close
Эрүүл мэнд

Бүсгүй таны ууж байх шаардлагатай витамин

Healthy Mama Project –ийнхоо хүрээнд уншигчидтайгаа санал солилцоё гэж бодож байсан сэдэв бол витамины асуудал. Хүн бүрийн бие организм мэдээж адилгүй ч манайх шиг эрс тэс уур агаартай оронд, дээрээс нь өвлийн улиралд шинэхэн, бас шим тэжээл дүүрэн жимс ногоо гэж бараг үгүй тул аминдэмийг тодорхой хэмжээгээр гаднаас нөхөж авах нь зүйн хэрэг санагддаг.

Ялангуяа өвлийн улирлын дараа ядарсан биемахбодод сэргэж, эрч хүчтэй болоход “түлш” хэрэгтэй ба тэрхүү түлш нь болох аминдэм, тэжээлээ авч чадахгүй бол хүн ядраад, нозоороод байдаг гэж би ойлгодог юм. За тэгээд дээрээс нь бүсгүйчүүд бид зуны улиралдаа гоё сайхан болчих санаатай хавар цагт турах ажиллагаагаа эхлүүлдэг нь нууц биш. Ө,х, ядарсан биеийг улам бүр ядрааж сульдаадаг талтай.

Тэгэхээр өнөөдрийн зөвлөгөө маань хавар цагт гэлтгүй, ер нь л эмэгтэй хүн бүрийн тогтмол ууж байвал зохих гол аминдэмийн тухай юм.

   

      1. В- БҮЛГИЙН ВИТАМИН

Ядраад байвал В витамин уу гэх үгийг та сонсож байсан л байх. Үнэхээр ч өнөө үед В бүлгийн аминдэмийг хүн бүр өдөр тутам ууж байх хэрэгтэй гэх юм билээ. Тодруулбал, В1, В6, В12 витаминыг бид өдөр бүр авч байх шаардлагатай гэдэг. Яагаад гэвэл энэ бүлгийн витамин урьдчилан сэргийлэх гэсэн маш чухал үүрэгтэй аминдэм аж.

В1 витамин : Хоол хүнсийг энерги буюу эрч хүч болгох ид шидтэй. Тархины үйл ажиллагааг дэмжихээс гадна зүрх судасны эрхтний тогтолцооны үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой. Биеийн дархлааг сайжруулна.

В6 витамин : Цусыг цэвэрлэж улмаар зүрхний эрүүл мэндийг дэмжинэ. Дархлаа дэмжиж, шөнө шөрмөс татах, булчингаар өвдөх эрсдэлээс хамгаална. В6-ийн дутагдал мэдрэлийн системийн үйл ажиллагааны доголдолд хүргэдэг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй байх.

В9 витамин : Фолийн хүчил ч гэгдэх уг витамин нь цус бүтээх процессд чухал үүрэг гүйцэтгэхээс гадна элэгэн дахь өөхний солилцоонд эерэгээр нөлөөлдөг. Түүнчлэн хоолны дуршлыг сайжруулж, арьсыг өнгөлөг, эрүүл болгох үйлчилгээтэй.

В12 витамин : Бараг хүн бүр В12 витамины дутагдалд орсон байдаг гэдэг. В12 нь хүний дархлаа сайжруулахаас гадна тархины үйл ажиллагааг сайжруулах, мэдрэлийн эд эсийг хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээтэй.

Хэрэв та байнга л ядраад, юм л бол уур хүрч уцаарлаад байвал, мөн байнга нойр хүрээд л, хоолны шингэц муудаад, толгой өвдөөд, ой санамж болон хараа муудаад байвал эсвэл цус багадалтын шинж тэмдэг илэрсэн бол цусны шинжилгээ өгөөд В12 дутагдлыг шалгуулахыг зөвлөе.

Зөвлөгөө : В бүлгийн витаминыг өглөө ууж эрч хүчээ сэлбэх нь зүйтэй.

   

      2. Д3- ВИТАМИН

Д витамин дархлааны тогтолцооны үйл ажиллагааг зохицуулж, үрэвсэлтэй тэмцэхээс гадна кальци, фосфорын шимэгдэлт болон ясны бүтэц, өсөлт хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг аминдэм юм. Биемахбодоос хүнд металлыг гадагшлуулах нөлөөтэй. Мөн А болон С витамины хамтаар ханиад томууны эсрэг тэмцэнэ.

Бараг бүх эмэгтэйчүүд Д витамины дутагдалтай байдаг нь хөхний хавдар, сэтгэл гутрал, стресс, бодисын солилцооны алдагдал, цусны өндөр даралт, цусан дахь холестрины өндөр түвшин болон зүрх судасны өвчлөлтэй холбоотой. Дээрээс нь цэвэршилтийн үед ясны эдийн нягтаршил болон булчингийн масс багасаж, алдагдаж эхэлдэг тул яс хугарах эрсдэл эрс нэмэгддэг.

