close
Эрүүл мэнд

Элэгний эрүүл мэнд + Элэгний хавдрын PIVKA шинжилгээ

garchig

Элэг. Хүний бие дахь хамгийн том эрхтэн төдийгүй хамгийн ажилсаг нь. Түүний хэвийн үйл ажиллагаанаас бүсгүй таны арьсны эрүүл мэнд, гоо үзэсгэлэн төдийгүй эрч хүч тань хүртэл шалтгаална.

Сүүлийн үед эрүүл мэнд ходоодноос эхэлдэг гэж бараг бүх судлаач, алдар цуутай эмч нар ярьж, бичиж байна. Тэгвэл хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа хэвийн, бас чанартай байх нь элэгний үйл ажиллагаанаас шууд хамааралтай аж. Тэгэхээр элэг ямар чухал эрхтэн болох нь тодорхой байгаа биз?

Элэг хүний хоолоор, амьсгалаар, тэр ч бүү хэл арьсаар (буюу гоо сайхны бүтээгдэхүүн түрхэснээр) дамжин цусанд нэвчин орж ирэх гадны токсин буюу хорт бодисуудыг задалж, гадагшлуулж улмаар биднийг элдэв хор бодисонд хордохоос хамгаалахад оршдог. Тэгээд бүр өдөр шөнөгүй, хором ч амралгүй ингэж ажиллана.

Тийм болохоор энэ чухал эрхтэнээ бид хамгаас их хайрлаж, гамнах ёстой юм байгаан… Харамсалтай нь бидний өдөр тутмын хоол унд + замбараагүй эмийн хэрэглээ, дээр нь агаарын бохирдол нэмэрлээд эрүүл элэгний тухай ярих их хэцүү 🙁

Гэхдээ хүн хойно хүсвэл аливаа өвчин эмгэгээс өөрийгөө хамгаалах бүрэн чадвартай гэдэгт би итгэдэг. Өвдөж хавдсан ч гэсэн өвчин зовиурыг багасгах, хүндрүүлэхгүй байх, за тэгээд бүр өөрийгөө эдгээх хүчтэй гэдэгт ч итгэдэг. Үүнд хүний чин хүсэл, итгэл бас тодорхой хэмжээний эрүүл мэндийн боловсрол маш чухал үүрэгтэй билээ.

Иймд, элэгний өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг нь хэрхэн дэмжих талаар хэдэн суурь зөвлөгөөг хүргэж байгааг хүлээн авна уу?

Өөрт тохирох эрүүл биеийн жинг барь

Эрүүл бус + хэт их хоолны хэрэглээний улмаас элэг маш ихээр гэмтдэг. Үүнийг архины бус шалтгаант элэг өөхлөх өвчин гэж нэрлэдэг бөгөөд ихэвчлэн илүүдэл жинтэй, тарган хүмүүст тохиолддог эмгэг.

Тус эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд таргалахгүй байх (тогтмол биеийн тамир + эрүүл, шим тэжээлийн баланс бүхий хоолны дэглэм) шаардлагатай.

Ариун цэврийг дээд зэргээр сахиж бай

А гепатитаас хамгаалах хамгийн баталгаатай бөгөөд хамгийн энгийн арга бол өдөр тутамдаа ариун цэврийг сахих явдал юм. Наад зах нь бие зассаны дараа, хүүхдийнхээ живхийг сольсны дараа гараа угаадаг л байх хэрэгтэй. Хоолоо хийж эхлэхийн өмнө гараа угаах тухай сануулах ч илүүц болов уу?

*Хүүхэдээ багаас нь гараа угаах зуршилтай болго. Гол нь, та өөрөө тийм дадал зуршилгүй бол хүүхэд хэнийг дуурайж, хэнээс суралцах билээ? Өөрчлөлтийг өөрөөс эхэл!

Эмийн хэрэглээнд анхаар

Аливаа эмийг эмчийн зааваргүйгээр ууж хэлэглэхээс татгалза. Мөн зөвхөн эмчийн заасан тунгаар, заасан хугацаанд уух нь зүйтэй гэдгийг мартаж болохгүй.

*Ялангуяа элдэв өвчин намдаагч эмийг дураар уухаас зайлсхийж байгаарай.

Согтууруулах төрлийн ундааны зохистой хэрэглээнд анхаар

Согтууруулах төрлийн ундааг олон жилийн туршид буюу тогтмол + их хэмжээгээр уух нь элэгийг гэмтээж үрэвсүүлэх гол шалтгаанд тооцогддог.

Хэрэв элэгний өвчний шинж тэмдгийг үл тоомсорлож, эмчилгээ хийлгэхгүй яваад байх бол элэгний циррозтой болох магадлал тун өндөр..!

Вакцинд хамрагда

Элэгний А гепатитын эсрэг вакцин:

Хэрэв та А гепатитын халдвар өндөртэй улс орон руу явах гэж байгаа бол А –ийн эсрэг тарилга хийлгэхийг зөвлөх байна. Энэ талаар жуулчны байгууллагаасаа тодруулсан нь зүйтэй бөгөөд вакцин хийлгэхээсээ өмнө шинжилгээ өгч вирүс илрээгүй тохиолдолд л хийлгэх боломжтойг анхаарна уу?

