close

буюу урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдацгаая /1-р хэсэг/

Шинэ он гарлаа. Санасан бүхнээ хэрэгжүүлж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд, өөрөөр хэлбэл 2017 оныг амжилт дүүрэн, эрч хүчтэй өнгөрөөхөд эрүүл бие маш чухал. Эрүүл явахын тулд эрүүл хоолны дэглэм, байнгын хөдөлгөөн, эрүүл өөдрөг үзэл бодлоос гадна урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдах шиг чухал зүйл гэж үгүй.

Уг нь өнөөдөр эмч нар урьдчилан сэргийлэх шинжилгээнд тогтмол хамрагдаж бай гэж биднийг бараг гуйх нь холгүй байна. Ямар их ач холбогдолтойг мөн ч их яриад байх шиг. Бид ч ойлгоод, мэдээд байгаа хирнээ дэндүү хайнга байна! Шинж тэмдгээ үл анзааран өвчнөө хүндрүүлж байна. Цөөнгүй хүн харамсалтайгаар энэ хорвоог орхиж байна… Уг нь жилд нэгхэн өдрийг өөртөө зориулаад урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдахад юу байхав дээ, тийм биз?

Энүүхэнд гэж зөвлөхөд, хэрэв та ямар шинжилгээ өгөхөө мэдэхгүй байгаа бол эмчээс зөвлөгөө авч болохоос гадна гайгүйхэн шиг эмнэлзүйн лабораторид хандан багц шинжилгээнээс сонгоод өгөх боломжтой юм шүү дээ. За ингээд энэ жилийн анхны нийтлэлээ (зөвлөгөө) хүргэе. Цаашид манай улсад түгээмэл тохиолдох өвчин эмгэгийн оношлогоо шинжилгээний тухай дэлгэрэнгүй хүргэх тул уншигч танд ямар нэг асуулт байгаа бол shina.28@gmail.com хаягаар холбогдоорой.

ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧИН

Ихэнхи хүмүүс автомашины осолд орж тахир дутуу болохоос, хавдартай болохоос их айдаг. Гэтэл амьдрал дээр осол аваар биш харин зүрх судасны өвчин үхлийн №1 шалтгаан болж байна. Тиймээс ч эмч, мэргэжилтнүүд зүрх судасны өвчнийг хүн төрөлхтний №1 дайсан гэж нэрлээд байгаа билээ.

Яагаад? Зүрх судасны өвчлөл “залуужиж” байгаагийн гол буруутан нь орчин үеийн хүний амьдралын хэв маяг гэж мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Байнгын яарсан байдал, ажил болон гэр бүл дэх стресс, хоолны буруу дэглэм, хөдөлгөөн багатай амьдрал… Энэ бүхэн судсанд өөрчлөлт өгч, даралт ихэсэх шалтгаан болж байна. Бас нэг эрсдэлт бүлэг бол жирэмсэн эхчүүд. Тэд маань даралт ихэсэх хандлагатай болж байгаа нь цаашид даралт байнга ихэсэх, цус харвах, зүрхний шигдээстэй болох эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Хэн шинжилгээ өгөх шаардлагатай вэ? Байнга толгой өвдөх, амьсгал давхцах, гэдэс ходоод хямрах, хоол хэтрүүлэн идсэний дараа цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч байгаа хүмүүс шинжилгээ өгөх хэрэгтэй. Учир нь энэ бол зүрх судасны өвчний анхны дохио!

Хэзээ шинжилгээ өгөх вэ?20 наснаас эхлэн жил бүр тогтмол өгөх нь зүйтэй. Хэрэв тамхи татдаг, даралт ихэсдэг, эсвэл гэр бүлд зүрх судасны өвчний түүх бий бол заавал урьдчилан сэргийлэх зорилгоор шинжилгээ өгөх шаардлагатай.

Ямар шинжилгээ? Цусан дахь холестрины хэмжээ, стрессын дааврын хэмжээг цусны нарийн шинжилгээгээр тодорхойлно. Мөн даралтаа байнга хянаж байх нь чухал. 130/90-ээс дээш үзүүлэлт бол даралт ихдэх өвчний шинж тэмдэг юм шүү.

БАМБАЙ БУЛЧИРХАЙН ӨВЧИН

Бэлгийн дааврын нөлөөний улмаас бамбай булчирхайн өвчтэй хүмүүсийн дийлэнхи хувийг эмэгтэйчүүд эзэлдэг.

