close
garchig nomiin tsugluulga

Багадаа би хөнжил дотроо чийдэн бариад ч болов ном уншаад хэвтэж байх санаатай хүүхэд байж билээ. Хүүгээ ч би номонд хайртай, ном унших дуртай хүн болоосой гэж хүсдэг. Ашгүй Улаанбаатарт минь номын дэлгүүрүүд ч олширч, гоё гоё ном ч их гардаг болж. За тэгэхээр блогоо ашиглан эцэг эхчүүдэд зориулаад хүүдээ авсан ном, мөн өөрөө уншиж байгаа номнуудаасаа танилцуулж байя гэж бодлоо.

Юуны өмнө хүүгээ 6 сартайд нь авч өгсөн анхны ном гэвэл Хүрч мэдэрдэг цувралын номнууд. Бараг бүх ээжүүд энэ номыг бяцхан үрсдээ авч өгдөг байх. Эргүүлж үзэхэд тохиромжтой хэмжээтэй, хуудас нь зузаан, том тод зурагтай. Хичнээн “сампирсан” ч гэсэн хүү маань одоо хирнээ үе үе энэ номнуудыг эргүүлж суудаг…

Хөлд ороод хүү маань их тогтворгүй, хөдөлгөөн ихтэй болсон. Урьдынх шигээ өвөр дээр шомбойгоод сууна гэж үгүй. Тиймээс ч номонд жаахан сонирхолгүй байсан л даа. Ном уншиж өгье гэхээр эсвэл гүйгээд алга болно эсвэл шидэж тоглоё л гэдэг байлаа. Харин ажиглаад байхнээ, саяхнаас ахынхаа гоё гоё номнуудыг эргүүлээд л сонирхож байх юм. Зураг заагаад өөрийнхөө хэлээр шулганадаг болж. Тэгэхээр ээж нь яахав дээ, баярласандаа “цаг нь болохоор” уншиж өгнө гээд нуучихсан байсан хэдэн номоо гаргаж ирлээ дээ!

Үлэг гүрвэл Сонгох болсон шалтгаан a) Хуудас зузаан төдийгүй дотроо зураг нь дэлгэгдэж том болдог, b) Хүрч мэдэрдэг цувралын номын адил зураг бүр өөрийн гэсэн текстуртэй. Хүүхдийн хурууны мэдрэмжийг хөгжүүлэх янз бүрийн овгор товгор хээтэй, зарим гүрвэлийн далавч нь сөдтэй, ам хөдөлдөг гэхмэт сонирхолтой 🙂 Үлэг гүрвэлийн нэрийг хараахан тогтоох болоогүй ч том жижиг гээд хэмжээ, өнгө зэрэг зааж өгөх боломжтой. Үлэг гүрвэлд дуртай хүүхдүүдэд бол заавал авч өгмөөр ном санагдсан шүү!

Хэн лууван иддэг вэ?  Энгийн атлаа хөөрхөн ном. Манай хүү шиг лууван иддэггүй жаалуудад уншиж өгвөл сонирхолтой болов уу.

Пүүх нуугдаж тоглосон нь  Өнгөрсөн жил Монголд Диснейгийн үлгэрүүд монгол хэлнээ албан ёсны эрхтэйгээр худалдаанд гарч эхэлсэн өдөр манайх гэр бүлээрээ нээлтэнд нь очиж нэлээн хэдэн ном авч билээ. Тэр дундаа Винни Пүүхын адал явдлыг өгүүлсэн номнууд бага насны хүүхдүүдэд уншиж өгөхөд агуулгын хувьд тохиромжтой санагддаг.

Adventures with Arlo Танил зураг харагдаж байна уу? Энэ номыг саяхан Сөүл явахдаа авсан юм. Маш хөөрхөн зурагтай, бас тэр урт хүзүүтэй үлэг гүрвэлийг хүүхдүүд гэлтгүй бүгд хараад баярлаад байдаг юм. Хүүдээ авсан уу өөртөө авсан уу гэдэг эргэлзээтэй л дээ 🙂

Харин миний хувьд, яг одоо уншиж байгаа ном бол Рубин Гретхены “Аз жаргалын төсөл”. Хэдэн жилийн өмнө дэлхийн олон оронд бестселлер болсон уг ном монгол хэлнээ хэдийнээ хэвлэгдэн гарсан санагдана. Сонирхоод үзээрэй.

Ингэхэд ээжүүд бага насны хүүхдүүддээ ямар ном уншиж өгч байна? Хүүхдүүд нь ямар номонд дуртай вэ? Ер нь хүүхдээ хэрхэн ном унших дуртай болгосон тухай зөвлөөрэй! 🙂

хэштэг Бидний сонголтномХүүхдийн булан

Сэтгэгдэл үлдээх