close
garchig BI NUUREE

Бяцхан үрс маань төрсөн цагаасаа л эхлэн усанд орж эхэлдэг билээ. Гурван нас гэхэд тэд аль хэдийнэ нүүр гар, шүдээ угаах, үсээ самнах гээд наад захын ариун цэврийн ажлыг хийж чаддаг болсон байна. Гэсэн ч хүүхдээсээ “нүүрээ угаамааргүй байна”,  “шүдээ угаахгүй байж болохгүй юмуу”, “үсээ дахиад самнахгүй ээ” гэсэн үг сонсоогүй ээж гэж бараг байхгүй байх.

Ер нь хүүхэд нүүр гараа угаахаас яагаад татгалзаад байдаг юм бол? Мэдээж янз бүрийн шалтгаан байгаа л байх. Өнөөдөр гол шалтгааныг нь ойлгох гээд үзье.

Шалтгаан #1

Зохион байгуулалт буруу буюу муу. Өөрөөр хэлбэл хүүхэд усанд хүрдэггүй,  өлгүүрээс алчуураа авч чаддаггүй гэхмэт. Энэ тохиолдолд хүүхдэд тохирох буюу эвтэйхэн нөхцөл бүрдүүлж өгөх нь чухал. Тухайлбал:

  • Хүүхэд зогсоод, усанд өөрөө хүрэх хэмжээний тогтвортой сандал буюу суурь тавьж өгөх.
  • Усны температурыг нь тааруулж өгөх.
  • Норгохгүйн тулд хувцасных нь ханцуйг хойшлуулж өгөх.
  • Хүүхдийнхээ гар хүрэх өндөрт алчуурыг нь өлгөх.
  • Хүүхэддээ зориулж жижиг хэмжээний алчуур авч өгөх (том алчуураар нүүр гараа арчих нь хүүхдэд хүндрэлтэй байдгийг томчууд тэр бүр анзаардаггүй).
  • Шүдний оо сойзыг нь хүүхдийнхээ гар хүрэхүйц газар тавь. Өөрсдийнхөө сойзноос тусад нь тавих хэрэгтэй. Тэгэхгүй бол хүүхэд андуураад таны сойзоор шүдээ угаачихаж мэднэ.
  • Ариун цэврийн өрөөнд хүүхэддээ зориулж толь өлгө.

Шалтгаан #2

Яах гэж нүүр гараа байн байн угаадгаа ойлгохгүй байгаа. Тэгээд л хайртай үр чинь саван, ус харахаараа уруулаа унжуулаад байгаа юм. Энэ тохиолдолд яах вэ?

  • Хүн яагаад нүүр гараа угааж, өдөр бүр хоёр удаа шүдээ угаах хэрэгтэйг хүүхэддээ ярьж өгч байгаарай. Шүд угаах ач холбогдолын тухай ярихдаа “шүдээ ёо-ёо болгохгүйн тулд” гэж хэлэх хэрэггүй. Харин тэгшхэн, эрүүл, цав цагаан шүд гоё харагддаг гэж ярих нь зөв.
  • Өөрийнхөө жишээн дээр зааж өгч бай. Хүүхдээ бага байхад нь өөрөөрөө үлгэр жишээ үзүүл. Хамтдаа ванны өрөөнд хөтлөлцөж ороод нүүр гараа угаагаад байвал хэсэг хугацааны дараа хүүхэд чинь биеэ дааж нүүр, гараа угаадаг болно.

Шалтгаан #3

Өдөр бүр нэг янзын “ажил” хийх нь уйтгартай байдаг. Тэгээд л нүүр гараа угаахаас зугтдаг байх. Ийм үед нүүр гараа угаах процессыг хөгжилтэй тоглоом болгож болно. Жишээ нь хүүхэддээ жижигхэн резинен тоглоом өгөөд нүүр, гар, шүдийг нь угааж өгч байхыг хүсээрэй. Мөн нүүрээ угааж байхад нь үлгэр ярьж өгч болно. Харин үргэлжлэлийг нь маргааш ярьж өгнө гэж амлаарай. Ярих үлгэр олдохгүй бол өөрөө зохиосон ч болно шүү дээ.

Шалтгаан #4

Хүүхэд усанд дургүй болох нь олонтаа. Энэ нь усанд орсон нэг таагүй мэдрэмжтэй холбоотой байж мэдэх юм. Жишээ нь, ус хэтэрхий халуун байсан, ханцуйгаа норгосон эсвэл хамарт нь ус орсон, нүдэнд нь саван орсон гээд ямар ч шалтгаан байж болно. Ийм байдалд хүргэхгүйн тулд хүүхэддээ аль болох сайхан мэдрэмж төрүүлэхийг хичээгээрэй. Тухайлбал:

  • Ванны өрөөний хананд усны сэдэвтэй өнгөлөг зураг нааж чимэглээд, усанд тоглох тоглоом бэлэн байлга.
  • Хүүхдэд зориулсан шингэн саван хэрэглэж бай. Нүдийг нь хорсгохгүй, гоё үнэртэй, өнгөлөг хөөрхөн савлагаатай учир хүүхэд баяртайгаар гараа угаах болно.
  • Усны температурт анхаарч бай.