Элэгний В гепатитын эсрэг вакцин:

Хэрэв та 1992 оноос өмнө төрсөн / элэгний В вирүсийн эсрэг вакцинд хамрагдаж байгаагүй бол хийлгэх талаар эмчээс зөвлөгөө ав. Вакцин хийлгэхээсээ өмнө шинжилгээ өгөх шаардлагатай. Учир нь вирүс илрээгүй тохиолдолд л вакцин хийлгэх боломжтой юм шүү.

*Хэрэв та элэгний В вирүстэй бол гэр бүлийн бүх гишүүд вакцинд хамрагдах нь зөв

Тогтмол шинжилгээ өгч бай

Эрүүл хоолны дэглэм барьж, спорттой найзлаж идэвхитэй амьдрахаас гадна тогтмол хугацаанд лабораторийн шинжилгээ өгнө гэдэг бол алсыг харсан маш ухаалаг, хүн бүрийн эзэмших ёстой дадал зуршил гэж би боддог.

Би өөрөө элэгний үрэвсэлтэй хүн. Миний хувьд өвчнийг хүндрүүлэхгүй байх, элэгээ эрүүл авч явах нь маш чухал. Тийм учраас ч би элэгнийхээ үйл ажиллагааг хянах зорилгоор тогтмол шинжилгээ өгч, АЛАТ, АСАТ зэрэг стандарт үзүүлэлтүүдийг шалгаж байдаг.

Элэгний үйл ажиллагааны шинжилгээг монголчууд ихэнхи нь мэдэх учир энэ талаар нуршихаа азнаад харин нэгэн шинэ, маш чухал шинжилгээний талаар товч мэдээлэл хүргэе гэж бодлоо.

Энэ бол элэгний хорт хавдрыг эрт үед нь оношлох PIVKA шинжилгээ аж.

Манай улсад элэгний өвчлөл, тэр дундаа элэгний хавдрын статистик маш өндөр байгааг бүгд мэдэж байгаа. Хамгийн харамсалтай нь, хавдрын ихэнхи тохиолдол өвчний хожуу үед нь оношлогдож байна. Бид эрт үед нь олж илрүүлэхгүй байна. Хугацаа алдаж байна. Хайртай хүмүүсээ алдаж байна.

Тэгвэл өнгөрсөн жил Монгол улсад анх удаа элэгний хорт хавдрыг эрт үед нь, бүр маш эрт үед нь, өөрөөр хэлбэл хавдар дөнгөж үүсч буй өчүүхэн хэмжээтэй байх үед нь илрүүлэх боломжтой PIVKA гэдэг шинжилгээ нэвтэрсэн байна лээ.

Элэгний өвчний түүхтэй хүний хувьд би элэгний хавдараас айдаг. Элэгний хавдар, цирроз энэтэртэй болж насны эцэст үр хүүхэддээ сэтгэлзүйн хувьд ч тэр санхүүгийн хувьд ч тэр “лай” болохыг үнэндээ хүсэхгүй байна. Тиймээс энэ шинжилгээний талаар дуулаад л шууд шинжилгээ өгсөн юм. Зүгээр л цусны шинжилгээ өгөхөд л хангалттай тийм энгийн (дурандана, зүснэ, биопси хийлгэнэ гэсэн аймар зүйл үгүй). Шинжилгээний тоног төхөөрөмж нь маш өндөр мэдрэг чанартай болохоор энгийн элэгний хавдрын маркераар илрэх боломжгүй, дөнгөж үүсч буй хавдрын эсийг олж илрүүлдэг онцгой хүчин чадалтай технологи юм билээ.

Ямартаа ч шинжилгээгээ өгсөн. Хавдрын сураг, аз болж үгүй байна. Тэгэхээр ямартаа ч дараа жил, дахин шинжилгээ өгтөл сэтгэл нэг л тайван болчихсон шүү 🙂 Эмчээс лавлатал тус шинжилгээг  элэгний ямар нэгэн өвчлөлтэй (жнь, элэгний үрэвсэл, В, С вирүстэй), мөн  гэр бүлийн түүхэнд нь элэгний хавдар, циррозтой хүмүүс байсан/ эсвэл байгаа хүмүүс урьдчилан сэргийлэх зорилгоор ядаж жилдээ нэг өгч байх хэрэгтэй гэсэн шүү.

Хавдрыг эрт үед нь илрүүлнэ гэдэг бол эмчилгээг эрт эхлүүлж, улмаар бүрэн эмчлэгдэх боломжтой гэсэн үг. Хэрэв таны гэр бүлд элэгний өвчинтэй хүн байгаа бол урьдчилан сэргийлэх зорилгоор PIVKA шинжилгээг өгч байгаарай гэж зөвлөх байна.

Урьдчилан сэргийлнэ гэдэг бол хамгийн шилдэг эм….

 

Facebook Comments
хэштэг HealthyMamaProjectЗөвлөгөөЛайфстайлШинжилгээЭрүүл мэнд

Сэтгэгдэл үлдээх

12 − = 3