close
11-garchig zurag

Энэ жилийн намрын сүүлийн сар ингээд эхэлчихлээ. Хоёрхон сарын дараа шинэ жил гэж бодохоор гоё догдолмоор ч юм шиг. Нөгөөтээгүүр, энэ жил ер нь юу хийж амжуулав даа гэж бодогдож эхлэх шиг… За за больё, өнөөдрийнхөө сэдвээс хадуураад яахав 🙂 Би чинь уг нь өнгөрсөн амралтын өдрүүдийнхээ тухай бичих гэсэн юм шүү дээ.

Ингэхэд Та сайхан амарсан уу? Салхинд гарсан биз дээ? Манай гэр бүлийн хувьд, цэвэр агаар, амттай хоол, хөгжилтэй хичээл, массаж гээд тоочвол амралтын өдрүүд үнэхээр сайхан өнгөрлөө. Өөрөөр хэлбэл, би гэдэг хүн шинэ сарыг эрч хүчтэй өнгөрүүлэхэд бэлэн л гэсэн үг! За тэгэхээр дэс дараатай бичээд явья. Ээжүүдэд товч ч гэсэн хэрэгтэй мэдээллийг хүргэе гэж бодож байна 🙂

Салхинд гарсан нь

Хүйтний эрч чангарч, хүүхдүүд маань ч олигтой салхинд гарч чадахгүй, томчууд бид ч гэсэн багагүй цагийг замын түгжрээнд (их хотын хамгийн хортой агаар л гэсэн үг) өнгөрүүлэх болсон учир цэвэр агаар + Д аминдэм хэн хэнд хэрэгтэй байв. Тиймээс амралтын эхний хоёр хоногийг бид гэр бүлээрээ цэвэр агаарт амарч өнгөрүүлэхийг шийдсэн юм. Бидний энэ удаагийн сонголт Хаан Жимс амралтын бааз байлаа.

Товчхондоо гэвэл, хүүхдүүд өдөржин гадаа тоглож, гэрт даарахын зовлонгүй тухалж (гэр нь шалнаасаа халдаг юм байна лээ), өдрийн гурван удаа амттай хоол идэж (хааяа ч бэлэн хоолтой газар амрах шиг сайхан зүйл үгүй шүү тийм ээ 🙂 , харин орой 9 цаг ч болоогүй байхад жижиг томгүй бүгдээрээ цэвэр агаарт “согтож” тасарч унтаад өгсөн дөө… Цэвэр агаар хамгийн шилдэг эм, бас жинхэнэ амралт гэж юутай үнэн…

Амралтын хамгийн том хит нь энэ машин байлаа. Манай гурван залуу хүйтэн салхийг ч үл ажран өдөржингөө энд “рууль” булаацалдаж суухад бэлэн байв.  Тэгээд бодлоо. Лагерийн хашаанд ийм юм хийгээд тавьбал зүгээр л юм байна гэж хэхэ

P.S
Нээрээн, Хаан Жимс найзуудын багцтай болсон байна лээ. Ажлын өдрүүдэд найзуудаараа явбал хөнгөлөлттэй болж байгаа юм шиг байна лээ шүү!

Хүүгийн анхны хөгжмийн хичээл

Даваа гарагт хүү маань Kindermusic with Deni & Friends сургалтын төвийн сурагч болж анхны хичээлдээ явлаа. Шууд хэлэхэд, эх хүний хувьд би хичээлд үнэхээр сэтгэл хангалуун үлдсэн. Багахан хугацаанд багшаас маш их юм ойлгож, зөндөө хэрэгтэй зүйл мэдэж авсан даа.

