close
Супер хүнсЭрүүл хооллохуй

Хүүхэд ба Супер хүнс /1-р хэсэг/

Супер хүнс гэдэг нэг “моод”-ный үг байна аа, тийм ээ? Аз болж дэлхий даяар моод болж, эрүүл мэндийг дэмжигч гэгдэх болсон хүнсний бүтээгдэхүүний ихэнхийг Монголд худалдаж авах боломжтой болж.

Гэхдээ супер хүнс гэхээр заавал далайн чанадын, амьдралдаа харж үзээгүй бүтээгдэхүүнийг хэлэхгүй л дээ. Бидний өдөр тутам хоол хүнсэндээ хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүний ихэнхийг супер гэж хэлж болно. Тухайлбал, бидний байнгын хэрэглээ болсон чацаргана, гурвалжин будаа, манжин маань нөгөө далайн чанадад гайхамшигтай супер хүнсний тоонд орж, сүүлийн үеийн хит болоод байгаа юм шүү дээ. Тэгэхээр боломж байвал хааяахан гадны супер-дупер хүнсийг хоолны дэглэмэндээ нэмж хэрэглэхээс гадна Монголынхоо хөрснөө ургасан, аль болох органик, байгалийн бүтээгдэхүүнээ түлхүү зооглож байхад болох нь тэр гэж бодогддог юм.

Өнөөдөр та бүхэндээ өөрийнхөө биш харин хүүгийнхээ хоолны дэглэмэнд нь багаас нь оруулсан зарим нэг супер хүнсний бүтээгдэхүүнийг товчхондоо танилцуулья гэж бодлоо (хүү идэж байна аа гэдэг чинь ээж нь бас идэж байна аа л гэсэн үг). Үүнд гадны гайхал ч бий, насан багын танилууд ч бий шүү 🙂

Бөдөнгийн өндөг

Манай хүү тахианы өндөг амсаж үзэхээсээ өмнө буюу ой хүрсэн үү үгүй юу бөдөнгийн өндөг идэж эхэлсэн. Одоо ч гэсэн өглөөний хоолондоо идэх дуртай, 4-5 ширхэгийг нэг доор цааш харуулдаг хүүхэд дээ.

Би өөрөө энэ өндгөнд маш дуртай, амттай санагдаад байдаг юм. Шим тэжээлийн хувьд тахианы өндөгнөөс хавь илүү: найрлагад нь хүүхдийн эрүүл өсөлтөд нэн хэрэгтэй магни, кальци, фосфор, натри, төмөр гээд бараг бүх эрдэс байдгаас гадна А, В1, В2, В6, В9, РР, Е витамин их хэмжээгээр агуулагддаг. Бөдөнгийн өндөг иддэг хүүхдэд нэмэлтээр кальци өгөх шаардлагагүй гэдэг юм билээ. За бас нэг хамгийн чухал давуу тал бол энэ өндөгнөөс хордлого авна гэж бараг үгүй бөгөөд харшил (диатез) өгдөггүйгээр онцлог.

Гурвалжин будаа

Бидний эртний танил хирнээ ач холбогдлыг нь төдийлөн сайн мэддэггүй будаа. Уг нь төмөр, йод, цинк, кали, кальци, В бүлгийн витамин, Е витамин, мөн маш их олон нэрийн амино хүчлээр  баялаг гэгддэг. За тэгээд бүр gluten-free (глютен агуулаагүй), харшил өгдөггүй учир гадаадад моод болж буй супер хүнс…

Одоо л гурвалжин будаатай хуургыг асуудалгүй идэж байгаа болохоос өмнө, арай жаахан байхад нь будааг гурил болтол нь тээрэмдэж байгаад кааш хийх, эсвэл тараганд дэвтээж зөөлрүүлсэн байдалтай иддэг байсан.

Чиа үр

Орчин цаг үеийн Топын Топ супер хүнсэнд тооцогдох чиа үр. Ажиглаад байхнээ манайд турахад дэмтэй гэж илүү сурталчилаад, эрэл хайгуул болгоод байх шиг. Миний хувьд чиа үрийг аминдэмийн уурхай гэсэн өнцгөөс харж, хүндэлдэг учир хэдэн жилийн өмнөөс хоолны дэглэмэндээ нэмсэн учиртай.

Омега-3, магни, хүнсний ислэг, кали, төмөр, кальци (сүүнд агуулагдах кальциас хамаагүй их!), мөн уураг болон антиоксидантаар нэн баялаг тул хүүхдийн хоолны дэглэмэнд нэмэхэд илүүдэхгүй гэж би хувьдаа боддог. Манай хүү 2 наснаасаа эхлэн чиа үрийг идэж байгаа. Гэхдээ мэдээж тэр тухай мань эр өөрөө мэдэхгүй байгаа л даа 🙂 Амт гээд байх зүйлгүй болохоор тараг, кааш, жимсний смүзид нь хийгээд өгчихдөг.