Яагаад? Бамбай булчирхай биемахбодын бүх бодисын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг. Үйл ажиллагаа нь алдагдахад бага эсвэл хэт их даавар ялгаруулж эхэлдэг. Тодруулбал, дааврын хэмжээ багасах нь бодисын солилцоо удааширч, бамбай булчирхайн дутмагшлын шалтгаан болдог. Харин даавар ихдэх нь бодисын солилцоо эсрэгээрээ хурдсаж улмаар бамбайн хордлогод хүргэх эрсдэлтэй.

Хэн шинжилгээ өгөх шаардлагатай вэ? Гэр бүлд хэн нэг нь бамбай булчирхайн өвчтэй байсан бол, мөн ямар нэг шалтгаангүйгээр ядрах болсон, огцом жин нэмсэн эсвэл хассан, стресст орсон хүмүүс шинжилгээ өгөх шаардлагатай.

Хэзээ шинжилгээ өгөх вэ? Ямар нэг асуудал үүсч, эмч шинжилгээ өг гэж хэлээгүй л бол 5 жил тутамд өгч байхад илүүдэхгүй.

Ямар шинжилгээ? Бамбай булчирхайн үзлэг ба хэт авиан шинжилгээгээр булчирхайн хэмжээ, бүтцийг тодорхойлно. Хамгийн гол нь цусны биохимийн шинжилгээгээр цусан дахь тиреотроп сэдээгч гормон ба тироксин дааврын түвшинг шалгах шаардлагатай юм шүү!

2-Р ХЭЛБЭРИЙН ЧИХРИЙН ШИЖИН

Чихрийн шижин хэзээ бий болдог вэ? Энгийнээр тайлбарлавал, нойр булчирхайн даавар болох инсулины туйлын дутагдлын тохиолдолд 1-р хэлбэрийн чихрийн шижин, харин инсулины харьцангуй дутагдлын үед 2-р хэлбэрийн чихрийн шижин үүсдэг.

Яагаад? Шалтгаан бол цөөнгүй. Юуны өмнө энэ бол удамшил, үрэвсэлт өвчний нөлөө. Мөн гол нөлөөлөх хүчин зүйлийн тоонд буруу хооллолт, таргалалт, хөдөлгөөний дутагдал, стресс ордог. Тэр ч утгаараа сүүлийн үед чихрийн шижин нэлээн “залуужиж” байгаа аж. Өмнө гол төлөв 40-с дээш насныханд чихрийн шижин оношлогдож байсан бол өнөөдөр 20 гаруйхан насны залуус төдийгүй бага насны хүүхдэд хүртэл ихээр тохиолдож байна.

Хэн шинжилгээ өгөх шаардлагатай вэ? Ойрын төрөл садан дунд чихрийн шижинтэй хүн бий бол, эсвэл ойр ойрхон шээх, ам цангах, даралт ихсэх, цусан дахь холестрины түвшин нэмэгдэх, таргалах буюу огцом турах, шалтгаангүйгээр ядрах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа бол шинжилгээ өгөх нь зүйтэй. Мөн чихрийн шижингийн үед арьс загатнах, хараа муудах гэсэн шинж тэмдэг илэрдэг гэдгийг мэдэж байхад илүүдэхгүй болов уу…

Хэзээ шинжилгээ өгөх вэ? Цусан дахь глюкозын түвшин хэвийн байсан ч гэсэн хүн бүр жил бүр шинжилгээ өгч байхад ер илүүдэхгүй.

Ямар шинжилгээ? Глюкозын түвшинг тодорхойлохын тулд цусны болон шээсний шинжилгээ өгнө. Эдгээр шинжилгээг өглөө, өлөн дээрээ өгөх шаардлагатай гэдэг.

ХӨХНИЙ ХАВДАР

Хөхний хавдар үүсэх шалтгаан одоо хүртэл тодорхойгүй байгааг дэлхийн эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг.

Яагаад? Хөхний хавдар үүсэхэд удамшлаас гадна сарын тэмдэг эрт эхлэх (11 наснаас өмнө), цэвэршилт хожуу эхлэх (55 наснаас хойш), хүүхдээ хөхөөр огт хөхүүлээгүй байх гэх зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг гэж үздэг. Мөн дааврын баланс алдагдах (таргалах, жирэмслэлтээс хамгаалах эм бэлдмэл удаан уух, бамбай булчирхайн үйл ажиллагаа доголдох), сэтгэлийн гүн хямрал, шок хүртэл эрсдэлт хүчин зүйлд тооцогддог.

