close
cover

Миний DIY Wish List буюу өөрийн гараар хийж үзэх зүйлийн хүслийн жагсаалтанд аяга тавгандээр зураг зурж чимэглээд цорын ганц дизайн бүхий аяга тавганы сэттэй болох гэж бий. Уг нь аль дээрээс ийм хүсэлтэй байсан ч одоог хүртэл хэрэгжүүлж чадаагүй нь, ① зурж чадах уу гэсэн эргэлзээ, ② хичээгээд зурдаг, гэтэл нэг угаагаад л арилвал яана гэсэн айдастай шууд холбоотой 🙂

Харин өнгөрсөн долоон хоногт Home-Fix дэлгүүрийн студид шил шаазан дээр зураг зурахыг заана гэхээр шинэ зүйл сурч авахаар хүүтэйгээ хамт очиж сонирхолоо.

За ингээд олон юм ярилгүй шууд мэдэж авсан зүйлээсээ танилцуулъя. Хэрэв та миний адил шилэн аяга, таваг дээр зураг зурж үзэх хүсэлтэй бол танд дараах хэрэгсэл хэрэг болно. Үүнд:

  • Чимэглэх гэж байгаа шилэн аяга (стакан, хундаг г.м)
  • Зориулалтын будаг (энэ Pebeo Porcelaine будаг удахгүй Home-Fix дэлгүүрт худалдаалагдаж эхэлнэ гэсэн)
  • Зургийн бийрнүүд
  • Нойтон болон хуурай салфетк

Процессын хувьд гэвэл маш амархан. Юун түрүүнд та зураг зурах, чимэглэх гэж байгаа шилэн аягаа сайтар цэвэрлээд хатаасан байх хэрэгтэй. За тэгээд, дуртай юм аа зурж болно. Зүгээр тэр чигээр нь будсан ч болно. Би уг нь тайван сайхан бодож байгаад (хичээл 2 цаг үргэлжлэх байв) гоё чамин эд хийе гэж бодож байсан ч санаснаар болоогүй л дээ хэхэх Хажуугийн тоглоомын газарт ах дүүтэйгээ тоглож байсан хүү маань уйдсан уу яасан, нэг уурлаад нэг дуулаад л… Тэгээд л  хүүгийнхээ “шаардлагаар” хичээлээ 20 минутад багтааж орхих болсон тул энгийн нэг ийм л юм хийж амжууллаа

Зөвлөгөө: Зураг зурах үед анхаарах зүйл бол бийрээ усанд огт дүрэхгүй юм билээ. Будгийн өнгөө солих бол салфеткаар бийрээ цэвэрлэхэд л хангалттай. Тэгэхээр дэргэдээ нойтон болоод хуурай салфетк бэлдээд тавьбал хэрэг болох юм билээ.

Будагны тухайд, энэ Pebeo Porcelaine будагаар зурсан аяга тавагыг заавал тусгай зууханд шатаах шаардлагагүйгээрээ их амар санагдсан. Өөрөөр хэлбэл, гэрийн нөхцөлд хэрэглэх боломжтой буюу зурагаа зурсан л бол тэгээд аяга тавагаа 24 цаг өөрөөр нь хатаахад л болох юм билээ. Яахав хурдан хатаамаар байгаа бол печь буюу духовканд хийж болно гэсэн.

За ингээд л боллоо. Амархан байгаа биз?

Та ч гэсэн нэг сонирхоод оролдоод үзээрэй. Зураг зурж чадахгүй гэж эргэлзэж, эмээх хэрэггүй. Би ч гэсэн зураг зурдаг, чаддаг ч хүн биш. Гол нь шинэ юм оролдож үзэх, өөрийгөө сорих нь гоё. Дээрээс нь аливаа юм бүтээх тэрхүү цаг хугацаанд хүн толгойдоо байгаа бүх асуудлаа мартаж, цагийг хөгжилтэй өнгөрөөж, үнэхээр амарч чаддаг юм шүү дээ.

P.S  Хүүдээ чирэгдэн студиээс гарч явахдаа, энэ будагнаас аваад Яг энэ стаканаас нэмж аваад, адилхан будаж чимэглэх, Хос аяга чимэглэх, Шинэ жилийн өнгөгүй тоглоомыг өөрийн хүслээр будаж чимэглэвэл зүгээр юм байна гэж бодчихсон байгаа… 🙂

 Харин Та юу хийж үзмээр байна?

хэштэг DIY

Сэтгэгдэл үлдээх