close
garchig2

Өнөөдөр манай улсад өвчний улмаас нас барагсдын зонхилох шалтгаан нь зүрх судасны өвчин гэдгийг та мэдэх үү?

Бидний идэж ууж байгаа бүхэн эрүүл мэндэд ямар нэгэн нөлөө үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, эрүүл мэнд маань бидний өдөр тутам гаргаж буй энгийн шийдвэр, энгийн сонголтоос хамаардаг гэсэн үг.
Хэрэв сонголтоо зөв хийж чадвал зүрхний эмгэгээс ч урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой гэж эрдэмтэд үздэг. Учир нь зүрх судасны өвчин хоолны дэглэм, бидний амьдралын хэв маягтай шууд холбоотой юм шүү дээ.

Тэгэхээр хэрэв зүрхээ хамгаалахыг хүсч байгаа бол өдөрт ядаж 30 минутыг өөртөө зориулж дасгал хийхээс гадна хоол хүнсэндээ анхаарч дараах 10 хүнсийг хоолны дэглэмэндээ нэмээрэй. Таны зүрхийг төдийгүй бүх биеийн эрүүл мэндийг дэмжих нь гарцаагүй. Гэхдээ ажлын өдрүүдэд гадуур хамаагүй хооллож, тэр дундаа элдэв фаст фүүдээр “занималдсан” гэмээ цайруулан амралтын өдөр л нэг эрүүл мэндээ бодож атга самар идэх бол ёстой үгүй шүү! Супер гэгдэх хүнс нь өдөр тутмын хоолны дэглэмийн нэг хэсэг байж хэмээн буюу бид шим тэжээлийн зөв зохистой баланс бүхий хоолны эрүүл дэглэмийг барьж байж эрүүл хүнс бидний эрүүл мэндийг дэмжинэ гэдгийг мартаж болохгүй.

 

Оливийн тос
Extra Virgin гэх тэмдэглэгээтэйг аваарай. Цэвэр оливийн тосонд сайн холестерин, антиоксидантууд илүү ихээр агуулагдах учир артери судас цэвэрлэх нөлөөтэй.

Хушга самар
Хушга омега-3 тосны хүчил, хүнсний эслэг, фолат зэрэг зүрхний эрүүл мэндийг дэмжих гол аминдэмээр баялаг. Түүнчлэн хушганд судасны эсүүдийг чөлөөт радикалуудаас хамгаалдаг Е аминдэм их хэмжээгээр агуулагддаг.

Хар шоколад
Эпикатехин гэх бодисын нөлөөгөөр какао даралт бууруулах үйлчлэлтэй гэгддэг. Тэгэхээр хэрэв шоколад идмээр санагдвал 70%-с багагүй какаоны агууламжтай шоколад л авч идэхийг зөвлөе. Харин гэртээ нарийн боов хийх эсвэл ундаа, смузи найруулж уух дуртай бол 100%-ийн какао нунтаг олж авбал ёстой хэрэг болно доо.

Авокадо
Ханаагүй тосны хүчил (өөрөөр хэлбэл, сайн холестерин) болон Е аминдэмээр дүүрэн тул энэ жимс цусан дахь холестерины түвшин, цусны бүлэгнэлтийг багасгадаг.

Сармис
Хоол хүнсэндээ сармисыг тогтмол хэрэглэснээр та судас бөглөрөх аюулаас, цаашилбал атеросклероз буюу судасны хатуурлаас ч өөрийгөө хамгаалаад авна. Мөн цусны даралтаа ч  бууруулж чадна. Ерөөсөө л сармисанд агуулагдах олон төрлийн антиоксидантууд зүрх судасны эрүүл мэндийг тэр чигээр нь дэмжиж хамгаалдаг гээд ойлгоход болно.

Нэрс
Бидний амтархан иддэг энэ жимс ресвератрол, полифенол зэрэг зүрх судасны өвчнөөс хамгаалах хүчтэй антиоксидантаар баялаг. Эдгээр антиоксидантууд судас, артерийн ханыг үрэвслийн нөлөөнд гэмтэхээс хамгаалах нөлөөтэй. Харин антоциан гэх антиоксидантын тусламжтайгаар нэрс даралт нэмэгдэхээс сэргийлдэг.

Ногоон цай
Цусны даралт ихсэх үед уухыг зөвлөдөг энэ цайнд цус бүлэгнэхээс сэргийлэх үйлчлэлтэй катехин бодис ихээр агуулагддаг.

Улаан лооль
Улаан лоолинд ликопин гэдэг хүчтэй антиоксидант болон каротиноидууд ихээр агуулагддаг. Эдгээр антиоксидантууд даралт тогтворжуулан, муу холестерины түвшин бууруулж улмаар зүрх судсыг хамгаалдаг.

Хулд, сардин загас
Эдгээр загас нь холестерины түвшин бууруулах, даралт тогтворжуулах, үрэвсэл дарах, судасны дотор товруу үүсэх явцыг удаашруулах нөлөөтэй омега-3 тосны хүчлээр баялаг. Харин анхааруулахад, давс ихтэй учир лаазалсан сардинаас татгалзаж, аль болох “ориг”-оор нь зооглох чухал шүү.

Улаан дарс
Хавдраас сэргийлдэг ресвератрол бодис хар өнгийн жимс болон усан үзмэнд агуулагддаг. Нөгөөтээгүүр Madirans, Cabernet төрлийн дарс цусан дахь холестерины хэмжээг багасгаж, судасны эрүүл мэндийг хариуцдаг процианидин гэх антиоксидантын хэмжээгээр тэргүүлдэг юм шүү. (Аливаа юманд хэм хэмжээ чухал гэдгийг мэднэ, тийм үү?)

хэштэг Супер хүнсЭрүүл мэнд

Сэтгэгдэл үлдээх