close
Эрүүл мэнд

БЗДХ-ын тухай товч. Таны заавал мэдэж байх зүйл.

rehost2016913ae9a6e34-a168-4e00-9008-fcd3556366ee

БЗДХ гэж юу вэ?

Хамгаалалтгүй буюу бэлгэвчгүй хавьталд орох үед халдварт өвчний зарим үүсгэгч эрэгтэй хүний үрийн шингэн, эмэгтэй хүний үтрээний шүүрлээр дамжиж эрүүл хүнд халдварладаг. Ингэж тархдаг өвчнийг бэлгийн замаар дамжих халдвар гэнэ. 

  • Заг хүйтэн

Заг хүйтэн нь нянгаар үүсгэгдэж, шээс, бэлэг эрхтний салст бүрхэвчийг гэмтээдэг бэлгийн замын халдвар юм.

Халдвар дамжих зам:

  • Халдвартай хүнтэй хамгаалалтгүй буюу бэлгэвчгүйгээр бэлгийн хавьталд орох үед
  • Халдвартай эхээс төрөх үед нярайд

Шинж тэмдэг: Өвчний нууц хугацаа нь эрэгтэйд 2-5 хоног, эмэгтэйд 5-10 хоног байна. Эрэгтэйчүүдэд шээсний сүвээр загатнах, идээ гарах, хорсох, шээхэд өвдөх зовиур илрэнэ. Харин эмэгтэйчүүдэд шинж тэмдэг бүдэг илрэх ба үүнд бэлэг эрхтэн орчим эвгүй оргих, загатнах, бага хэмжээний салсархаг идээрхэг ялгадас гарна.

Хүндрэл, үр дагавар: Эмчилгээ хийлгэхгүй тохиолдолд эрчүүдэд түрүү булчирхай, төмсөгний дайврын үрэвсэл үүсэх, үргүйдэлд хүргэх эрсдэлтэй. Харин эмэгтэйчүүдийн хувьд аарцгийн хөндийн эрхтний архаг өвдөлт, үргүйдэл, умайн гадуурх жирэмслэлт үүсгэж болно.

Заг хүйтэн өвчтэй эхээс нярайд халдвар дамжих тохиолдолд нярайн нүдний салстын үрэвсэл үүсэх аюултай. Энэ нь хүүхдийн нүдний эвэрлэгийг гэмтээж, сохрох аюултай!

  • Тэмбүү

Тэмбүү нь нянгаар үүсгэгддэг, архаг даамжрах явцтай, олон эрхтэн системийг гэмтээдэг, халдвартай эхээс урагт дамжих аюултай бэлгийн замын халдварт өвчин юм.

Халдвар дамжих зам:

  • Тэмбүү өвчтэй хүнтэй хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох
  • Халдвартай жирэмсэн эмэгтэйгээс урагт
  • Халдварлагдсан цус, цусан бүтээгдэхүүн, зүү тариураар

Шинж тэмдэг: Халдвар авснаас 3 долоон хоногийн дараа бэлэг эрхтэн дээр хатуу яр гарна. Энэ үед ойролцоох тунгалгийн зангилаа цочиж томроно. Хатуу яр нь эмзэглэлгүй, нүдэнд ил харагдахгүй үтрээ, умай хүзүү зэрэг газар гарсан тохиолдолд эмэгтэйчүүд шинж тэмдгийг анзааралгүй өнгөрөөх нь олонтаа.

Хүндрэл, үр дагавар: Үе шатанд нь тохирсон эмчилгээ хийлгээгүй өнгөрсөн тохиолдол өвчин даамжирч, дараагийн шатанд орно. Харин өвчин эхээс урагт халдсанаас ураг зулбах, дутуу төрөх, жин багатай, амьгүй хүүхэд төрөх, төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх, нярай эндэх зэрэг хүндрэлд хүргэдэг.

  • Хламиди

Хламиди гэж нянгаар үүсгэгддэг бэлгийн замын халдвар юм.

Халдвар дамжих зам:

  • Халдвартай хүнтэй хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох
  • Халдвартай жирэмсэн эмэгтэйгээс нярайд төрөх үед

Шинж тэмдэг: Ихэвчлэн шинж тэмдэггүй тохиолддог. Халдвартай хүнтэй бэлгийн харьцаанд орсноос хойш 10-15 хоногийн дараа шинж тэмдэг илрэнэ. Үүнд, эрэгтэйд шээсний сувгаас багахан салсархаг ялгадас гарах, шээсний сүв орчим загатнах, шээх үед хорсож өвдөнө. Эмэгтэйд бэлэг эрхтэн орчим загатнах, бэлгийн хавьтлын үед өвдөх, умайн хүзүүнээс салсархаг идээрхэг ялгадас гарна.

Хүндрэл, үр дагавар: Эмчлээгүй тохиолдолд эмэгтэйчүүдэд умай, өндгөвч, умайн гуурсан хоолойн үрэвсэл, умайн гадуурх жирэмслэлт, үргүйдэлд хшргэх бол эрэгтэйчүүдэд түрүү булчирхай, төмсөгний үрэвсэл, үргүйдэлд хүргэх аюултай.

  • Трихомониаз

Шимэгчээр үүсгэгддэг бэлгийн замын халдвар юм.

Халдвар дамжих зам: Халдвартай хүнтэй хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох.

Шинж тэмдэг: Халдвар авснаас хойш 10-15 хоногийн дараа шинж тэмдэг илрэнэ. Үүнд эрэгтэйд бэлэг эрхтэн орчим загатнах, хорсох зовиуртай, их хэмжээний шингэн, ногоовтор буюу шаргал өнгийн хөөсөрхөг ялгадас гарна. Эмэгтэйд ихэвчлэн шинж тэмдэггүй явагдах ба цөөн тохиолдолд шээхэд хорсох, өвдөх, загатнах, бэлгийн хавьтлын дараа хорсох, шээсний сувгаас бага зэрэг салсархаг ялгадас гарна.

