close
51cf229ac9660e1890c3136ad6edce5d

Даваа гарагаас бүхнийг шинээр эхлэнэ гэж хойшлуулалгүй өнөөдөр шинэ алхам хийгээд үз!

Бид амьдралдаа хангалуун бус байх шалтгааныг гаднаас хайдаг зантай хүмүүс. Нэг л юм болохгүй байна гэдэг шиг сайхан, аз жаргалтай амьдарья гэтэл заавал нэг садаа байна гэнэ. Тэр нь ааш муутай захирал, таагүй хүрээлэн буй орчин, санхүүгийн байдал гээд тоочвол багагүй зүйл гарч ирнэ. Ер нь бид өөрийгөө өөрчлөхийн оронд шударга бус ертөнцөд гомдоллож суудаг нь үнэн шүү дээ. 

Гэхдээ Та энэ байдлаас гарч, амьдралаа сайн сайхан болгон өөрчилмөөр л байгаа биз дээ? Тэгвэл дараах 10 зөвлөгөөг анхааралтай уншаад аваарай.

  1. Тодорхой болго +Төлөвлө

Та өөрчлөлтөнд бэлэн гэж бодъе. Тэгвэл одоо нэг л энгийн асуултанд хариулаад үз: өөрийнхөө амьдралд та яг юуг нь өөрчилмөөр байгаа вэ? Амьдралд тань яг юу таалагдахгүй байна вэ? Хариултаа цаасан дээр маш тодорхой бич. Үнэн голоосоо хариулахыг хичээгээрэй. Магадгүй та өөрийн хариултанд гайхаж ч магадгүй.

Төлөвлөгөө маш чухал гэдгийг мартаж болохгүй. Үгүй бол та хаашаа явахаа ч мэдэхгүй төөрсөн хэвээр байна.

  1. Биедээ анхаарал тавь

Эрүүл, эрч хүч дүүрэн бие бол аливаа өөрчлөлтийн үндэс суурь юм. Өдөрт хагас цагийг дасгалд зориулахад таны биемахбод дахь эндорфины түвшин хэд дахин нэмэгдэх болно. Эндорфин бол аз жаргал, баяр баясгалан л гэсэн үг шүү дээ.

Шууд марафон гүйх, эсвэл йогын хүнд дасгалаар хичээллэх гэж зүтгэх шаардлагагүй. Өөрт тохирох дасгалын төрлийг сонго. Мэргэжлийн дасгалжуулагчаас тусламж эр.

  1. Өөрийн гэсэн хоббитой бол

Дуртай зүйлээ хийнэ гэдэг аз жаргал гэдгийг мартаагүй биз дээ? Яг одоо цаас аваад, хэрэгжүүлэх цаг зав олдоогүй хүсэл мөрөөдлөө бичээрэй. Бүжиг үү? Гар урлал уу? Эсвэл гэрэл зураг уу? Одоо эдгээрээс алинд нь долоо хоногт 2-3 өдрийг зарцуулахад бэлэн байгаа вэ гэдгээ бодоод, тэрийг үлдээ. Тэгээд тэр хоббигоо хөө. Ингэж байж хобби маань бидний өдөр тутмын зуршил буюу амьдралын нэг хэсэг болдог. Хоббидоо цаг гаргана гэдэг таны ур чадвар нэмэгдэж, мэргэжлийн болохын эхлэл. Шинэ амьдралын эхлэл ч юм билүү?

  1. Мэргэжлийн бол

Та ажилдаа дуртай юу? Тэгвэл Та амьдралд ховор олдох хамгийн үнэнч найзтайгаа учирсан гэж хэлж болно. Хэрэв насан туршдаа сэтгэл хангалуун хийх ажлаа олоогүй бол өөртөө дараах гурван асуултыг тавиад үзээрэй:

  • Цалин мөнгө авахгүй байсан ч хамаагүй хийхээс татгалзахгүй ажил гэвэл юу вэ?
  • Та ямар ажлыг үнэхээр сайн хийж чаддаг вэ?
  • Амарч байхад буйдан дээрээс таныг босгох хүчтэй зүйл юу вэ?

Дуртай ажлаа олсон бол түүндээ мэргэжлийн бол! Цаг үргэлж шинэ мэдээлэл эрэлхийлж суралц, ур чадвар дээшлүүлэх сургалтанд сууж бай, мэргэжлийн ном уншиж бай, салбарынхаа улстай ойрхон харьц, туршлага судалж бай.

  1. Ажлыг дуустал хий

To-do List буюу төлөвлөсөн ажлуудаа нэг нэгээр хийж дуусгахаар улам бүр эрч хүчтэй болдгийг анзаарсан л биз дээ? Жижиг ч гэсэн хагас дутуу орхисон ажил бидний энергийг сорж байдаг. Нэг ажлыг дуусгалгүй дараагийн ажлыг эхлүүлэхэд хүн нэг л тайван бус болчихдог. Дахин дахин эргэн харж, нөгөө дуусгалгүй орхисон ажлаа бодож, санаа зовниж явдаг. Улмаар дараагийн шинэ ажил ч олигтойхон урагшилж өгөхгүй, нэг л явж өгдөггүй. Ажил амжихгүй байгаа юм шиг мэдрэмж төрдөг нь үүнтэй холбоотой. Тэгэхээр дутуу орхисон ажлуудаа сайхан бичээд, нүдэнд харагдах газар өлгөөд аль. Нэг нэгээр нь дуусга. To-do List ээ цэвэрлэ.

