close
АмьдралМиний сонголт

40 насны бүсгүйд байх ёстой 10 зүйл

Блогийг минь уншдаг хүмүүс ихэнхи нь мэдэхгүй л байх… Би чинь энэ жил 40 нас хүрсэн хүн шүү дээ. Жаахан байхад 40-тэй гэхээр нэг л хөгшин, бараг эмээ өвөө мэт санагдаж билээ. Харин өнөөдрийн дөчтэй эмэгтэйчүүдийг эмээ гэж хэлэх үнэхээр хэцүү, тийм ээ? Янзын биеэ авч явж байгаа бүсгүйчүүд зөндөө байна. Би ч өөрийнхөө хэмжээнд, энүүхэндээ хичээж л явна. Тэгээд ч амьдрал 40 наснаас эхэлдэг гэдэг биз дээ?  Гандан буурахгүй, нөгөө Sex and the city дээр гардаг гоё эгч нар шиг л өөрийгөө мэдэрч явна даа, эгч нь 🙂

Өөрийгөө мэдрэх тухай ч яахав. Залуу сайхан байна гэж итгээд байгаа. Харин насыг дагаад яалтчгүй өөрчлөгдсөн нэг зүйл бол хэрэглээний талаарх хандлага. Одоо бол надад шүүгээ дүүрэн  хувцас, будаг шунх нь багтаж ядсан вааны өрөө нэг их чухал биш болж. Цагийн аясаар хэрэглээ минь тооноос чанарт хэдийнэ шилжсээр. Тэгээд бодлоо. Бидний насны бүсгүйчүүдэд ер нь юу байх ёстой вэ? Бид юунд мөнгө харамлахгүй байвал зохих вэ? Энэ талаар интернетэд зөндөө л зөвлөгөө байдаг юм билээ. Өөрийн сэтгэлд нийцэх зүйлс + өөрийн бодлоо шингээсэн топ-10 гэсэн жагсаалт гаргаад үзлээ. Та юу гэж бодож байна?

 

Өөрт тохирсон гоо сайхан // Залуу насны батганы асуудлаас хэдийнээ салж, арьсныхаа учрыг овоо олсон байх учиртай нас. Нөгөөтээгүүр, эмэгтэй хүний насыг арьсаар нь мэдэх боломжтой гэдэг шүү дээ. Тиймээс энэ насны бүсгүйчүүд маань өөрт яг сайхан таарах сайн гоо сайхны брендтэй найзалж эхлэхэд гэмгүй (уг нь 30 хүрээд л анхаарч эхлэх асуудал л даа 🙂 ).

Чанартай цүнх  // Нэг сайн, чанартай цүнхтэй байхад алзахгүй дээ!  Гоё цүнх ямар ч хувцсыг чимж амилуулах төдийгүй бүсгүй хүнд итгэл бэлэглэдэг шидтэй санагддаг юм…

Жинхэнэ найзууд // Тайлбарлах шаардлагагүй болов уу?

Ноолууран пальто // Цайны ганц гэдэг шиг би Говийнхоо ганц пальтондоо их хайртай. Эмэгтэй хүний хувцасны шүүгээнд заавал байх ёстой эд гэж боддог 🙂 Сүүлийн үед Говь ч тэр Гоёо ч тэр ёстой янзын янзын пальто гаргаж байна лээ, бүр шунал хөдөлгөөд байгаам даа хэхэх

Сайн цаг // Гар хуруундаа нэг их олон алт мөнгө зүүснээс ганц чанартай цаг зүүсэн байхад л төгс төгөлдөр! Ажил хэргийн уулзалтанд ч тэр романтик үдэш ч тэр эрчүүд таны бөгжийг биш харин зүүсэн цагийг тань анзаарах нь гарцаагүй (миний ажиглалт шүү хэхэх).   

Нарнаас хамгаалах тос // Нарнаас хамгаалахгүй бол наснаасаа хөгшин харагдана гэдгийг ямагт санаж яв. Гадуур үнэ ханшийн хувьд ч, найрлага бүтцийн хувьд ч янз бүрээрээ л байна лээ. Маш ярвигтай тос, дээрээс нь бүсгүйчүүдийн хүсэл хэрэгцээ өөр өөр тул миний хувьд хэзээ ч өөрийн хэрэглэдэг нарнаас хамгаалах тосыг хамгийн сайн гэж санал болгодоггүй, уучилна биз дээ 🙂

Монгол дээл // Ямар нэгэн арга хэмжээн дээр дээлтэй очиход тасархай л харагддаг юм даа. Нас нэмэх тусам дээл илүү гоё зохиод байгааг анзаарсан биз дээ? (зургийг via @mode.mng)

Little Black Dress // За, заавал хар байх ч албагүй л дээ. Хэдэн настай ч бай биеийн галбирыг хамгийн гоё харагдуулах даашинз бүсгүй хүнд байх ёстой. Өөр тайлбар үгүй 🙂

Хадгаламж // Өдий насны бүсгүй та мөнгө хуримтлуулж ирсэн гэж найдаж байна шүү! Үгүй бол хадгаламжийн дэвтэр нээлгэхэд хэзээ ч оройтохгүй. Хүүхдүүд өсөж, сургууль соёлын төлбөр хэрэг болно. Эрүүл мэндэд зарцуулах зардал ихэснэ… За тэгээд нэг мэдэхэд тэтгэвэрт гарч энэтэр 🙂

Эрүүл мэнд // За тэгээд эцэст нь, хичнээн өөрийгөө залуу сайхнаар мэдэрч байсан ч нас бол нас. 40 хүрээд өөрийнхөө төлөө, үр хүүхдүүдийнхээ төлөө эрүүл мэнддээ жинхэнээсээ анхаарах ёстойгоо мэдэрдэг юм билээ. Тэгэхээр наад зах нь урьдчилан сэргийлэх шинжилгээнүүдээ өг, биеийн тамираар тогтмол хичээллэ, эрүүл зөв хоолло гэж зөвлөх байна. Тамхи татдаг одоо шууд хая /хамгийн хэрэггүй зуршил!/. Өөрийн эрүүл мэнд, өөрөөсөө мөнгө бүү харамла.

 

Facebook Comments
Tags : InspirationАмьдралын Хэв МаягМиний сонголтЭэжийн булан

Leave a Response

Don`t copy text!