Хэзээ шинжилгээ өгөх вэ? 20 наснаас эхлэн хөхөндөө анхаарал тавьж, тогтмол шинжилгээ өгдөг дадал зуршилтай болох нь маш чухал. Ингэж байж эмэгтэйчүүд хөхний хавдрыг эрт илрүүлж, эмчлэх бүрэн боломжтой болно.

Ямар шинжилгээ? 40 хүртлэх насны бүх эмэгтэйчүүд рентген, ЭХО, харин 40-с дээш насныхан жил бүр маммограмм хийлгэнэ.

НҮДНИЙ ӨВЧИН

Компьютерийн харааны синдром бол оффисын ажилтай эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог өвчний нэг. Харшлын гаралтай конъюнктивит нь цэцэг ногоо ургах үед харшилтай хүмүүст, мөн байнга линз зүүдэг хүмүүст тохиолддог. Нүдний даралт ихсэх буюу глаукома өвчин гол төлөв 55-60 наснаас хойш эхэлнэ. Гэхдээ гэр бүлд ийм өвчний түүх бий бол нас хамаарахгүй өртөх эрсдэлтэй гэж мэргэжилтнүүд анхааруулдаг.

Хэн шинжилгээ өгөх шаардлагатай вэ? Дээрх шинж тэмдэг илэрсэн болоод удамшилтай хүмүүс шинжилгээ өгнө.

Хэзээ шинжилгээ өгөх вэ? Хараа сайтай ч гэсэн 40 нас хүртлээ нүдний эмчид 5 жил тутам үзүүлж байх хэрэгтэй. 40 гараад хоёр жилд нэг удаа, харин 60 хүрсэн бол жил бүр үзүүлээрэй.

Ямар шинжилгээ? Глаукомаг сэжиглэсэн тохиолдолд эмчийн заавраар нүдний даралт хэмжих, нүдний хэлбэр, хэмжээний өөрчлөлтүүдийг илрүүлэх, харааны талбай шалгах зэрэг нэмэлт шинжилгээ авна.

ОСТЕОПЕНИ

Энэ бол кальциа алдаж, эрдэсийн нягтрал багасаж өөрчлөгдөх ясны массын байдал. Яс сийрэгжилтийн шинж тэмдэг буюу ясны сийрэгжилтийн зөөлөн хэлбэр гэж нэрлэх нь ч бий. Сүүлийн үед остеопени 30 гаруйхан насны эмэгтэчүүдэд ихээр илрэх болсонд эмч нар санаа зовниж байна.

Яагаад? Удамшил (гэр бүлийн хэн нэгэн ахмад гишүүн үе үе ясаа хугалж, тэр дундаа гуя нугалмын хугарал тохиолдож байсан) бол остеопени, цаашлаад ясны сийрэгжилттэй болох магадлалыг эрс нэмэгдүүлдэг гол хүчин зүйл. Залуу насанд ясны эд эсэд өөрчлөлт ороход үе мөч, дотоод шүүрлийн болон цусны өвчлөлүүд ихээр нөлөөлдөг. Мөн ясны системийг сулруулдаг өөр нэг хүчин зүйл бол хоол хүнсэндэх кальцийн дутагдал, биеийн тамир, хөдөлгөөний дутагдал юм.

Хэн шинжилгээ өгөх шаардлагатай вэ? Эрсдэлт бүлэгт орох буюу цэвэршилт нь эхэлсэн, ясны сийрэгжилтийн удамшилтай, тамхи татдаг, ясны нягтрал болон биеийн жингийн индекс багатай эмэгтэйчүүд шинжилгээ өгөх шаардлагатай.

Хэзээ шинжилгээ өгөх вэ? Ясны сийрэгжилт хэдийнээ хөгшчүүлийн өвчин гэгдэхээ больсон учир хэрэв та эрсдэлт бүлэгт багтаж байгаа бол 25 наснаас эхлэн шаардлагатай шинжилгээнүүдийг өгч байх нь зөв. Хэрэв ясны эрдэсийн нягтрал хэвийн хэмжээнд байгаа бол цэвэршилт эхэлсэн үеэс эхлэн тогтмол шинжилгээ өгч дадаарай.

Ямар шинжилгээ? Ясны эрдэсийн нягтралыг тодорхойлох шинжилгээ өгнө. Мөн жил бүр өндрөө хэмжиж байгаарай. Хэрэв таны өндөр 3-4 см –ээр багасаж байвал эмчтэй зөвлөх нь зүйтэй. Учир нь энэ ясны сийрэгжилтийн шинж тэмдэг байж болзошгүй.

Facebook Comments
Tags : Мэдэхэд илүүдэхгүйШинжилгээЭрүүл мэнд

Leave a Response

Don`t copy text!