close
гарчиг

Үнэнээ хэлэхэд хүү маань жоохондоо ном уншиж өгөхөд тун дургүй нэгэн байсан. Тоглож шидэлнэ үү л гэхээс цаашгүй байв… гэсэн ч ээж нь “шантралгүй” ном авсаар л байлаа, уншиж өгсөөр байлаа (хүүгийн анхны номын цуглуулгын талаар эндээс уншиж болно шүү)

Харин нэг өдөр, “It is never too late to start a good habit” (Зөв дадалтай болоход хэзээ ч оройтохгүй) гэсэн шиг хүү маань ахынхаа номыг бүр “Ваааауу!!!” “Ваааауу!!!” (сайн ярьж чаддаггүй байсан) гэсээр хуудас эргүүлэн сууж байв. Яг тэрхүү хуудас бүрийг хичээнгүйлэн салган эргүүлж байсан төрх нь бүр санаанаас гардаггүй юм <3

За товчоор бол ийн жилийн өмнө бидний номонд дуртай болсон өдрүүд эхэлсэн дээ. Ээж нь үе үе номын дэлгүүр шагайна. Сонирхлынх нь дагуу ном авна… Энүүхэнд гэж хэлэхэд, хүүг номонд дуртай болгосон ном бол “Cars” юм шүү дээ хэхэх Хүүхэлдэйн кинонд нь орсон байсан үе 😉

Гэхдээ өнөөдөр зүгээр нэг ном танилцуулах биш харин бидний хэл ярианы хөгжилд хэрэг болж буй хэдэн номноосоо хуваалцъя гэж бодлоо.

Хэлний дасгалын ном

Манай хүү (4 настай) зарим авиаг ер хэлж чадахгүй байгаа юм. Ер нь биеийн булчингийн хөгжил сул талдаа байсан. Тиймдээ ч бүр жоохноос нь хамтдаа бассейн, хүүхдийн гимнастикт явж билээ (энэ тухай эндээс уншиж болно).

Хэл, ам, уруулын булчин сул бол хүүхэд хожуу хэлд ордог, мөн зарим авиаг зөв хэлж чаддаггүй гэдэг. Хүү маань одоо цэцэрлэг дээрээ хэлний багштай хичээллэдэг боловч долоо хоногт 30-хан минут юу болохов дээ. Гэртээ байнгын зөв дасгал хийлгэж, хэл ярианд нь анхаарч байх нь чухал болохыг багш нь зөвлөсөн.

Тэгээд саяхан номын дэлгүүрт явж байгаад санамсаргүй нүдэнд туссан доорх 3 номыг эргүүлж үзээд шууд л авсан. Simple is the Best гэдэг биздээ? Яг л тийм, маш энгийн агуулгатай. Товч, богино өгүүлбэртэй бөгөөд хуудас бүр нь тодорхой дасгалтай. Бас ч үгүй амаргүй дасгал аа. Би хүүтэйгээ хамт хийдэг болохоор мэдээд байна л даа хэхэх Хэл чилээд л, ядраад л, бараг л хэлний йога 😊 Ер нь хөөрхөн. Бас их хэрэгтэй ном санагдсан шүү.

Манай хүү орой болгон энэ 3 номыг уншаад өг гэдэг болсон. Тэгээд дасгалыг нь дуртайя хийдэг. Өчигдөр л гэхэд эмээ өвөөдөө номоо үзүүлж, салхи яаж дуугардагийг зааж өгч байна лээ 🙂

P.S Өө, нээрээн, энэ гурваас гадна цаана нь өөр хэдэн ном байсан шүү. Бидний хувьд яг энэ гурван ном илүү хэрэгтэй байсан болохоор сонгож авсан… 

“Хэн лууван иддэг вэ?”

Уг нь хүүгээ бүр ой гарантай байхад энэ номыг авч байсан ч одоо л жинхэнэ хэрэг нь гарч байх шиг. Хэлд орж буй бага насны хүүхдийн үгийн санг баяжуулахад, яриа өдөж өөрөөр нь яриулахад хэрэг болохоор санагдсан. Гол нь ээж аавууд маань жаахан бүтээлч байх хэрэгтэй болов уу?