Зөвлөгөө : Д витаминыг өглөө болон өдөр буюу нартай үед ууж байгаарай.

Янз бүрийн аминдэм витамин хольж уусны уршигаар зарим хүмүүс Д витамины илүүдэлд орсон байдаг. Энэ нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй тул Д витамин уухын өмнө цусан дахь Д витамины хэмжээгээ урьдчилаад мэдээд авбал сайн /энэ нь хүүхдэд ч хамаатай шүү, ээжүүдээ!/.

     

      3. МАГНИ

Эрүүл мэндийн ач холбогдлоороо Д витаминаас дутахгүй чухал боловчиг хүмүүсийн сайн мэддэггүй, улмаар ууж заншаагүй витамин бол магни. Хүний биед магни дутагдвал зүрхний хэм алдагдах, толгой өвдөх, нойргүйдэх, булчин, шөрмөс татаж өвдөх, дотор муухайрах, өтгөн хатах гэхмэт олон сөрөг үр дагавартай тул эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг гэж үздэг. Магнийг стрессын эсрэг хүчтэй эрдэс бодис гэж нэрлэх нь бий.

Хоолоор дамжуулж бид шаардлагатай хэмжээний магнийг авч чаддагүйн дээрээс стресс, кофеины хэт их хэрэглээ, спортоор их ачаалалтай хичээллэсний улмаас, мөн зарим нэг эмийн нөлөөнд биед байгаа магнийн нөөцөө дуусдаг гэж бодохоор бид энэхүү витаминыг тогтмол, бүр заавал хэрэглэж байх хэрэгтэй байгаа биз? Магнийн тухай маш дэлгэрэнгүй бичсэн тул энэ нийтлэлийг уншихыг зөвлөе.

Зөвлөгөө: Нойрны чанарыг эрс сайжруулж, булчин амраах үйлчилгээтэй тул магнийг унтахынхаа өмнө хэрэглэх нь зохистой.  

  

       4. ОМЕГА-3

Омега-3 –ын ач холбогдолын тухай мэдээлэл интернетээр дүүрэн байгаа тул би бас энд нурших илүүц болов уу. Зүгээр хэдэн гол давуу талыг нь хальт дурьдаад өнгөрье гэж бодлоо. Тэгэхээр омега-3 нь :

  • Арьсыг булбарай зөөлөн болгож, өнгө сэргээнэ. Чийгшүүлнэ.
  • Бодисын солилцоог сайжруулна.
  • Цусны эргэлтийг сайжруулж, цусанд тромб үүсгэдэг фибриныг устгаж улмаар зүрх судасны өвчлөлөөс хамгаална. Нэмээд хэлэхэд, цусны даралт бууруулах үйлчилгээтэй юм шүү.
  • Хөхний болон бүдүүн гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлнэ.
  • Эхийнхээ хэвлийд буй урагын мэдрэл болон харааны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх тул жирэмсэн эмэгтэйчүүд заавал уух заалттай.
  • Хөгшрөлтийн явцыг удаашруулж, тархины үйл ажиллагаанд эерэг нөлөөлнө. Алцгеймерийн өвчнөөс хамгаална.
  • Элэг өөхлөх болон чихрийн шижингээс урьдчилан сэргийлнэ.

Зөвлөгөө: Арьсыг нарнаас хамгаалах үйлчилгээтэй гэгддэг тул зуны улиралд ч ууж байхыг хичээгээрэй.

 Витамин юм чинь яав л гэж хэнэггүй хандаж, таарсан болгоноо авч ууж хэрхэвч болохгүй. Витамины илүүдэл ч эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй юм шүү дээ. Тиймээс эхлээд найдвартай лабораторид шинжилгээ өгөөд цусан дахь витамины хэмжээг мэдээд авахыг хичээгээрэй. Харин дараа нь эмч, мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, өөрт тань шаардлагатай тунгаар витамин авч уух нь зүйтэй. 

 

Эцэст нь, эдгээр витамин дээр нэмээд бүсгүйчүүд С витамин, төмөр болон коэнзим Q10 –ыг тогтмол уугаад заншвал дархлаагаа сайжруулаад хөгшрөлтийн процессыг удаашруулаад зогсохгүй, арьсандаа ч сайнаар нөлөөлөөд авна шүү!

Дээр дурьдсан аминдэмүүд сонголтын хувьд ч олдоцын хувьд ч асуудалгүй тул би аль нэг брэнд, эсхүл эмийн компанийн оруулж ирдэг витаминыг сурталчлах зорилго агуулсангүй.  Харин дараагийн нийтлэлээр өөрийн хэрэглэдэг сонин хачин витаминыг зураг хөрөгтэй нь танилцуулья гэж бодлоо. Зарим хүмүүст хэрэг болж магадгүй, бас сонирхолтой санагдаж магад, тэгэх үү? Юу гэж бодож байна 🙂

Facebook Comments
Tags : HealthyMamaProjectВитаминДархлааЭрүүл мэндЭэжийн булан

Leave a Response

Don`t copy text!