close
ЭкспертЭрүүл мэнд

Амин тосны ач холбогдол

Ажиглаад байхнээ манай ээжүүд эссенциал тосыг (амин тос буюу essential oils) их сонирхдог болсон байна лээ. Миний хувьд, олны адил ерөнхий л ойлголттой төдий. Сайн гэдгийг мэдээд л байдаг. Сайн гээд нэг тос авчихсан хирнээ тэрийгээ бараг ашиглаагүй (өнгөрсөн өвөл гэхэд ганц хоёр хэрэглээд л тэгээд буцаагаад шүүгээндээ “хадгалчихсан” байдалтай л явна). Гэтэл наад зах нь ингээд задалчихсан тосонд “хүчинтэй” гэх хугацаа байдаг болов уу гэх зэрэг асуулт үүснэ дээ? Тэгэхээр өөрийн мэдлэгээ дээшлүүлэх, ээж хүний хувьд өөрт үүсдэг асуултанд хариу авах зорилгоор блогдоо нэгэн зочныг урьж, эссенциал тосны  талаар ярилцахаар шийдлээ.

Энэ бол хоёр бяцхан үрийн ээж, амин тос, ароматерапи сонирхогчдын хүрээнд Тосчин ээж блогоороо танил болсон Ж.Эгшиглэн гэх сайхан бүсгүй. Илүү юм нуршилгүй уншигчиддаа ярилцлагаа хүргэе 

Эссенциал тос гэж ер нь ямар тосыг хэлэх бэ? Та хэзээнээс амин тоснуудтай ийн нөхөрлөх болов?

Бидний судсаар гүйж байгаа цус ямар чухал байдаг билээ? Түүнтэй адилаар ургамлыг тэтгэж байдаг хамгийн нандин, чухал, амин хэрэгцээтэй тос гэж ойлгож болно. Цэцэг, навч, мод, иш, үндэс, үр, жимсний хальс зэрэг байгальд ургаж буй төрөл бүрийн ургамлын тодорхой хэсгүүдээс нь гаргаж авдаг. Миний хувьд амин тостой нөхөрлөөд 2 жил орчим болох гэж байна.

Та гэртээ амин тосыг хэрхэн хэрэглэдэг вэ?

Амин тосыг гэрийн цэвэрлэгээнд, гоо сайхан буюу арьс арчилгаандаа, мөн эрүүл мэндээ дэмжих зорилгоор ашигладаг. Гэрийн цэвэрлэгээнд гэхэд ариутгах, цэвэрлэх үйлчилгээтэй Tea tree, Thieves, Lemon амин тоснуудыг ус, хүнсний содтай хамт ашиглан химийн бодисгүй цэвэрлэгээг тогтмол хийнэ.

Lavender, Copaiba, Frankincense, Rosemary тос нь арьсанд сайн үйлчилгээтэй тул эдгээр тоснуудаар гарын шингэн саван, нүүр цэвэрлэгч, серум, мөн үсний мистээ хийж өдөр тутмын арьс арчилгаандаа хэрэглэдэг.

Мөн гэртээ өдөр бүр тухайн үедээ зохицуулж амин тос ууршуулна. Өвлийн улиралд агаар цэвэршүүлэх Эвкалипт, Нарс модны тосыг түлхүү ууршуулдаг бол зуны улиралд ургамлын харшлаа дарах зорилгоор Lavender, Lemon, Peppermint тоснуудыг хэрэглэнэ. Чухал ажилтай үедээ анхаарал төвлөрүүлэх, эрч хүч өгөх тосноосоо сонгоно. Цэцэрлэгт явдаг охиныхоо дархлааг нь дэмжих үүднээс унтахынх нь өмнө өрөөнд нь тос ууршуулна гэх зэргээр өнөөдөр амин тос бол миний амьдралын салшгүй нэг хэсэг болсон.

Таны цүнхэнд яг одоо ямар тос явж байгаа бол?