Шалтгаан #5

 

Шүдээ угаах дургүй. Шүдний сойз нь хэтэрхий ширүүн учир буйлыг нь өвтгөдөг эсвэл шүдний оо нь муухай амттай байж магадгүй. Энэ бол шүдээ дахин дахин угаахаас татгалзах түгээмэл шалтгааны нэг. Энэ тохиолдолд:

  • Хүүхдийн зориулалтын буюу буйл гэмтээхээргүй зөөлөн үстэй сойз авч өгч бай.
  • Сойзны бариулд анхаараарай.Хүүхэд барихад эвтэйхэн байх ёстой.
  • Цахилгаан шүдний сойз авч өгсөн ч болно. Сойзны гаргадаг дуу чимээ хүүхдүүдэд их сонирхолтой санагддаг учир дуртайяа шүдээ угаадаг.
  • Хүүхдийн шүдний оо авч өгч бай.
  • Хоёр өөр зурагтай шүдний оо аваад тавь. Нэгээр нь өглөө, нөгөөгөөр нь орой унтахдаа шүдээ угааг.
  • Хүүхэд шүдээ угаахгүй гээд унжигнаад байвал хамтдаа угаагаад, хэн нь хамгийн сайн угаах вэ гэж уралдаарай. Удаан угаасан нь хожино шүү дээ…
  • Бяцхан үрд чинь дуртай дуу бий юу? Тэгвэл нүүр гараа угаах үед нь тэр дууг нь тавьж бай. Хэсэг хугацааны дараа хүүхэд чинь тэр дууг сонсох бүрт нүүр гараа угаах гэж ванны өрөө рүү алхах вий 🙂

Шалтгаан #6

Үс самнахад өвддөг. Хүүхдийн үс маш зөөлөн, нарийхан бөгөөд амархан ширэлддэг. Үсийг нь самнах үед үснээс нь татаж өвтгөх тун амархан. Ийм байдал нэг биш удаа давтагдахад хүүхэд (ялангуяа охид) ээжийгээ үсийг нь самная гэхэд зугатаж, уурлаж эхэлдэг. Зөвлөгөө:

  • Хүүхэд багаасаа өөрийн самаар үсээ самнаж сурах хэрэгтэй. Ээжийнхээ, аавынхаа самаар биш өөрийнхөө. Тиймээс хүүхэддээ зориулж түүнд таалагдах гоё сам авч өгөөрэй.
  • Сам нь мохоо шүдтэй байх хэрэгтэй.
  • Мөн сам худалдаж авахдаа хүүхдийн нас, үснийх нь уртыг тооцоорой. Хэрэв хүүхэд чинь бүр жаахан бол массажны зөөлөн шүдтэй сам илүү зохимжтой. Үсийг нь самнахад массажны тааламжтай мэдрэмж хүүхдэд эерэгээр нөлөөлж, үсээ самнуулах дуртай байх болно. Хэрэв үс нь шингэн бол шигүү шүдтэй сам, харин өтгөн үстэй бол эсрэгээрээ цөөхөн шүдтэй самаар үсийг нь самнаж байгаарай.

 

БУСАД ЗӨВЛӨГӨӨ

  • Хүүхдийн алчуур зөөлөн бас өхөөрдөм хөөрхөн зурагтай байвал их сайн. Боломжтой бол хүүхэддээ тоглоом хэлбэртэй сам, шүдний сойз олж авч өгөөрэй. Дэлгүүр дагуулж яваад өөрөөр нь сонгуулвал бүр сайн. Өөрийнхөө сонгож авсан самаар үсээ самнахдаа хүүхэд дуртай байх болно.
  • Алчуур, сам, сойз гээд бүх зүйл өөрийнх нь байх ёстой. Бяцхан үрээ магтаж байхаа мартаваа! Хүүхдийнхээ оролдлого, чармайлт бүрийг нь онцолж магтах хэрэгтэй. Шүдээ угаасных нь дараа ямар цэвэрхэн шүдтэй болоо вэ гэж магтаарай. Бяцхан ч гэсэн амжилтыг нь магтаж, үнэлсэнд хүүхэд баярлаж, амжилтандаа урамшиж байдаг шүү дээ.
  • Хүчээр нүүр гар, шүдээ угаахыг шаардах хэрэггүй. Тэгвэл таны хүсээд байгаа үр дүнд хүрэхгүй нь ойлгомжтой.Харин ч хүүхэд бүр дургүй болж, үгэнд чинь орохоо байна.
  • Ном унш. Хүүхдийн амьдралд үүсэх нөхцөл байдлын шийдэл, учрыг нь олохгүй байсан асуултын хариу үлгэрт байдаг.
  • Нүүр гараа угааж байхад нь ганцааранг нь үлдээж болохгүй.

Ариун цэврээ сахих дадалтай болоход ээж аавынх нь өдөр тутмын дадал зуршил чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг мартаж болохгүй. Таны үүрэг гэвэл хүүхдэд тааламжтай нөхцлийг л бүрдүүлж өгөх. Нүүр гараа угаах нөхцөл, ариун цэврийн хэрэгслийг нь авч өгөхдөө өчүүхэн ч гэсэн зүйлд анхааралтай хандаж байгаарай.

Хүүхэд бүр өөр. Тэгэхээр та бяцхан үрээ сонс, мэдэр. Нүүр гараа угаахаас татгалзаад байгаа шалтгааны цаана таны хувьд тун амархан шийдчих зүйл байгаа юм биш биз?

Эх сурвалж: “Шинэ Эрүүл Амьдрал” сэтгүүлээс

 

Facebook Comments
хэштэг ЗөвлөгөөХүмүүжилХүүхдийн булан

Сэтгэгдэл үлдээх