close
Амьдарлын хэв маяг

Байгальд ээлтэй амьдрах 5 энгийн арга

garchig

Эко амьдрал, органик, хог хаягдалгүй амьдрах, минимализм гэх зэрэг үгс бидэнд хэдийнэ танил болоод байгаа билээ. Хүүхэд минь үлдэх хорвоо гэж бодохоор л тэгж амьдармаар санагддаг, тийм биз дээ ээжүүдээ?

Мэдээж нэг өдөр шийдээд, өдий хүртэлх хамаг амьдралынхаа хэв маягийг зуун хувь өөрчлөөд амьдрана гэвэл хэцүү. Харин бүгдийг биш юм аа гэхэд зарим нэг дадал зуршлаа бага багаар өөрчлөөд, үр хүүхдүүддээ ч тайлбарлаад заагаад явбал учиртай…

Өнөөдөр би өөрийн амьдралдаа хэрэгжүүлж эхэлсэн, мөн дадал зуршил болгох гэж хичээж буй, өдөр тутамдаа анхаарч буй хэдхэн энгийн аргаасаа хүргэе гэж бодлоо. Үл ялиг жижиг зүйлс мэт боловчиг дадал зуршил болоод ирэхээрээ амьдралд нэг л гоё эерэг уур амьсгал авчирдаг юм билээ шүү. Та ч гэсэн амьдралдаа хэрэгжүүлэх гээд үзээрэй.

Гялгар уутнаас татгалзах

Даавуун торны хэрэглээний талаар олон улсын эко блоггерчид ихээр ярьж бичиж эхэлсний үр дүнд өнөөдөр гялгар уутнаас татгалзах хөдөлгөөн эрчээ авч байна. Манайд хүртэл монгол бренд тодотголтой моодный гэмээр уутнууд ч худалдаанд цөөнгүй байна. Залхуурахгүй бол өөрөө ч оёод тавьчихна.

Заа, та даавуун ууттай болсон л биз дээ? Сайн байна. Одоо гол нь дэлгүүр явах бүртээ марталгүй тэр уутаа авч явах нь чухал. Үгүй бол ямар хэрэг байхав дээ, тийм ээ 🙂 Над шиг мартамхай хүнд бол машиндаа, ажилдээрээ, гэрийнхээ үүдэнд гээд хэдэн газар даавуун тороо бэлэн байлгавал зүгээр санагддаг хэхэх.

Цахилгаанаа хэмнэх

Жорлон, угаалгын өрөөнөөс гарах бүртээ гэрлийг нь унтрааж бай. Өрөөнд хүн байхгүй л бол гэрлийг унтраа. Мөн ямар нэгэн төхөөрөмж цэнэглээгүй / ашиглаагүй байгаа бол разеткнаас цэнэглэгч зэргийг салгаж байгаарай. Ингэснээр та цахилгаанаа, улмаар мөнгөө хэмнэнэ гэсэн үг.

Органик гоо сайхан, цэвэрлэгээний бүтээгдэхүүн хэрэглэж эхлэх

Гэр ахуйн цэвэрлэгээний болон гоо сайхны бүтээгдэхүүнээ аажмаар, бага багаар ч болов органик найрлагатай болгон өөрчилж эхлээрэй. Ингэснээр та өөрийн, гэр бүлийн гишүүдийнхээ эрүүл мэндээ хамгаалах төдийгүй байгаль орчноо хамгаалахад хувь нэмрээ оруулна гэсэн үг шүү дээ. Учир нь зарим органик бренд, тухайлбал Weleda –ийн бүтээгдэхүүний савлагаа хөрсөнд задардаг, бас дахин ашиглагдах боломжтой гэсэн онцлогтой байдаг. Мөн ихэнхи органик саван, шампуниуд цаасан хайрцагтай буюу огт боодолгүй зарагдаж байдаг!

Органик найрлагатай учир ийм бүтээгдэхүүн газар хөрс, усыг химийн бүтээгдэхүүнээр хордуулахгүй гэсэн үг!

Weleda –ийн арьс арчилгааны бүтээгдэхүүнийг та энд дараад авч болно шүү

Монголын Гуа бренд чанартай бөгөөд цэвэр найрлагатай санагдсан + бараг л ямар ч боодол савлагаагүй  

Нэг удаагийн аяга, халбага, соруул хэрэглэхээ болих

Өөр дээрээ жишээ аваад үзэхэд, би 7 хоногт 1 удаа кофе шопоос кофе авч явдаг. Тэгэхээр ойролцоогоор хамгийн багадаа гэхэд 52 ширхэг цаасан аяга хаяж байна гэсэн үг. Энэ тоог кофе уудаг дэлхийн хүн амд үржүүлээд үзээрэй… Аймшигтай тоо байгаа биздээ? Пластик соруулны тухай ярихаа ч болье… зүгээр л гамшиг 🙁

Ашгүй дэлхийн олон оронд нэг удаагийн аяга, пластик соруул зэргээс татгалзахыг уриалж, хориглож эхэлж байна. Кофе шопууд хүртэл цаасан аягыг хэрэглээнээс гаргасан тухай мэдээллийг интернетээс олж болно. Удахгүй манайд ч ийм сайхан үе ирнэ гэдэгт найднам… Харин тэр хүртэл өөрчлөлтийг өөрөөс буюу өөрийн усны сав, кофены аяга, соруул / халбага, савхтайгаа явч сурья бүгдээрээ. Гоё шүү дээ. Эрүүл ахуйн талаас ч бодсон…

Усны хэрэглээгээ багасгах буюу ухаалаг ашиглах

Шүдээ угаахдаа усаа хааж байх… Аль болох душанд орох, биеэ савандаж байхдаа усаа хаах (Нээрээн нэг гоё арга зааж өгье. Хэрэв танайд манайх шиг ус нилээн гоожуулж байж халдаг бол, усыг битгий зүгээр гоожуулаарай. Саванд хийгээд дараа цэцэг услахад, аяга шанага, шалаа угаахад, жорлонгийн усны оронд ашиглаж болно. Харин лагер дээр модоо услах хэрэгтэй шүү 🙂 )… Усаар тоглуулахгүй байх… Энэ бүхний утга учрыг хүүхэддээ зааж өгөх, хэвшүүлэх…

Байгальд ээлтэй амьдрахад хэрэгжүүлж буй таны ганц, энгийн үйлдэл ч гэсэн багадахгүй. Өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлье. Хэвшүүлье. Амьдралын хэв маяг болгоход анхааръя. Үр хүүхэддээ энэ тухай зааж өгье, өвлүүлье. Хүүхэд үлдэх хорвоо гэдгийг саная…

Facebook Comments
хэштэг ЛайфстайлМиний сонголтТренд

Сэтгэгдэл үлдээх

91 − 82 =