Манай бага дөнгөж 4-хөн сартай, хөхүүл болохоор эх хүний хувьд эрүүл мэнддээ маш их анхаардаг. Химийн бодис, эмийн бүтээгдэхүүнээс аль болох холуур, өөрөөр хэлбэл зөөлөн аргаар, тэр дундаа байгалийн тосоор дамжуулж эрүүл мэндээ дэмжихийг чухалчилдаг. Тиймээс ч би гадуур явахдаа байнга хэдэн тос цүнхлээд авч явдаг. Тухайлбал яг одоо миний цүнхэнд Gentle baby (нялх хүүхэд, жирэмсэн/хөхүүл ээжүүдэд зориулсан тайвшруулах тос), Thieves (нян, бактерийн халдварын эсрэг үйлчилгээтэй, дархлаа дэмжих тос), Valor (өөртөө итгэх итгэл, зоригийг нэмж өгдөг сэтгэл санаа дэмжих тос), En-r-gee (завгүй өдөр эрч хүч нэмэгдүүлж өгдөг тос) гэсэн тос байна даа.

Тосыг дангаар нь хэрэглэхээс гадна хольж хэрэглэх нь түгээмэл юм шиг байгаан. Та ямар тосыг хольж хэрэглэх дуртай вэ?

Ихэвчлэн юу хийж байгаагаас хамаарч үйлчилгээ ойролцоо тоснуудыг хослуулж хамт хэрэглэдэг. Тэгснээр тоснуудын үйлчилгээ ч улам сайжирдаг. Жишээлбэл, нүүрний серум хийхдээ нүүрний арьсыг чийгшүүлэх, өнгийг нь сэргээх, үрчлээ үүсэхээс сэргийлэх үйлчилгээтэй Frankincense, Patchouli, Myrrh, Ylang ylang, Lavender тоснуудыг хэрэглэх дуртай. Харин оройдоо гэр бүлээрээ унтаж амрахын өмнөхөн Lavender, Stress away тоснуудыг хамт ууршуулах дуртай.

Амин тосыг арьсанд түрхэх үед юунд анхаарах хэрэгтэй байдаг вэ?

Амин тосыг арьсанд түрхэж хэрэглэхэд дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй:

  • Тухайн амин тос арьсанд түрхэх заалттай эсэх. Амин тосны молекул маш жижиг хэмжээтэй, эсийн түвшинд үйлчилж 2 минутын дотор цусанд нэвчдэг. Тиймээс түрхэж хэрэглэхдээ элдэв нэмэлтгүй, байгалийн цэвэр тосыг сонгох нь маш чухал;
  • Тухайн амин тос “халуун чанарынх” [hot oil] эсэх. Халуун чанарын тосыг шууд түрхэхгүй, шингэлж түрхэвэл зохимжтой;
  • Тухайн амин тос наранд мэдрэг [photosensitive] эсэх. Ийм наранд мэдрэг тосыг арьсанд түрхээд гадаа гарахад арьс эмзэглэх, улайх магадлалтай байдаг. Ийм тосны жишээнд цитрусын жимсний амин тоснууд багтана. Энэ төрлийн амин тосыг ихэвчлэн оройн цагаар эсвэл ванны давс, биеийн скрабдаа хийхэд илүү тохиромжтой;
  • Тухайн амин тосыг хэрэглэхдээ гарын шуунд урьдчилж тест хийх. Ялангуяа эмзэг арьстай бол аливаа нэг амин тосыг анх удаа хэрэглэхийн өмнө шингэлж түрхэж үзээд, хэсэг хугацаанд ажиглах хэрэгтэй;
  • Амин тос бол концентраци өндөртэй тул дуслаар хэрэглэнэ. Цөөн дусал байлаа гээд хүч нь сулрахгүй;
  • Амин тосыг нүд, чих, хамарт дусаахгүй, санаандгүй нүдэнд орсон тохиолдолд сүүгээр зайлж угаах хэрэгтэй;
  • Амин тосыг хөлийн уланд шингэлэхгүйгээр дусааж хэрэглэж болно (насанд хүрэгсэд). Хөлийн уланд бүх эрхтэн тогтолцооны мэдрэлийн цэгүүд байдаг шүү дээ. Жишээ нь унтаж чадахгүй үед хөлийн эрхий хуруунд байрлах тархины мэдрэлийн цэгт тайвшруулах амин тос нэг дусааж массажлахад хэдэн минутын дараа таны тархи толгойд хүрч үйлчилнэ гэсэн үг.
Хүний дархлаа дэмждэг амин тос гэж байх уу?