Зун цаг айсуй. Шинэ ногоо гарч эхэлж байна. Ёстой л смүзи хийж уудаг цаг даа. Та өөрийн дуртай смүзидээ чиа үр хийж уугаад үзээрэй. Амтанд нөлөөлөхгүй. Харин аминдэмийг хэд дахин нэмж өгөх болно. Хүүхэддээ өгөхөө мартуузай 🙂

Кинва / Quinoa

Саяхан кинваг Ээж Будаа гэж орчуулдагтай таарсан. Тэгэхээр ямар их аминдэм, шим тэжээлтэй болохыг бараг ойлгосон байх тийм үү 🙂

3-4 жилийн өмнө заавал гаднаас өөрөө чирж ирдэг байсан бол одоо органик дэлгүүр төдийгүй Номингийн салбаруудаар ч харагдана лээ. Хэрэв та идэж үзээгүй бол нэг аваад үзэхийг зөвлөе. Найрлагын хувьд, олон төрлийн эрдэс бодис агуулагдахаас гадна кинва бол тэр чигээрээ уураг + 10 гаруй нэрийн амино хүчил. Тэр дундаа кинва нь лизин буюу эд эсийн өсөлт хөгжил, бодисын солилцоонд зайлшгүй шаардлагатай аминохүчлийн агууламжаараа тэргүүлдэг.

Би кинваг хүүдээ долоо хоногт нэг удаа цагаан будааны оронд өгдөг. Эхэн үедээ идэх дурамжхандуу байсаан, амаар нь дүүрэн жижигхэн будаа дүүрэхээр гайхаад “маягладаг” байсан л даа хэхэх Одоо ч асуудалгүй иддэг болсон.

Амтат төмс

За, манай хүүгийн хамгийн дуртай ногоо бол амтат төмс юм шүү дээ. Аргагүй л дээ, амттай юм чинь хэхэх Бор хоолонд орох үеэс нь бага багаар нэмж ирсэн. Кали, төмөр, кальци, селен, С витамин, В бүлгийн витамин, хүнсний ислэг болон бета-каротинаар нэн баялаг тул хүүхэд төдийгүй томчууд бид зооглож байвал зохино.

За, маш ойлгомжтой хүнсний ногоо тул нэмэлт тайлбар илүүц биздээ, төмсний оронд нэг хэрэглээд үзээрэй!

Грек тараг / Greek yoghurt

Хүү маань зөвхөн чихэргүй тараг иддэг гэвэл ёстой худлаа ярьсан болно хэхэх Гэхдээ 2 нас хүртлээ яахын аргагүй дан чихэргүй тараг иддэг байсан. Даанч дэлгүүрийн йогурт нэг амсаад л байдал эвгүйтсээн. Хамт дэлгүүр орох бол заавал нэг йогурттай гардаг болсон доо. За тэгээд чихэргүй тарагыг болж л өгвөл идэхгүй гэж цааш харна…

Тиймээс миний өмнөө тавьсан нэгэн ойрын зорилго бол хүүгийнхээ идэх йогуртын хэмжээг багасгах (хааяахан мэдээж болно л доо), чихэргүй, бүрсэн тарагаар орлуулах. Зорилгодоо хүрэхийн тулд хичээж л байна. Дэлгүүрээс аль болох йогурт авахгүй байгаа. Гол нь гэрт байхгүй байх хэрэгтэй гэдэг шүү дээ 🙂 Сүүлийн үед тараг нэхвэл грек тараг /Greek yogurt/ өгөхийг хичээж байна. Тослог багатай, уураг ихтэй. Кальци, йод, калийн агууламжаараа бусад тарагнаас ялгагддаг. Ер нь олон оронд супер, тэр дундаа жин хаяхад тусалдаг шидтэй хүнсний тоонд ордог (турах хүсэлтэй ээжүүд анхаарна биз дээ 🙂 )

Улаанбаатарт жинхэнэ грек тараг олох амаргүй. Миний хувьд, одоогоор эндээс л авч байгаа. Гоё, органик грек тараг хийдэг газар байна лээ… Shop locally гэж үүнийг хэлэх байх аа 🙂

За өнөөдрийн бичвэрээ үүгээр дуусгая. Дараагийн бичвэр болтол түр баяртай, бүсгүйчүүдээ… 🙂

Facebook Comments
Tags : АминдэмБидний сонголтДархлааСупер хүнсХүүхдийн эрүүл мэндЭрүүл хооллохуй

Leave a Response

Don`t copy text!