Хүндрэл, үр дагавар: Эрэгтэйд түрүү булчирхай, төмсөгний дайвар, үрийн цулцангийн үрэвсэл, эмэгтэйчүүдэд умай, умайн гуурсан хоолой, өндгөвчний үрэвслээр хүндрэх эрсдэлтэй.

  • Бэлгийн үү

Хүний паппиломын вирүсээр үүсгэгддэг бэлгийн замын халдвар юм.

Халдвар дамжих зам: Бэлгийн замаар дамжин халдварлана.

Шинж тэмдэг: Халдвар авснаас 1-8 сарын дараа шинж тэмдэг илэрнэ. Эрэгтэйд шодой, хуухнаг, шээсний сүв, хошногоны амсар орчимд, харин эмэгтэйд гадна бэлэг эрхтэн, үтрээ, умайн хүзүү, хошногоны амсар болон шээсний сүвний орчим арьс салст дээр цэцэгт байцаа маягийн үү ургацаг гарна.

Хүндрэл, үр дагавар: Хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй.

  • ХДХВ/ДОХ

Хүний дархлал хомсдолын вирус /ХДХВ/ нь дархлалын тогтолцоог дарангуйлснаар бие махбод аливаа халдвартай тэмцэх чадваргүй болж дархлалын олдмол хомсдол /ДОХ/-ыг үүсгэдэг.

ХДХВ дамжих зам:

  • Хамгаалалтгүй буюу бэлгэвчгүй бэлгийн харьцаанд орох
  • Зүү тариурыг дамжуулан хэрэглэх, ариутгаагүй багаж хэрэгсэл ашиглан шивээс, цоолбор хийлгэх
  • Халдвартай цус, цусан бүтээгдэхүүн ашиглах
  • ХДХВ-ийн халдвартай эхээс төрөх, төрсний дараа хөхний сүүгээр хүүхдэд халдвар дамжина

ХДХВ дамжихгүй зам: Гар барих, тэврэлдэх, ханиах, найтаах, үнсэлцэх, хоол хүнс, аяга таваг, сав суулга дамжуулан хэрэглэх, бассейн, халуун ус, бие засах газар хамт орох, шумуул зэрэг шавьжинд хазуулах, ХДХВ-ийн халдвартай хүнтэй нэг дор ажиллах, амьдрахад зэрэг тохиолдолд ХДХВ дамжихгүй.

Шинж тэмдэг: Халдвар авсан ч эхэн үедээ буюу 3-6 сарын хугацаанд ХДХВ-ийн шинж тэмдэг илрэхгүй.

 

Яагаад урьдчилан сэргийлэх шинжилгээ өгөх хэрэгтэй вэ? 

  • Бэлгийн замаар дамжих халдвар, тэр бүү хэл ХДХВ/ДОХ өвчин нь эхэн үедээ ямар ч шинж тэмдэг, зовиургүй байх нь олонтаа тул залуучууд халдвар авсан эсэхээ мэдэхгүй явсаар өвчнийг даамжруулан хүндрүүлдэг
  • Эрт оношлох бол бэлгийн замаар дамжих халдварыг хурдан бөгөөд бүрэн эмчлэх боломжтой
  • Эрт үеийн эмчилгээ илүү хөнгөн, зовиур багатай, мөн санхүүгийн хувьд ачаалал бага байна

Та БЗДХ-ын шинжилгээг харьяа дүүргийнхээ Эрүүл Мэндийн нэгдэлийн ДОХ/БЗДХ-ын кабинет, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн Улаан Тууз зэрэг эмнэлгүүдэд өгч болно.

 

Бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх арга:

  • Тэвчих
    Гэр бүлээс гадуурх бэлгийн харилцаанаас татгалзах буюу тохиолдлын бэлгийн харьцаанд орохгүй байх нь БЗДХ, ХДХВ/ДОХ –оос 100% хамгаалах хамгийн найдвартай арга мөн.
  • Бэлгэвч
    Бэлгийн харьцаанд орох бүртээ бэлгэвчийг тогтмол, зааврын дагуу зөв хэрэглэх нь БЗДХ, ХДХВ/ДОХ-оос 99% -ийн магадлалтай хамгаална.
  • Үнэнч байх
    Хосууд бие биедээ харилцан үнэнч байх буюу бэлгийн үнэнч нэг хавьтагчтай байх нь БЗДХ, ХДХВ/ДОХ авах эрсдэлийг бууруулна.
  • Шинжилгээнд хамрагдах
    Тохиолдлын бэлгийн хавьталд хамгаалалтгүй орсон тохиолдолд өвчний шинж тэмдэг илэрсэн эсэхээс үл хамааран шинжилгээнд хамрагдах нь халдварын эрсдэлээс өөрийгөө хамгаалах, өвчин илэрсэн тохиолдолд зохих эмчилгээг цаг алдалгүй хийлгэх нь өөрийн эрүүл мэндээ хамгаалах ухаалаг алхам тань болно.

Жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсний хяналтанд эрт хамрагдаж, ХДХВ, БЗДХ –ыг илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ хийлгэх нь урагт халдвар дамжих аюулаас сэргийлэх болно.    

Хэрэв Та өөрийгөө халдвар авах эрсдэл бүхий алхам хийсэн гэж бодож байгаа бол хугацаа алдахгүйгээр эмчид хандаж холбогдох шинжилгээ хийлгээрэй.

Хэрэв Танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй бол дараах холбоосоор орж эрүүл мэндийн мэдээллийг аваарай

 

Сэтгэгдэл үлдээх