгтэйчүүд, согтууруулах төрлийн ундааны өндөр хэрэглээтэй улс, фитнесээр хичээллэгсэд, мөн хоолны чанга дэглэм барьдаг хүмүүст энэ асуудал илүү хурц илэрдэг аж. Магнийн дутагдлын үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ гэвэл :

  • Хөлийн ул, гарын алгаар хатгах, шөрмөс татах
  • Зүрх дэлсэх, судасны цохилт олшрох, цус хөөрөх
  • Анхаарал сулрах, уур уцаартай болох, ой тогтоолт муудах
  • Тонус өгөх
  • Даралт ихсэх
  • Толгой өвдөх, ядрах, сульдах
  • Нойр муудах, нойргүйдэх
  • Өтгөн хатах, хумс хугарах гэхмэт
Магнийн дутагдлыг дотор нь анхдагч ба хоёрдагч гэж
ангилж болно. Анхдагч хэлбэрийн дутагдал нь магнийн солилцоог
хариуцах генийн гэмтэлтэй холбоотой бол хоёрдагч дутагдал

магни багатай хоол хүнс, стресс зэрэг шалтгаанаас үүдэлтэй

 

Магнийн дутагдлыг хэрхэн нөхөх вэ?

Эрүүл мэндийн байдал, жин, нас, ажлын ачаалал, онцлогоос хамааран хүний магнийн өдрийн хэрэгцээ 350- 500мг гэж үздэг (жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд, тамирчдын дооз хамгийн өндөр). Биемахбод дахь магнийн дутагдлыг нөхөхийн тулд зөвхөн эм, аминдэмэнд найдалгүй дадал зуршил, амьдралын хэв маягаа хүртэл өөрчлөх шаардлагатай гэж эмч нар зөвлөдөг байна.

  • Юуны өмнө хоол хүнсэндээ магниар баялаг хүнс ихээр нэмээрэй. Магни нь хлорофилын (навчит ногоонд агуулагдах хлорофил нь хүний бүх эрхтний үйл ажиллагааг дэмжин сайжруулахаас гадна, биемахбодыг дотроос нь цэвэрлэн эрч хүч өгч, эрдэс бодис, амино хүчлээр хангадаг) нэг хэсэг учир ногоон навчит ногоо магниар баялаг гэж ойлгож болно. Мөн боловсруулаагүй бүхэл үр тариа (жишээ нь овьёос, гурвалжин будаа), хулууны үр, улаан лооль, самар, хар шоколаданд магни их хэмжээгээр агуулагддаг.

Магниар хамгийн баялаг ногоо бол бууцай

  • Өдрийн дэглэмэндээ анхаар. Сайн унтаж амар. Урт хугацааны стресс биемахбод дахь магнийг маш хурдан үгүй хийдэг тул стрессээ дарах аргыг ол.
  • Кофе болон согтууруулах төрлийн ундааны хэрэглээгээ багасга. Эдгээр ундаа магнийг биеорганизмаас гадагшлуулах процессыг хурдасгадаг гэмтэй.
  • Фитнесээр хичээллэдэг бол ачааллаа багасгах нь зүйтэй. Хөлсний хамт биеорганизмаас магни ч гадагшилж байдаг. Булчингаа амраалгүй ойр ойрхон ачаалалтай хичээллэвэл магнийн хэмжээ бүр алга болж өгнө л гэсэн үг.
  • Шаардлагатай үед эмчийн заавраар эмийн бэлдмэл ууж магнийг нөхөх нь зөв. Тухайн бэлдмэлд магниас гадна В6 аминдэм агуулагдаж байвал тун сайн. Учир нь В6 магнийг эд эсэд нэвтэрч, шингэхэд тусалдаг. Нөгөө талаас магни нь В6 аминдэмийг идэвхгүйгээс идэвхит хэлбэрт ороход тусалдаг байна.

За тэгэхээр энд анхааралдаа авах хоёр зүйл байна.

