close

Бүсгүй хүн хойно бусдын адил би шоппинг хийх дуртай. Мөн бусад ээжүүдийн адил ихэнхдээ хүүхэддээ юм харж явдаг. Гоё юм авахаараа өөртөө авсан юм шиг л баярлаад явчихна шүү дээ. Харин сүүлийн үед хүүхдийн бүтээгдэхүүнээс гадна органик гэх бараа таваар сонирхож явдаг болсон доо. Энэ нь илүүдэл жингээс салж, биеэ эрүүлжүүлэх гэсэн хүсэлтэй холбоотой л доо. Өмнөх буюу 7-р сарын тухайд дэлгүүр хоршоо нэг их хэсээгүй ч сэтгэлд хүрсэн хэдэн юм авсан болохоор танилцуулъя гэж бодлоо. Бүсгүйчүүдийн сонирхолыг ч татах зүйл байж мэднэ…

1. Маш их таалагдсан ном бол Памела Дракерманы “Франц хүмүүжлийн нууц bebe өсгөхүй” байлаа. Хэрэв та “Үгүй, болохгүй” гэдэг үгийг сонсмогц ухаан алдаж унадаг хүүхэдтэй болохыг хүсээгүй л бол энэ номыг уншихыг зөвлөе 🙂 Мөн хүүхэдтэй болохыг төлөвлөж байгаа бүсгүйчүүд ч завтай байгаа дээрээ уншаад авахад ер илүүдэхгүй шүү. Энгийн хирнээ сонирхолтой бичлэг (маш сайн орчуулсан санагдсан), унших явцад үе үе инээд хүрэм жишээнүүд, бас мэдмээр юм байна гэж тэмдэглэж авах зөвлөгөө их учир олон оронд бестселлер болоод байгаа болов уу?⌡Интерном номын дэлгүүр

2. AYC –ийн  №7 буюу зэрлэг зуун наст, гал улаан чинжүү, цэвэр ус, нимбэг гэсэн 4-хөн орцоос бүрдэх шүүс миний хамгийн дуртай шүүс болох шинжтэй. Нилээн исгэлэн амттай уг шүүсийг уухад бие дотроосоо шууд халах шиг болдог. Найрлагад нь буй гал улаан чинжүүний тухай хэлэхэд, ханиад томуунаас сэргийлэх, толгойн өвчин намдаах, харшлын зовиурыг дарах, тураах мөн детокс үйлчилгээгээрээ алдартай эд дээ. ⌡ AYC Smoothie & Juice Bar

3. Байхуу цай огт уудаггүй миний хувьд гоё цай олж ууна гэдэг хэцүү. Харин саяхан Их дэлгүүрт Skin Detox Tea цайг зарж байхыг хараад маш их баярласан шүү. 100 хувь органик гаралтай буюу 14 цэцэгсийн найрлагатай уг цай арьс цэвэрлэж, өнгөлөг, эрүүл болгодог гэдэг. Амт нь тааламжтай, нэг их нялуун биш. ⌡Номин (УИДэлгүүр)

4. Кокосын сүү – Мөн л Их дэлгүүрт органик барааны лангуун дээрээс олж авсан ховор бараа 🙂 Кокосын сүү хүний дархлааны системийг хүчтэй дэмжиж, улмаар элдэв өвчинтэй тэмцэх чадварыг нь дээшлүүлдэг тул “Ид шидтэй ундаа” ч гэж нэрлэгддэг. Даралт тогтворжуулдаг, жин хаяхад тустай, цус багадалт, чихрийн шижингээс сэргийлнэ гээд эрүүл мэндэд үзүүлэх ач холбогдол өндөр. Миний хувьд кокосын сүүг хоолонд нэг их хэрэглэдэггүй ч мөхөөлдөс хийж идэх, эсвэл ногоо, жимстэй блендэрдээд уух дуртай. ⌡Номин (УИДэлгүүр)

5. Цэвэрлэгээний бодисууд хэт их химийн бодистой нь үнэн. Тиймээс гэртээ аль болох бага ашиглахыг хичээдэг ч яг одоо хэрэглэхээс татгалзахгүй байгаа зүйл бол Clorox wipes нойтон салфетк. Шалтгаан маш энгийн: манай гэрт яг одоо памперснаас гарах гэж хичээж буй нэг эр байна. Горшоок дээр суухаас эрс татгалзаад байгаа ч ямартаа ч дуртай газраа шээхээ больсон. Гэхдээ мэдээж хааяа шээчихнээ 🙂 Энэ үед хүүхдийнхээ шээсийг арчсаны дараа энэ салфеткаар дахин арчиж бактери энэтэрийг устгадаг санаатай. Ер нь хаалганы бариулууд, гэрлийн унтраалга, жорлонгийн суултуур, бидний гар утас чинь нян бактери цугларах дуртай газар гэгддэг юм шүү дээ. Эднийг иймэрхүү салфеткаар байнга арчиж байхад ер илүүдэхгүй санагддаг. ⌡Good Price дэлгүүр

6. Энэ жилийн наадмаар хүү маань анх удаа стадион ч орлоо, Хүй долоон худаг ч явсан билээ. Тэгэхээр бид хүүгийнхээ наадмын гоёлд анхаарсан байж таарна, тийм үү 🙂 Бидний сонголт Монголын Urban Jeans брэндын наадмын коллекцийн цамц байсан. Халуунд тохиромжтой нимгэн материалтай болохоор бид одоо ч гадагш гарахдаа энэ цамцаараа гоёх дуртай. Хаа явсан газар хүмүүсийн анхаарал татаж, монголынхоо брэндыг дуртайяа рекламдаж явна даа 🙂  Urban Jeans

7. Энэ Craft Stick модон савхыг бичиг хэрэглэлийн дэлгүүрт таарахаар хурдхан шиг л авлаа. Яг хэрэг болохоор олддоггүй болохоор тэр. Нэгд, мөхөөлдөс хийх гэж, хоёрт, хүүхдүүдтэйгээ элдэв юм урлаж тоглоход их хэрэг болдог. За тэгж байгаад эднийг ашиглаад ээж нь удахгүй өнгө, тоо заагаад явна даа…  Golden Pen дэлгүүр

P.S
National Geographics –ын 2016 оны Аялалын шилдэг зургийн тэмцээний ялагчид тодорсон байна лээ. Сонирхоод үзээрэй! 

/Image by Daisy Gilardini/

Удахгүй шинэ сонирхолтой пост оруулна аа. Түр баяртай!

Facebook Comments
Tags : Миний сонголтномЭэжийн булан

Leave a Response

Don`t copy text!