close
garchig

Шинэ оны эхээр өөртөө зорилго тавьдаггүй хүн гэж үгүй байх. Ихэнхи хүмүүс эрүүлжих, эрүүл мэнддээ анхаарах, за бас турахыг хүсдэг. Би ч гэсэн ялгаагүй. Олон жилийн туршид жил бүр “За, яг энэ жил турна”, “Эрүүл хооллож эхэлнээ” л гэдэг байлаа… Тэгээд жил бүрийн эцэст тодорхой үр дүнгүй…

Өнгөрсөн жил харин өөр байлаа. Үр дүнтэй байлаа. Энэ нь сүртэй, бас тодорхой бус (жишээ нь, эрүүлжинэ гэж яг юуг хэлээд ч байгаан? Эрүүлжихийн тулд юу хийх нь ч тодорхойгүй J) зорилго үр дүнд хүргэдэггүйг ойлгосны гавьяа байх. Ө.х, би нь буруу зөрүү мөрөөдөж, тодорхой бус зорилго цаасан дээр дэвшүүлж хадгалахын оронд зүгээр л хэдэн энгийн зуршилыг амьдралдаа хэвшүүлэхэд анхаарсан. Энэ нь ч үр дүнд хүргэсэн.

Ингээд өнөөдрийн бичвэрээр уншигч Танаа өөрийн туршлагаас буюу эрүүл мэнддээ анхаарах гэсэн зорилгод хүрэхэд тань туслах хэдэн энгийн санааг базаад хүргэж байна.

Таалан бас тунгаан уншиж хүлээн авна уу. Хэрэв Та 2019 онд эрүүл мэнддээ анхаарах гэсэн зорилго тавьсан л бол… Бууцай худалдаж авсны дараа биш, шинэ пүүзтэй болсны дараа биш… бичвэрийг уншсаны дараа шууд хэрэгжүүлж эхлээрэй гэж ерөөе!

Тэгэхээр эрүүл амьдралын үндэс суурь нь юу вэ?

Нэгд, энэ бол эрүүл хооллохуй

Маш товчоор бол “Идэхийн тулд амьдрах бус Амьдрахын тулд идэх” гэдэг үгийг цээжлэхэд болно  🙂

Юу идэж буйдаа анхаар. Юу идэж буйгаа судал. Улаанбаатарт маань органик хүнсний бүтээгдэхүүн, супер гэгдэх хүнсний бүтээгдэхүүний олдоц харьцангүй нэмэгдсэн. Гэхдээ энэ нь заавал Таныг  далайн чанадын супер, органик гэгдэх бүхний араас хөөцөлд гэсэн үг биш.

“Сайн бод” гэж нэг онигоо болох шахсан үгийн адил миний хэрэглэх дуртай үг бол “Сайн судал”. Ялангуяа хоол, хүнсний бүтээгдэхүүнтэй холбон их хэлнэ ээ хэхэх

Тэгэхээр Та хүний аманд биш харин өөрийн болон хайртай хүмүүсийнхээ аманд нь биемахбодын түлш болох учиртай шим тэжээл бүхий хоол хийх тул юу идэж буйгаа СУДАЛ гэсэн эхний дүрмийг дагахыг хичээгээрэй.

Харин дараагийн чухал дүрэм бол УЛИРЛЫН дагуу хооллох. Би Фэйсбүүк дээр цөөхөн хэдэн хоолны хуудас дагадаг. Тэрний нэг нь Эрүүл Энгийн Гарын хоол. Тус хуудсыг эрхлэн явуулдаг админ эгчийн нэг супер үг бий.

Жор дагаж сонгохоор
Улирал дагаж сонго

Ерөөс л энэ.

Аан бас нэг чухал зүйл. Саяхан би Алтангэрэл багшийн сургалтанд хамрагдаж, анх удаа 24 цагийн мацаг барьж үзлээ. Мацаг барих хэцүүхэн байсныг нуухгүй ээ. Сайхан хөнгөрдөг юм билээ… Гэхдээ одоо тэр тухай биш… Багшийн маань хэлсэн нэг үг сэтгэлээс салахгүй байгаа. Тэр нь:

Бидний эргэн тойронд буй бүх зүйл бол тэр чигээрээ МЭДЭЭЛЭЛ.

Бидний ууж буй ус бол МЭДЭЭЛЭЛ. Амандаа хийж буй хоол хүнс ч гэсэн МЭДЭЭЛЭЛ

Тэгэхээр та өөрийн биемахбодынхоо эд эс бүрт ямар мэдээлэл хүргэж байгаа вэ гэдэгт анхаарах хэрэгтэй гэсэн үг.

 

Хоёрт, энэ бол тогтмол дасгал

Ок, ок мэднэ ээ, тийм ээ? 🙂

Бүгдээрээ л дасгал хөдөлгөөний ач холбогдлыг мэддэг. Гэхдээ хэд нь тогтмол дасгал хийж байна вэ?

