close

Цэцэрлэгийнхээ шинэ жилийн баярын өмнө хүү маань салхин цэцэгтэв ээ гэж… “Эээ хөөрхий” гэж санаа алдсан ч “За, ашгүй нэг тусав” гэсэн бодол давамгайлж улмаар ээж нь өвчний талаар гялс судалж орхив. Ойрд цэцэрлэгүүдээр салхин цэцгийн халдвар гарч буй мэдээлэл цөөнгүй байгаа тул эцэг эхчүүдэд өөрсдийн туршлагандээр үндэслээд товч бөгөөд тодорхой мэдээлэл, зөвлөгөө хүргэе гэж бодлоо.

Юуны өмнө. Айх хэрэггүй. Хүн бүрийн давдаг даваа гэдэг тул аль болох бага насандаа тусчихвал сайн. Учир нь нас нэмэхийн хирээр буюу хөгширсөн хойноо салхин цэцэгтэнэ гэдэг нь нилээн хүнд даваа гэх юм билээ. Өөрөөр хэлбэл, насанд хүрэгчидтэй харьцуулахад хүүхдүүд энэхүү халдварыг зовиур багатай давдаг. Тиймээс ч олон оронд салхин цэцгийн халдвар гарлаа гээд цэцэрлэгүүд үүд хаалгаа хааж, карантин зарлаад байдаггүй. Тэр ч бүү хэл эцэг эхчүүд салхин цэцгийн сургаар хүүхэддээ албаар тусгах гэж халдвартай хүүхэдтэй хамт байлгадаг гэх…. за тэр яахав хэхэх 🙂 Гол сэдэв рүүгээ орьё.

Тэгэхээр, салхин цэцэг гэж ямар өвчин бэ?

Салхин цэцэг нь герпесийн вирүсээр үүсгэгддэг, агаар дуслын замаар халдварладаг өвчин гэдгийг бүгд мэддэг болсон байх. Өвчний нууц үе гэж байх ба энэ нь дунджаар 15 хоног байдаг гэдэг. Хүүгийн маань явдаг цэцэрлэгт сар гаруйн өмнө халдвар гарсан ч халдварын анхны шинж тэмдэг яг 7 хоногийн өмнө бүлээрэх хэлбэрээр илэрсэн. Би ханиад болов уу гээд цэцэрлэгт нь явуулалгүй өнжүүлсэн. Харин маргааш нь албанд нь явуулах гэтэл чихний ард нь цэврүү шиг тууралт гарсныг анзаарч, салхин цэцгийн халдвар авсныг нь ойлгосон билээ.

Ямар шинж тэмдэг илрэх вэ?

  • Халуурна
  • Толгойноос нь эхлэн бүх биеээр нь гүвдрүүт тууралт гарна, тэр нь загатнана
  • Хоолны дуршилгүй болно
  • Ядрана

Ямар арга хэмжээ авах вэ?