Нэгдүгээрт, магнийг хоол хүнсээр авах тийм ч амар биш. Учир нь хоол хүнсэнд агуулагдах магнийн 50 хүрэхгүй хувь нь л хүний биед шингэдэг гэдэг. Жишээлбэл хүнсний бүтээгдэхүүнийг удаан хадгалах зорилгоор хатаах эсвэл даршилвал магнийн хэмжээ багасахгүй ч биед шингэх чадвар нь огцом буурдаг байна. Тийм учраас ногоог аль болох түүхийгээр идэх нь илүү үр дүнтэй гэж зөвлөдөг юм байна шүү.

Хоёрдугаарт, магни гадны үл ялиг нөлөөгөөр биемахбодоос маш хурдан гадагшилдаг онцлогтой. Тухайлбал, бидний хоолонд ихээр агуулагдах өөх тос маань магнийн шимэгдэлтийг бууруулж байдаг. Саахар ихтэй хүнс магнийг шээсээр дамжуулан гадагшлуулж орхидог. Дээрээс нь таныг жаахан ч болов стрессдэхэд л магни “баяртай” гээд алга болдог “маягтай” эрдэс юм байна шүү.

Магнитай эм бэлдмэлийг зулбах, дутуу төрөх эрсдэлтэй, хожуу үеийн хүнд хордлоготой, таргалалттай гэхмэт эрсдэлт бүлэгт буй эмэгтэйчүүд заавал уух шаардлагатай. Мөн хүүхэдтэй болохоор төлөвлөж буй бүсгүйчүүд ч жирэмслэхээсээ 2-3 сарын өмнөөс уухыг эмч нар зөвлөдөг.

P.S Жирэмсэн эхчүүдэд магни хэр их хэрэгтэй вэ?

Хүүхэд тээх хугацаанд эмэгтэй хүний биемахбодын магнийн хэрэгцээ 1,5 – 2 дахин нэмэгдэж, өдрийн хэрэгцээ нь 450мг хүртэл өсдөг. Хэрэгцээ ийн ихээр нэмэгддэг нь ургийн өсөлт болон эхийн биед явагдаж буй тодорхой өөрчлөлтүүдтэй холбоотой. Наад зах нь 1000гр хүртэл томрох умай, ихээр нэмэгдэх цусны хэмжээ, сүүний булчирхайд явагдах өөрчлөлт, эстроген, альдостерон даавруудын өсөлт зэргийг энд дурьдаж болох юм

 

Магнийн дутагдал ямар үр дагавартай вэ?

Жирэмсний найм дахь долоо хоногоос биемахбод дахь магнийн хэмжээ буурах ба магнийн дутагдлын сөрөг үр дагавар тэр даруй мэдрэгддэг.

  • Хамгийн аюултай үр дагавар бол жирэмсний хожуу үеийн хүнд хордлого.
  • Булчингийн тонус нэмэгдэнэ. Энэ нь үр зулбах буюу дутуу төрөх эрсдэлийг нэмэгдүүлэхээс гадна огиудас хүрэх, өтгөн хатах, шөрмөс татах, зүрхээр өвдөх зэрэг эмгэгийг дагуулна.
  • Уур уцаартай болж, нойргүйдэж, хурдан ядрана.
  • Хэрэв эхийн биемахбод дахь магнийн хэмжээ хангалтгүй бол ураг ээжийнхээ нөөцийн магни буюу булчин, ясны магнийг ашиглаж эхэлдэг. Гэвч мэдээж энэ байдал удаан үргэлжлэхгүй нь тодорхой. Үр дүнд нь ихэсийн булчингийн хөгжил удааширч, умайн тонус нэмэгдэх аюултай. Ер нь магниас ихэс, умай, тархи маш их хамааралтай гэдгийг мэдэхэд илүүдэхгүй.
хэштэг АминдэмМиний сонголтЭрүүл мэнд

2 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх