close
20170313_093201

Хэдийнээ тогтсон дадал зуршлыг нэг өдрийн дотор өөрчилж, засна гэж үгүй. Үүнд багагүй цаг хугацаа болон тогтмол хийх тэвчээр, хөдөлмөр шаардлагатай. Хэрэв та амьдралаа өөрчилмөөр байгаа бол багаас эхэл. Тэгээд тэрийгээ зүгээр л өдөр бүр хийгээд бай. Өдөр бүр шүдээ угаадаг шиг л энгийн арчилгаа мэт ханда. Өөрийнхөө төлөө авч буй арга хэмжээ, өөртөө оруулж буй хөрөнгө оруулалт гэж бод…

Юуны өмнө яагаад амьдралаа өөрчилмөөр байна вэ гэж өөрөөсөө асуугаад үзээрэй. Миний хувьд, нас явж байна. Анхны хүүхэдээ хожуу гаргасан эх хүний хувьд, бас дахин хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй яваа эмэгтэй хүний хувьд, үр хүүхдүүдээ том болтол нь дэргэд нь эрүүл саруул явчихмаар л байна шүү дээ. Хүүхдүүдтэйгээ энэ дэлхийгээр аялах мөрөөдлөө биелүүлэхийн тулд бие минь эрүүл байх хэрэгтэй байна…. Шулуухан хэлэхэд, хөшиж, өвчинд ороогдож биш харин сайхан хөгширч үхмээр байна хэхэх Харин та яагаад амьдарлаа өөрчилмөөр байгаа вэ?

Ярих яахав, хамгийн хэцүү нь эхлэх. Яг одоо эхлэе, тэгэх үү? Тэгэхээр танд өөрийн муу дадал зуршлуудаасаа салахад, амьдралын хэв маягаа бага ч болов эрүүл болгоход туслах энгийн зөвлөгөө хүргэе. Магадгүй хүн бүр мэднээ гэж хэлж магадгүй ч үнэн хэрэгтээ бид тэр бүр амьдралдаа хэрэгжүүлж чаддаггүй маш энгийн зүйлс. Ядаж эднийг өөрийн дадал зуршил болгосон байхад хэдүүлээ алзахгүй ээ 🙂

     1. Цэвэр ус уух

Healthy Mama Project –ын маань эхний сарын гол зорилт бол уух усны хэмжээг нэмэх. Угаас ус, кофеноос өөр юм бараг уудаггүй хүний хувьд ядаад байх юмгүй зорилт мэт боловчиг сүүлийн үед ус уухын оронд аягандаа кофе хийчихсэн суудаг болж. Тэгээд анзаараад байхнээ, өдөрт литр ч хүрэхгүй ус уугаад байх шиг. Сүүлийн үед арьс минь дэндүү хуурайшиж байгаа нь ч үүнтэй холбоотой байж мэдэх…

Тэгэхээр усны хэмжээг нэмэцгээе. Мэдээж ус бага уудаг, эсвэл бараг уудаггүй хүний хувьд шууд нөгөө алдарт 2 литрыг ууна гэдэг бол амаргүй даваа. Энэ тохиолдолд өөрийгөө хүчлэх ер хэрэггүй. Зүгээр л санах бүртээ ус ууж байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг юм билээ. Харин өөртөө байнга сануулж байх зорилгоор цаасан дээр “Усаа уугаарай” гэж бичээд компьютерийн дэлгэцнээсээ авахуулаад хаа сайгүй наачихаж болно. Миний шийдэл бол ① Өглөө сэрмэгц нэг том стакан бүлээн ус уух, ② Ажил дээрээ компьютерийн хажууд устай шилэн сав тавьсан ба түүгээр өдрийн туршид 2 ч удаа уугаад байгаа шүү.

     2. Хэлээ цэвэрлэж бай

Шүдээ хичнээн сайн угааж, элдэв тусгай шингэнээр амаа зайлсан ч хэлээ цэвэрлээгүй бол амнаас муухай үнэртдэг. Хэрэв таны хоолой байнга өвддөг бол тэр тусмаа хэлээ тогтмол угааж байх хэрэгтэй гэдэг юм билээ шүү!

Хэлээ цэвэрлэхийн ач холбогдолыг товчхон нэрлэвэл:

  • Амны хөндийд элдэв өвчин үүсгэх эрсдэлтэй их хэмжээний нян бактерийг устгана
  • Муухай үнэр арилна
  • Хоолны амт мэдрэх мэдрэмж сайжирна
  • Хэлэнд даралт /массаж/ өгснөөр дотор эрхтний үйл ажиллагаа сайжирна

Миний хувьд, өглөө шүдээ цэвэрлэсний дараа хэлээ угаах дадалтай болоод удаагүй ч ихэд таалагдаж байгаа шүү. Ам үнэхээр цэвэрхэн болсон мэт мэдрэмж төрдөг. Магадгүй ойлгомжтой зөвлөгөө байх л даа, гэхдээ сануулахад илүүдэхгүй байх à Шүдээ угаадаг сойзоороо хэлээ битгий угааж байгаарай даа! Хэл угаадаг зориулалтын хэрэгсэл олоод аваарай.

