close
Garchig vitamin

Намар гэхээр ханиад томуу л бодогдож байгаа биз? Аргагүй шүү дээ, цэцэрлэгт яваа үрс маань аль хэдийн ханиад хүрэн эдгэрч, дахин хүрсээр, нусаа татсаар энэ намрыг өнгөрөөж байгаа билээ. Хүүхдийн ханиадны тухайд, хүндрүүлэхгүй л бол асуудал биш гэсэн үзэлтэй хүн л дээ би. Эмчийн зааврын дагуу эмийг нь яг цагт нь өгч, өдөр бүр салхинд гаргаад байвал болно доо. Хүүхэд жилдээ хэдэн ч удаа билээ дээ ханиад хүрэх “ёстой” гээ биз дээ хэхэх.

За сэдвээсээ халиад яахав. Хэрэв та санаж байгаа бол өнгөрсөн хавар би эмэгтэйчүүд бидний уувал зохих аминдэмийн тухай бичиж байсан. Тэгээд энэ сэдвээ үргэлжлүүлээд, намрын улиралд ямар аминдэм хэрэгтэй тухай товчхон бичье гэж бодлоо. Хэрэгтэй юу? 🙂

  1. Мультивитамин буюу аминдэмийн комплекс

Мультивитамины комплекс ер нь амар л даа. Ганц ширхэгийг уугаад л болоо, тийм ээ? Би хувьд, витамины комплексыг байнга уугаад байдаггүй. Өөрөөр хэлбэл, жилд 1-2 удаа ууж, харин бусад үед өөрт шаардлагатай аминдэмийг авахыг илүүд үздэг.

Давуу тал: Сайн найрлагатай мультивитамины комплекс хүний аминдэмийн хэрэгцээг нөхөж, дархлаа дэмжихээс гадна стрессыг даван туулах чадварыг нэмэгдүүлэх нөлөөтэй.

Анхаарах зүйл: Найрлагад нь хүнд хэрэгтэй бараг бүх аминдэм байх ч зарим нэг аминдэм арай бага тунгаар агуулагдсан байх нь элбэг гэдгийг санахад илүүдэхгүй. Жишээ нь кальцийг хүний өдөрт авах шаардлагатай тунгаар хийе гэхээр ширхэг витамины хэмжээ том болох гээд байдаг гэсэн тайлбартай би таарч байсан. Тиймээс аливаа витамин худалдаж авахаас өмнө найрлагыг нь сайтар үзэж харж байх нь зүйтэй санагддаг. Тун багатай, өөрөөр хэлбэл урт хугацааны туршид уух зориулалттай мультивитамины комплекс байж магадгүй шүү дээ.

  1. Д витамин

Монголын нөхцөлд хүүхэд томчуудгүй бүгд жилийн туршид заавал уух шаардлагатай аминдэм бол нөгөө алдарт Д витамин юм. Зун цагт хүртэл ууж бай гээд байхад намар өвлийн тухайд уг нь сануулах нь ч илүүц байх.

Давуу тал: Д витамин нь хүний стресс, ядаргааг даван туулах чадварыг нэмэгдүүлж, дархлаа сайжруулах нөлөөтэй. Эмэгтэйчүүдийн хувьд дааврын балансыг тэнцвэржүүлэх зорилгоор, мөн үсний уналтад уух заалттай гэгддэг.

Анхаарах зүйл: Хэрэв ээж аав, настай эмээ өвөө нь Д витамин уух гэж байгаа бол тун нь арай их буюу дунджаар 800IU байна шүү /70-с дээш насныханд зөвлөдөг тун/.

  1. Омега-3

Мэдрэлийн систем, эрүүл арьс, дархлаанд зайлшгүй хэрэгтэй аминдэм бол омега төрлийн хүчлүүд аж. Монголчуудын дийлэнхи нь далайн бүтээгдэхүүнийг байнга идээд байдаггүй учир омега хүчлийн дутагдалтай гардаг.

Давуу тал: Мэдрэлийн системийн эрүүл мэндийг дэмжих, сэтгэл гутрал, стрессээс хамгаалах, үрэвсэлт өвчин анагаах, хавдраас урьдчилан сэргийлэх нөлөөтэй. Мөн тархины үйл ажиллагааг сайжруулах, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор омега-3 хүчлийг уухыг зөвлөдөг. Мэдээж загас идэж болох ч усны бохирдол, хаанахын загас гээд л  энэ тэрийг бодохоор ч 🙁 Мөрөөрөө баталгаатай брендын омега-3 аваад уух нь өлзийтэй биз дээ…

Анхаарах зүйл: Эрүүл мэндийн шаардлага хэрэгцээнээс хамаарч уух тун янз бүр байх ч эрүүл хүний хувьд, EPA болон DHA –ийн өдрийн авах нийт тун 500 – 1000 мг байхад хангалттай гэж зөвлөдөг. Омега-3 хүчил нь эрүүл мэндэд айхтар сөрөг нөлөөгүй ч цус шингэлэх, бага зэрэг даралт бууруулах үйлчлэлтэй тул тун хэтрүүлэхгүй байхад анхаарах нь зүйтэй.

——–

Товчхондоо бол ийм л байна. Хэрэв ойрдоо их ядраад байвал энэхүү суурь гэж хэлж болох аминдэмдээр нэмээд В бүлгийн витамин, хүн орхоодойн бэлдмэлүүдээс нэмж ууж болно. Мэдээж хүн хүний биемахбод өөр, эрүүл мэндийн байдал ч өөр. Тиймээс хүний ууж байгааг дуурайж авч уух бус, харин өөрийн биемахбодын хэрэгцээнээс улбаалан аминдэмийг сонгож авч сурах хэрэгтэй. Үүнд танд эмч туслахаас гадна лабораторийн шинжилгээгээр өөрт тань ямар эрдэс бодис дутагдаж байгааг мэдээд авсан байхад их хэрэг болно.

За, эрүүл энх аз жаргалыг хүсэн ерөөж өнөөдрийн бичвэрээ жаргаая даа

Сэтгэгдэл үлдээх