Харин хүү маань эхэндээ жаал бишүүрхэж байсан ч мөд удалгүй багшийн яриаг анхааралтай чагнаж, хөдөлгөөн бүрийг нь дуурайж, хамт ном уншиж, тоглож, тэгээд бүр хэзээний аятай гитар дарж суув! Нэг цаг нүд ирмэхийн зуур, аягүй зугаатай өнгөрсөн дөө 🙂

Хүүхдийн эрүүл өсөлт хөгжлийн асуудал миний хувьд маш чухал учир удахгүй энэ төвийн тухай, хичээлийн ач холбогдлын тухай дэлгэрэнгүй танилцуулангаа, хүүхдийн хэл ярианы хөгжил, биеийн хөгжил, нийгэмшил, анхаарал төвлөрөлт гээд аав ээжүүдийн сонирхдог сэдвээр тус төвийн үүсгэн байгуулагчтай хийсэн ярилцлагыг хүргэе гэж бодож байна.

Бариа засал + Cleopine

Мөн энэ өдөр (хүүгийнхээ өдрийн унтлагын цагаар) эртнээс очихыг хүсч байсан Чимэжүд эмнэлэгийг зорьлоо. Ойрд ууц нуруугаар өвдөөд, хүзүү бүр хөшөөд байсныг ч хэлэх үү бүтэн биеийн тосон бариа үнэхээр цагаа олсон арга хэмжээ болж, бие минь бүр сайхан хөнгөрөөд ирэв. Бариачийн гар бол гоё супер чанга байсан шүү 🙂 (би чинь зогсоо зайгүй л ёолсон доо, аргагүй л хамаг булчин чангарсан байж).

Цаг хугацааны хувьд ч тэр үнэ ханшийн хувьд ч тэр дажгүй боломжийн санагдсан болохоор завтай үедээ өдөр нэг ухасхийж ирээд бариулчихад зүгээр нэг алжаал тайлаад зогсохгүй сайхан тайвшраад, толгой тархи ч өвдөх нь эрс багасаад зүгээр юм билээ. Энд бариа массажийн ач холбогдолын тухай ярих нь илүүц байх тиймээ?

Харин бүсгүйчүүдэд шинэ сонин дуулгахад, Чимэжүд эмнэлэгт хоргүйжүүлэх физик болоод гоо сайхны эмчилгээтэй юм билээ. Миний сонирхолыг ихэд татсан зүйл бол Cleopine цацлага байлаа. Би чинь нүүрэндээ ботокс гэхмэт элдэв тариа хийлгэж, мэс хүргэхээс айдаг, ер нь л дургүй талын хүн. Харин зүгээр цацна гэхээр болж байгаа биз? Энэ цацлага нь найрлагандаа бидний арьсанд нэн хэрэгтэй уураг, эрдэс бодис агуулж, арьсны гүнд нэвчин орсноор дээд зэргээр чийгшүүлэх, цайруулах, үрчлээ багасгах гэх зэрэг нөлөөтэй гэх юм билээ.

Сүүлийн үед миний арьс ихээхэн хуурайшиж (кофе хэтэрхий их ууж, ус бага уух болсон миний буруу л даа), заримдаа бүр хорсох болсон юм. Дээрээс нь энгэсэг ч аятайхан шингэж өгөхгүй арзайгаад нэг л онцгүй. Энэ мэт учир шалтгааны улмаас, бас сониуч зандаа хөтлөгдөөд бариа хийлгэсний дараа уг цацлагад орж үзлээ. Одоогоор нэг л орсон гэхэд дажгүй үр дүнтэй байх шиг. Арьс илт зөөлөрч, өнгө ороод гоё л байна. Тэгэхээр бүсгүйчүүд сонирхоод үзнэ биз дээ 🙂

Ийн Их эзэн Чингис хаан мэндэлсний 854 жилийн ой, Монгол бахархлын өдөр гээд баяр давхцсан амралтын өдрүүд гэр бүлийн хүрээнд, бас үр дүнтэй сайхан өнгөрлөө. Шинэ сар ч эхэлчихлээ. Бүгд ажилдаа эрч дүүрэн орцгоосон байх. Хичнээн ажил ихтэй байсан ч намрын энэ сүүлийн сарыг хайртай хүмүүстэйгээ дурсамж, аз жаргал дүүрэн өнгөрөөхийг хүсээд нэгэн гоё дуугаар бичвэрээ өндөрлөе. Удахгүй дахин уулзая <3

хэштэг Happy WeekendГэр бүлЛайфстайл

Сэтгэгдэл үлдээх