Мэдээж хүн бүр фитнес клубд хичээллэх боломжгүй. Тоочвол хэн ч гэсэн шалтаг тоочино. Би гэхэд сүүлийн хэдэн сар хичнээн хүсэвч явж чадахгүй л байна. Яагаад гэвэл хүүхэд харах хүнгүй гэх шалтагтай хэхэх Нөгөөтээгүүр мөнгө зарцуулан байж фитнест явсан ч олигтой үр дүнд хүрэлгүй санаагаар унаж больдог хүмүүс ч маш их.

Тэгэхээр үр дүнтэйгээр тогтмол дасгал хөдөлгөөнтэй байхын тулд ямар шийдэл байна вэ гэхээр өөрийн зорилгоо тодорхой төлөвлөгөө болгон задалж хэрэгжүүлэх хэрэгтэй санагддаг.

Өөрөөсөө асуу:

  • Та турахыг хүсч байгаа бол яг хэдэн кг-маар турмаар байгаа вэ? Бодитой тоо бич. Энэ тооны кг-ыг хасахын тулд Танд хэр их хугацаа байгаа вэ? Мөн л бодитой тоо бич. Эрүүлээр турахыг хүсэх хүний баримтлах нэг л эрүүл зарчим бий. Сарын дотор 20 кг турна гэж бүү яар. Аажуу ч гэсэн тогтвортой жингээ бууруулахыг хичээ. Сард 2 кг хаях нь илүү амархан сонсогдож байгаа биз дээ? Жилийн эцэс гэхэд 20 кг. Энэ бол бодитой.
  • Хэрэв home training буюу гэртээ дасгал хийхээр шийдсэн бол яг хэдийд тогтмол хийх боломжтой вэ? Тэр цагийг фитнесийн цаг гээд ягштал өөртөө зориулж бай. Өглөө бол өглөө, орой бол оройн тогтмол нэг цагт. Тэр үеэр хэн ч танд саад болохгүй байхаар гэрийн ажлаа зохицуулах нь чухал…

Дасгал хийж эхлэхэд тань туслах дараах Youtube бичлэгийг хүргэж байна. Ердөө л 15 минутын дасгал. Их байна уу? Тэгвэл 7 минутаас эхэлье 😉 “SEVEN” гэх аппликэйшныг татаад дасгал хийж эхэл. Ер нь энүүхэнд гэж хэлэхэд, хорвоогоор дүүрэн үнэгүй хирнээ дагаад хийхэд үр дүнтэй дасгал байна. Судал! 😊 Хай! Эрэлхийл!

Фитнест дурла. Тэгвэл хэн ч таныг зогсоож чадахгүй!

Гуравт, энэ бол амьдарч буй орчин
  • Та гэртээ хэр их пластик хэрэглэдэг вэ?
  • Хаа нэг өрөөний буланд мөөгөнцөртөөгүй биз?
  • Гэртээ ус цэвэршүүлэгч суурьлуулсан уу? За болье, ядаж усаа шүүж байна уу?
  • Гэртээ агаар цэвэршүүлэгч тавьсан уу? За болье, ядаж цонхондоо агаар шүүгч тогтоолгосон уу?
  • Та өдөр тутам хэрэглэдэг цэвэрлэгээний бодисууд хэр цэвэр найрлагатай вэ?

Юу гэх гээд байна вэ гэхээр, таны хамаг амьдралаа өнгөрөөж буй гэр, өдөр тутам хэрэглэж буй цэвэрлэгээний бодисууд, хоолоо хуванцар саванд халаах зуршил хүртэл эрүүл мэндэд тань сөргөөр нөлөөлж байдаг.

Уг нь гэр тань Таны аюулгүй байдлын баталгаа байх учиртай. Гэр тань Таны эрүүл мэндийн суурь байх ёстой.

Эндээс эхэл…

Эцэст нь, та урьдчилан сэргийлэх шинжилгээндээ хамрагдсан уу?  

Урьдчилан сэргийлэх шинжилгээний ач холбогдлыг уг нь ярих шаардлагагүй санагддаг.

Тэгэхээр… Энэ сардаа багтаагаад ижий аавыгаа дагуулж яваад хамтдаа урьдчилан сэргийлэх шинжилгээнүүдийг өгөөрэй гэж зөвлөе. Мөн гол эрхтнүүдээ үзүүлээд (тэр дундаа ходоодоо заавал дурандуулж байгаарай гэж аминчлан захих байна!) аваарай.

За ингээд өндөрлөе дээ. Товч бичье гээд бас чадсангүй, бас л урт бичвэр болжээ!

Уншсанд Тань талархая 💖

Facebook Comments
хэштэг HealthyMamaProjectWellnessЗөвлөгөөЛайфстайлЭрүүл мэнд

Сэтгэгдэл үлдээх

53 − = 50