close
e058e5d73c0102a62a37a604f715babf

Хүйтний эрч чангарсаар, бид байцаа шиг зузаалсаар… Гэрээс байтугай хөнжилнөөсөө ч босмооргүй, өөрөөр хэлбэл бидний хөдөлгөөн эрс багасчихдаг улирал. За, тэгээд өглөө гараад орой харьдаг оффисын ажилтан бол нарыг бараг л үзэхгүй дээ 🙂 Энэ бүхний үр дүнд арьс авах юмгүй хуурайшина… Яах вэ?

Товчоор хариулвал:

  • Боломжийнхоо хирээр хөдөлгөөнөө нэм (өдөр бүр өөртөө ядаж 20 минут гаргаж дасгал хийхийг хичээгээрэй)
  • Биемахбодоо аминдэмээр ханга

Д витамин

Энэхүү аминдэмийг бид нарнаас шууд авдаг учир өвлийн улиралд дутагдалд орох нь гарцаагүй. Д аминдэм эрдэс бодисын солилцоонд оролцож, кальцийг ясанд тогтооход чухал үүрэг гүйцэтгэхээс гадна дархлааны тогтолцоог дэмждэг учир түүний дутагдал шууд мэдрэгддэг. Тэгэхээр Д аминдэмийн нөөцийг хэрхэн нэмэгдүүлэх вэ? Аль болох гадаа гар (хотоос гарвал бүр сайн)! Хоолны дэглэмэндээ сайн чанарын тос нэм, өндөг, мөөг, загас ид.

С витамин

Дархлааг дэмжиж, элдэв нян халдвартай тэмцдэг. Коллаген ялгарах процессд оролцож улмаар арьсыг булбарай зөөлөн, харин ясыг бат бөх байлгана. Түүнчлэн С аминдэм маань антиоксидантын тоонд орох учир зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх нөлөөтэй. Биемахбодыг стрессээс хамгаална. Уг аминдэмийг нөхөхийн тулд хоолны дэглэмэндээ ногоон навчит ногоо түлхүү хэрэглэ, цитрусын төрлийн жимс ид, мөн улаан лооль зэрэг тод өнгийн ногоо сайн идэх хэрэгтэй.

Е витамин

Эд эсийг гэмтлээс хамгаалах хүчтэй антиоксидант. Биемахбодод хүчилтөрөгчийг ухаалгаар ашиглахад тусална. Мөн арьсанд нэн хэрэгтэй витамин гэдгийг бүсгүйчүүд мэдэх байх. Е аминдэмийг хоол хүнсээр болон бэлдмэлийн тусламжтайгаар тогтмол аваад байвал арьс тань хуурайшиж, өнгө алдалгүй өвлийг давах болно шүү. Хоол хүнсний тухайд, наранцэцэгийн үр, маалингийн үр болон самаранд их хэмжээгээр агуулагддаг.  Мэдээж бас загасанд.

Омега-3

Хүний биеорганизмын хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй хэрэгтэй тосны хүчил. Зүрхний эрүүл мэндийг дэмжиж аливаа үрэвслийн процессыг багасгах, мэдрэлийн системийн үйл ажиллагааг сайжруулах, стресс хямралтай тэмцэхэд тус дэм болох, дааврын балансыг тэнцвэржүүлэх, арьсыг эрүүлжүүлэх нөлөөтэй. Хүний биемахбод омега-3 тосны хүчлийг өөрөө синтезжүүлж чаддаггүй тул гаднаас авахаас өөр аргагүй билээ. Тэгэхээр долоо хоногт ядаж 1 удаа загасны мах зооглож бай. Мөн салат зуушиндаа маалингийн үр, чиа үр цацахад хангалттай.

Төмөр

Төмөр нь хүйтний улиралд хүний дархлааг дэмжээд зогсохгүй богиноссон өдрүүдийг даган буурах эрч хүчийг ч нэмээд өгдөг. Бүх эрхтэнд хүчилтөрөгчийг хүргэж тэдний үйл ажиллагааг дэмждэг маш чухал аминдэм тул түүний дутагдалд орохгүй байх маш чухал юм. Ногоон навчит салатанд хулууны үр нэмэх, самар, хатаасан жимс (чавга, үзэм) болон шош буурцагны төрөл зүйлийг хоолондоо нэмсэнээр төмрийг нөхөж болно. Мөн аминдэмийн бэлдмэлдүүд ч цөөнгүй бий.

Цинк

Хүний биемахбодод цинк маш чухал антиоксидантын үүргийг гүйцэтгэдэг. Тодруулбал тэрээр чөлөөт радикалуудын улмаас үүссэн гэмтэлтэй тэмцэхээс гадна дааврын тогтолцоог тэнцвэржүүлж,  дархлаа болон хоол боловсруулах эрхтний тогтолцоог эрүүлжүүлж дэмждэг. Цинкийн дутагдалд орсон хүн хурдан ядарч, юм л бол өвдөх гээд байдаг. Танд гэж зөвлөхөд цагаан гаатай цай ууж байгаарай. Дулаацаад авах төдийгүй цинкийг нөхөх боломжтой юм шүү. Хүнсний бүтээгдэхүүнээс бууцай, буурцагны төрөл зүйл, хулууны үр, самар, өндөгний шар, бүхэл үр тарианы талх, овъёос нь  цинкээр баялаг тул эдгээр хүнсийг хоолны дэглэмэндээ нэмээрэй.

Фолийн хүчил

Фолийн хүчил буюу В9 витамин нь тархины хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Нөгөөтээгүүр, хүний ааш занд нөлөөлөх хүчин чадалтай гэгддэг тул хангалттай нөөцтэй байх бол та өвлийн стрессээс өөрийгөө хамгаалж чадна аа л гэсэн үг. Фолийн хүчлийн дутагдалд орохгүйн тулд өдөр тутмын хоол хүнсэндээ нөгөө л ногоон навчит ногоо, брокколи байцаа, буурцагны төрөл зүйл, авокадо, самар нэмээрэй.

Энэ бүхнээс харахад, өвлийн улиралд хоолны дэглэмэндээ илүүтэйгээр анхаарч, шим тэжээллэг, чанартай, баланс сайтай хооллох чухал байгаа биз? Өвлийг өвчин эмгэгүй, сэргэлэн цовоо, аз жаргалтай өнгөрүүлэх нь танаас л шалтгаална 🙂 Танд эрүүл энхийг хүсье!

хэштэг АминдэмЭрүүл мэнд

Сэтгэгдэл үлдээх