  1. Хил хязгаарыг тогтоо

Хүн ганцаараа амьдарч чадахгүй. Энэ хорвоо ертөнцөд хүнд хүн хэрэгтэй байдаг. Гэвч харамсалтай нь бид ихэнхдээ өөрийнхөө ч бусдын хил хязгаарыг давж эвдэж байдаг. Улмаар стрессдэж, асуудал үүсгэж байдаг. Энэ тохиолдолд дараах энгийн алхмууд таны өөртэйгээ болоод бусадтай харьцах харилцааг өөрчлөхөд тус болно. Үүнд:

  • Ичиж зоволгүй өөрт тааламжтай зайг бусдаас барь
  • Яг одоо ажлынхаа болон амралтын өрөөг янзал. Тухтайгаас гадна цэвэр цэмцгэр байх маш чухал.
  • Шаардлагатай үед л бусдаас зөвлөгөө болон тусламж авч бай.
  1. Аялж бай

Ойрхон ч хамаагүй аялалд ганцаар яв. Аялалын тэмдэглэл хөтөлж, өөрийн бодол, тэмдэглэлээ бичиж байгаарай. Энэ нь өөрийгөө чагнаж, өөрийн үнэт зүйлсийг эргэцүүлэн бодоход тустай аж. Замын явцад төлөвлөгөөгөө өөрчлөх боломжийг өөртөө олгож, шинэ хоол идэж, зам зуур нутгийн хүмүүстэй чөлөөтэй сайхан ярилц. Нэг жижигхэн аялал амьдралыг орвонгоор эргүүлж мэдэх юм шүү дээ…

  1. Жижиг ч болов сайн үйл хийж бай

Амьдралаа сайн сайхан болгон өөрчилмөөр байгаа бол өөрийгөө өөдрөг, сайхан бүхнээр хүрээлүүл. Нэг амархан санаа өгье. Самар аваад 12 ширхэгийг халаасандаа хийгээрэй. Таны зорилго бол өдрийн туршид 12 сайн үйл хийх. Настай хүнд зам гарахад нь тусал, төөрсөн хүнд зам зааж өг, ажлынхаа залуусаа магт. Сэтгэл сэргэм нэг сайхан ажил хийх бүртээ нэг самарыг сайн үйлийн үр тарьж байгаа мэт хаяад байгаарай. Гэрийнхэндээ, найз нөхөддөө ямар ч шалтгаангүйгээр бэлэг барих, баярлуулах зэргээр сайн үйлсийн аянаа үргэлжлүүл. Мөд удалгүй таны эргэн тойронд сайн энерги нэмэгдсэнийг анзаарах нь дамжиггүй.

  1. Бүтээгч хүн бол

Өөрийн гараар юу ч хамаагүй хий. Бүтээ. Юу ч хийж болно, гол нь юм бүтээж чадна гэсэн мэдрэмжийг мэдрэх нь чухал. Амьдралдаа өөрчлөлтийн боломжийг оруул. Ингэхийн тулд ажилдаа явах замаа өөрчилж, өдөр бүр шинэ замаар явж үзэхэд хангалттай. Эсвэл шүдээ зүүн гараараа угаагаад үзээрэй. Өглөө ажилдаа гарахын өмнө өнөөх өндөг шарах биш өөр хоол хийж үз. Нэг л мэдэхэд та аль хэдийнэ бүтээгч хүн болж, орон сууцныхаа дизайныг өөрчилмөөр ч юм шиг, ханаа тод өнгөөр будмаар ч юм шиг санагдах вий… Зоригтой бай!

  1. Хамтдаа хөгж

Хэнри Фордын түүхийг мэдэх үү? Түүнийг шинэ хөдөлгүүр нээхэд эхнэрээс нь өөр хүн амжилтад итгээгүй гэдэг. Хожим олон жилийн дараа, алдрын оргилд хүрсэн Фордоос амьдралаа шинээр эхлэх боломж олдвол ямар ажил хийх байсан бэ гэж асуухад тэрээр “Юу ч хийсэн хамаагүй ээ. Гол нь эхнэр минь байхад болно” гэж хариулсан байдаг.

Амьдрал тань хүссэнээр, нааштайгаар өөрчлөгдөж эхлэхэд танд хэн нэгэнтэй туршлагаасаа хуваалцмаар санагдах болно. Тэгвэл тэр хэн нэг нь таны дотны, хайртай хүн нь байгаасай. Тэгэхээр одооноос эхлэн хамтдаа шинэ санаа, төлөвлөгөөгөө ярилц, хамтдаа мөрөөд, хамтдаа суралцаж, бие биенээ дэмжиж, бие биедээ итгэж яв…

хэштэг InspirationЗөвлөгөө

Сэтгэгдэл үлдээх