close
garchig

Нүд ирмэхийн зуур л нэг сар дуусчих юм. Өөрийн дадал зуршилаа бага багаар сайжруулан өөрчилж, улмаар эрүүл мэнддээ анхаарах зорилгоор өнгөрсөн сард эхлүүлсэн Healthy Mama Project –ын маань эхний сар ийн дууслаа

Эхний сарын зорилт маань:

  • Ус сайн уух
  • Аминдэм тогтмол уух
  • Биеийн тамирын дасгал хийж эхлэх гэж байлаа.

Гучин хоногт маш их зүйлийг амжуулж болох ч нөгөөтээгүүр бас бага хугацаа юм. Тиймээс энэ дөрөвдүгээр сард өмнөх сард өмнөө тавьсан зорилтуудаа хаялгүй үргэлжлүүлэх болно. Ингэж байж амьдралын дадал зуршил болж хэвшинэ байх, тийм үү?

Ер нь өнгөрсөн сарын үр дүнгээ товч дүгнэхэд гол зорилт маань харин сайн биелсэн шүү. Өглөө сэрмэгц нэг стакан ус ууж, өдрийн туршид ямартаа ч 1,5 литрээс багагүй хэмжээний ус уусаар байна. Усны хэмжээ нэмэгдсэнээс болж ашгүй кофе маань жаахан багасаад ирсэн шүү! Энэ янзаар бол кофег өдөржингөө биш харин зөвхөн үдээс өмнө уух дэглэмд орох шинжтэй. Кофегоо багасгах зорилготой байсан болохоор харин ч амжилттай эхлэл гэж өөртөө дүн тавьлаа 🙂

Аминдэм, витамины тухайд, би ер нь эм тан уухдаа нэн тааруу хүн л дээ. Өөртөө зорилт тавьсных ядаж нэг витамин тогтмол уухыг хичээлээ. Олон витамин дундаас миний сонгосон нь магни байв. Нэг сар уугаад анзаарсан зүйл бол ёстой л нам унтаад, өглөө харин овоо сэргэг, хөнгөн босоод байх шиг… Тайвшруулах, нойр сайжруулдаг үйлчилгээтэй гэхээр магнийн л нөлөө байхдаа? Дөрөвдүгээр сард магни дээрээ нэмээд В бүлгийн витамин болон Омега-3 уухаар нэмж байгаа.

За, өнгөрсөн сарын зорилтоос үнэхээр хэрэгжээгүй, цаг гаргаж чадаагүй зүйл бол дасгал байлаа. Тэгэхээр энэ дөрөвдүгээр сарын Healthy mama Project –ын маань гол зорилт, бас чэлленж  бол хөдөлгөөнөө нэмэх буюу фитнесээр хичээллэх байх болно. Өмнөх сардаа хэрэгжүүлж чадаагүй гэсэндээ ч биш. Сүүлийн үед өдөржингөө компьютерийн ард сууж, хөдөлгөөн эрс багассаных жин жаахан нэмээд байна оо. Гэтэл мөд удалгүй зун цаг… Бас хүзүү нуруу өвдөөд, янзгүй шүү. Нөгөө хөшиж үхэх вий гэдэг нь болох вий дээ хэхэ Тэгэхээр ерөөсөө өнөөдөр зааланд очиж бүртгүүллээ 🙂 Амлаж байна!

Товчхондоо ийм. Харин та энэ сард юунд анхаарч, өмнөө ямар зорилт тавьсан бэ? Фитнесээр хичээллэж эхлэх гэж байна уу эсвэл дасгалаа эрчимжүүлж байна уу? Та турах зорилготой байна уу эсвэл над шиг биеэ чангалахыг хүсч байна уу? Хэрэв танд тодруулж мэдэхийг хүсдэг зүйл бий бол коммент үлдээгээрэй. Блогоороо дамжуулж чадлаараа туслахыг хичээнээ би. За амжилт, бүсгүйчүүдээ!

хэштэг HealthyMamaProjectЭрүүл мэнд

Сэтгэгдэл үлдээх