P.S Нялх хүүхдийн хэлийг бид цэвэрлэдэг биз дээ? Тэгвэл яагаад өөрийнхөө хэлийг өдөр бүр цэвэрлэж болохгүй гэж?!?

     3. Өглөөг нимбэгтэй усаар эхлүүлж бай

Энэ арга таныг сэргээгээд өгөх төдийгүй хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг тань сайжруулаад өгнө. Нимбэг хэдийгээр исгэлэн амттай ч түүний шүүс нь биемахбод дахь шүлтлэгийн балансыг тогтворжуулж, улмаар хор гадагшлуулах үйлчилгээтэй. Дээрээс нь нимбэгтэй ус жин хасахад тусалж, цусыг ч цэвэрлэх үйлчилгээтэй тул арьс эрүүлждэг юм шүү дээ. Нимбэгэнд агуулагдах С витамин бол дархлаа дэмжих №1 аминдэм.

Сүүлийн үед эрүүл мэнд, вэлнесстэй холбоотой сайт болгон дээрээс ийм зөвлөгөөг харж болно.Үнэхээр ач хобогдол ихтэй болоод л ийн зөвлөөд байгаа байлгүй дээ, тийм үү? Тэгэхээр та ч гэсэн өглөө бүлээн усанд нимбэгний шүүс шахаад уух зуршилтай болоод аваарай (хэрэв шүд нь ямар нэг шалтгааны улмаас янгинадаг буюу хэт мэдрэг бол шүдээ угаахын өмнө нимбэгтэй ус уугаад үзээрэй). Хэрэв нимбэгний амт танд хүчтэй санагддаг бол жаахан зөгийн бал нэмж болно. Энэ тохиолдолд усны температурт анхаараарай. Учир нь халуун усанд зөгийн бал хийвэл хамаг аминдэм нь үгүй болно шүү дээ.

     4. Гаазтай ундаанаас татгалз

Кока-кола гэхмэт гаазтай ундааны тухай зүгээр л март. Найрлагад нь их хэмжээний элсэн чихэр, кофеинаас гадна Е155, Е290, болон биемахбодоос кальцийг гадагшлуулж, бөөрөнд чулуу үүсэх эрсдэлийг нэмдэг Е338 агуулагдаж байдаг. Ерөөсөө л гаазтай ундааны ач тус, сайн юм гэж үгүй. Оронд нь ус ууж сур 🙂

     5. Сайн унтаж бай

Хэрэв та хангалттай цагаар сайн унтаж чадахгүй байгаа бол эрүүл амьдралын хэв маягийн тухай яриад ч хэрэггүй. Яагаад гэвэл (ялангуяа бүсгүйчүүд бидний хувьд) чанартай сайн нойрноос бидний ааш зан, гоо сайхан, эрүүл мэнд шууд хамааралтай байдаг.

Сайн унтахад тань туслах хамгийн энгийн зөвлөгөө гэвэл :

  • Аль болох тогтмол нэг цагт унтаж, нэг цагт босож сур
  • Унтахаас 2 цагийн өмнөөс эхлэн утас, компьютераа унтрааж тархиа амраа. Хэрэв орой үдэш суух ажилтай бол компьютерийн гэрлийн хорыг багасгадаг аппликэйшн татаж авахыг бодоорой.
  • Өдрийн турш оффисд сууж ажилладаг танд гэж зөвлөхөд 30 минут ч болов гадаа гарч нарны илчийг мэдэрч жаал алхаж байгаарай. Сүүлийн үеийн судалгаагаар байгалийн гэрэл хүний биологийн цагийг зөв горимд оруулж, улмаар эрт унтаж эрт сэрэхэд ихээхэн тусалдаг гэдэг нь батлагдсан байна лээ шүү!

Эцэст нь, Эрүүл мэнд бидний өдөр тутам гаргадаг энгийн шийдвэрээс хамаардаг гэдгийг ямагт санаж яваарай. Хэдийнээ тогтсон муу дадал зуршлыг өөрчлөх хэцүү ч бүрэн боломжтой. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж сайхан үг бий шүү дээ. Эрүүл амьдралын төлөө хийж буй алхамд тань амжилтыг хүсье.  

хэштэг HealthyMamaProjectProjectЗөвлөгөөЭрүүл мэнд

1 Comment

Сэтгэгдэл үлдээх