Миний бодлоор хүний дархлаа маш олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Ганц амин тосоор дархлаагаа дэмжээд явна гэвэл өрөөсгөл ойлголт болох байх. Амин тосны хувьд, дархлаа дэмжих үйлчилгээтэй хэд хэдэн тос байдаг. Бүгд өөр өөрийн онцлог, үйлчилгээ, увдистай. Thieves, Lemon, Rosemary, Basil, Clove нь дархлаа дэмждэг бол Raven, Eycalyptus Radiata тоснууд нь амьсгалын замын эрхтнийг хамгаалан дэмжих үйлчилгээтэй гэж үздэг. Нярай, бага насны хүүхдийн хувьд хэрэглэж болох, болохгүй гэх тос гэж байдаг тул анхааралтай сонгох шаардлагатай.

Манайх бага насны хүүхэдтэй л дээ. Та ямар тос зөвлөх вэ?  

Амин тос нь нялх, бага насны хүүхдийг тайван унтуулж, амраах, дархлааг нь дэмжих тус дэмтэйгээс гадна өрөөнд нь ууршуулснаар агаар цэвэрлэх бүрэн боломжтой. Гагцхүү цэвэр, чанартай амин тос хэрэглэх шаардлагатай гэдгийг санах нь зүйтэй.

Тухайлбал, нялх, бага насны хүүхдийн өрөөнд Wintergreen, Peppermint, Sage, Clary sage, Idaho Blue Tansy, Oregano, Basil зэрэг тосыг хэрэглэж болохгүй. Харин Lavender, Orange, Gentle baby, Cedarwood, Sleepyize, Tummygize, Snifflease тоснуудыг ууршуулж, шингэлж түрхэж болно.

Нялх, бага насны хүүхэдтэй ээжүүд дараах зүйлд анхаарахад болно. Тухайлбал амин тосыг:

  • цөөн дуслаар бага хугацаагаар ууршуулна
  • заавал шингэлж түрхэнэ
  • хүүхдийн хөлийн уланд түрхэж болно
  • дотуур хэрэглэж болохгүй
Эцэст нь, анх удаа эссенциал тос авахаар сонирхож буй хүнд та ямар зөвлөгөө өгөх вэ?

Хэрэв та анх удаа амин тос худалдан авах гэж байгаа бол юуны өмнө ямар зорилгоор хэрэглэмээр байгаагаа тодорхойлох нь маш чухал. Харин дараа нь авах гэж байгаа тосныхоо шошгыг, цаашлаад үйлдвэрлэгч компанийг нь судлаад үзэх хэрэгтэй. Түрхэж болдог, дотуур (хоол, цайндаа дусааж) хэрэглэх боломжтой тос гэж байхад зөвхөн үнэрлэж хэрэглэх зориулалттай тос ч байдаг гэдгийг санах нь зүйтэй. Тийм учраас шошго  дээрх зааврыг маш сайн унших хэрэгтэй. Зарим тоснуудын шошго дээрх мэдээлэл хангалтгүй байдаг тул компанийн талаарх мэдээллийг, мөн тухайн компанийн үйлчлүүлэгчиддээ хүргэж буй зөвлөгөө зэрэг мэдээллийг олж уншиж үзээрэй.

Мөн цэвэр, хүчтэй тосыг хямд, муу пластиктай ууршуулагчинд хийхээр урвалд орох эрсдэлтэй байдаг. Тиймээс сайн, чанартай ууршуулагч олж аваарай гэж зөвлөх байна.

Facebook Comments
Tags : WellnessЭкспертЭэжийн буланЯрилцлага

Leave a Response

Don`t copy text!