Тухайлбал бид энэ номын тусламжтайгаар:

Нэгд, лууванг ямар амьтад иддэгийг зааж өгснөөр мэддэггүй байсан амьтдын нэрсийг бүгдийг тогтоосон. Одоо амьтан бүрийн зулзагыг юу гэж нэрлэдгийг тогтоож байгаа 🙂

Хоёрт, яагаад эдгээр амьтад лууван иддэгийг мэддэг болсон. Тухайлбал, унага лууван идвэл том болоод хурдан гүйдэг болно гээд яриад байгаа. Харин өөрийг нь асуухаар, лууван идвэл  мундаг ном уншдаг болно гэж хариулдаг болсон доо 😉 За тэгээд цаашлаад өөр бусад жимс ногоог идвэл яах вэ гээд “хадуураад” явна шүү дээ. “Төмс идвэл яах вэ?” гэдэг л хамгийн хэцүү асуулт хэхэ

Гуравт, номоо уншсаны дараа хүүхэдтэйгээ memory game тоглодог. Өөрөөр хэлбэл, “Ямар амьтад лууван иддэг вэ?, “Сармагчин хэдэн маамаатай байсан билээ?” гэх зэргээр асууж ярилцах нь тархийг нь ажиллуулах тоглоом болж хувирдаг…

За, бидний яг одоо гэртээ хэлний “хичээл”-ийн журмаар дуртайяа ашиглаж байгаа ном бол ийм байна. Хэрэв танд эдгээр ном хэрэгтэй бол… би Шангрила молл дахь Интерномоос авсан шүү. Тэгэхээр магадгүй салбаруудаар нь байж магадгүй.

P.S Эцэст нь, хүүхдээ хэрхэн номонд дуртай болгох вэ гэсэн асуултанд зөвлөгөө өгөхөд:

  • Ээж аав өөрсдөө ном уншиж бай. Энэ бол мэдээж бөгөөд №1 зөвлөгөө!!! Хүүхдээ хүмүүжүүлье гэж бодож байгаа бол эхлээд өөрийгөө хүмүүжүүл гэдэг биздээ..?
  • Хүүхдийн төрсөн өдрөөр “Ямар бэлэг өгөх вэ?” гэж асуух найзуудаасаа хэрэгтэй тоглоомыг нь хэлж зааж өгч болохоос гадна ном бэлэглэхийг хүсээрэй. Бэлгэнд авсан номоо хүүхэд илүү үзэж харж суудаг л юм билээ! Хэн бэлэглэснийг ч ярих дуртай, мартахгүй шүү дээ 🙂
  • Мэдээж бүх ном хүүхдийн гар хүрэх хэмжээнд байх нь маш чухал.
  • Хүүхдээрээ ном “уншуулж” бай. Уншиж чадахгүй хүүхэд ч “уншиж” чаддаг юм. Дуртай номыг нь “уншуулж”, анхааралтай сонсож суу. Хөөрхөн залж ярьж өгнө шүү дээ, цаадуул чинь хэхэх
  • Ном уншиж өгч байхдаа заавал асуулт асууж байгаарай. “Баавгай ээж хаана байна?” гэхчилэн энгийн асуулт байхад хангалттай шүү дээ…
  • Гадуур явж байхдаа уншиж байсан ном дээр гардаг зүйлс харагдвал сануулж ярилцаж болно. Хэрэв санахгүй байвал “Гэртээ хариад нөгөө номноосоо хараарай” гэхээр яг л номоо бариад ирдэг дээ 🙂

За ээжүүдэд маань үүндээр нэмэх зөндөө олон арга байгаа байлгүйдээ, нэмээд байгаарай 😊

Дуустал нь уншсанд баярлалаа, удахгүй шинэ бичвэрээрээ уулзая,

Love, ❤️

Facebook Comments
хэштэг Бидний сонголтномХүүхдийн буланХүүхдийн хөгжил

Сэтгэгдэл үлдээх