  1. Юуны өмнө эмчтэйгээ холбогдоно. Халдварт өвчин тул хүүхдийн эмнэлэг авч явахаас илүүтэйгээр ХӨСҮТ –д хандаж, оношыг баталгаажуулах нь зүйтэй. Бидний тохиолдолд онош баттай байсан тул шууд л байнга үзүүлдэг эмчтэйгээ утсаар ярьж, шинж тэмдэг, зовиурыг нь хэлээд уух эмийн талаар зөвлөгөө авсан.
    Харин дараа нь хаширлаад (хүндрэх вий гэж олон юм бодогдоод) ямар ч гэсэн гээд ХӨСҮТ –ийн 100 гэсэн дугаарлуу ярьж хүүхдийнхээ зовиур болоод уух гэж байгаа эмийнхээ талаар хэлж, нэмэлт зөвлөгөө авсан.
    Зөвлөгөө: Хэрэв хүүхдэд тань халдварын шинж тэмдэг илэрсэн бол ХӨСҮТ –ийн Яаралтай тусламжийн 100 –руу залгаж эмчээс зөвлөгөө авч болох юм билээ. Харин эм уусан ч халуун нь буухгүй халуураад байх бол энэ утсаар эмч дуудах хэрэгтэй гэсэн шүү. Нэмж хэлэхэд, ачаалал ихтэй дугаар учир уурлаж уцаарлалгүй дахин дахин залгаад байгаарай. Холбогдож байна лээ!
  2. Биеэр нь нилээн хэмжээний тууралт гарсан. Загатнах магадлал өндөр гэдэг юм билээ. Хэрэв маажих бол нэмж халдвар авч идээлэх, насан туршийн сорви үлдэх аюултай. Тэгэхээр хүүхэддээ яагаад маажиж болохгүй гэдгийг сайн тайлбарлаж өгөх хэрэгтэй санагдсан. Ямартаа ч 4 настай хүү маань миний тайлбарыг маш сайн ойлгосон. Ёстой ганц ч маажаагүй дээ. Загатнахаараа “Загатнаад байна” эсвэл “Өвдөөд байна” гэж хэлдэг байсан ба тэгэхээр нь би үлээж, зөөлөн илэхээс гадна анхаарлыг нь өөр зүйлд сатааруулахыг хичээж байлаа.
    Зөвлөгөө: Хүүхдийнхээ хумсыг авч, гарыг нь ойр ойрхон угааж байгаарай (маажаад тууралтыг үрэвсүүлэх, өөр халдвар оруулахгүйн тулд). Бүр нялх, бага насны хүүхдийн тохиолдолд гарт нь бээлий өмсүүлэх нь зүйтэй.
    Мөн ихээр загатнах үед зовиурыг нь багасгах, тайвшруулах зорилгоор гистамины эсрэг бэлдмэл ууж болно гэдэг тул эмчээсээ энэ талаар тодруулаад гэртээ эм бэлэн байлгаж байхад илүүдэхгүй болов уу.
  3. Халдвар илэрсний маргаашаас нь эхлэн 2 хоног өдрийн туршид үе үе бүлээрч, мөн нэг шөнө халуурсан. Өдөр бүлээрэхэд нь бид тусгайлан эм өгөөгүй. Хүний биеийн температур нэмэгдэх нь биемахбод өөрөө өвчинтэй тэмцэж байгаа хэрэг гэдэг шүү дээ. Хүүхдэд айхтар зовиургүй байгаа бол бүлээрэх төдийд ер нь халууныг буулгах гэж яарсны хэрэггүй. Харин нэг шөнө халуурч, унтаж чадахгүй уйлагнаад байсан тул нурофен өгсөн.
    Зөвлөгөө: Салхин цэцэгтэй холбоотой гадны эрүүл мэндийн сайтуудыг уншиж байхад нэг чухал сануулга харагдсан. Юу вэ гэхээр, халдвар авсан хүүхдийн халууныг буулгахын тулд АСПИРИН эмийг ХЭРХЭВЧ ӨГЧ БОЛОХГҮЙ. ХОРИОТОЙ гэх юм билээ. Энгийнээр тайлбарлавал: аспирин болон салхин цэцгийн вирүс хоёр харшилдаг. Тархи болон элэгний хүнд гэмтэл болох Рейе хамшинж үүсгэх аюултай гэнэ. Эмч нар салхин цэцэгтсэн хүүхдийн халууныг аль болох парацетамолоор дарахыг зөвлөдөг юм байна. Мэдэхэд илүүдэхгүй болов уу, тийм ээ?
  4. Хоолондоо дургүй болно. Бидний тохиолдолд аман дотор, хэлэн дээр нь ч тууралт гарсан тул бүр ч хоол идэхгүй гээд янзгүй байсан. Ер нь хүүхэд өвдсөн үед заавал хооллох гэж шахах дэмий байдаг шүү дээ. Өвчинтэй тэмцэж ядаж байхад ходоодыг нь хоолоор дүүргэж, биед нь ачааллыг нэмэх хэрэггүй гэдэг.
    Зөвлөгөө: Аль болох жимс ногоо, тараг түлхүү өгч, ам нь гэмтсэн бол хоолыг зутан, нухаш хэлбэрээр бэлдэж өгнө. Хүүхэд өөрөө барагтаа л юм ууя гэж гүйж ирэхгүй тул ээж аав нар байн байн бага багаар шингэн сайн уулгаж байх хэрэгтэй.

Ариун цэврийн арга хэмжээ:

  • Дотуур хувцсыг нь өдөр тутам солих (хүүхдийн хошногын амсарт, бэлэг эрхтэн дээр нь тууралт гарна)
  • Душанд орж байх (бид гуравдахь өдрөөс эхлэн хөнгөхөн, ёстой л 5-хан минутын душанд гялс гялс орж эхэлсэн). Усны хэм нь мэдээж халуун байж болохгүй. Боломжоороо бүлээн бол сайн. Ядаж загатнаа багасна. Душанд орсны дараа биеийг нь хэрхэвч арчиж болохгүй, хүүхдээ зүгээр л алчууранд ороочих, өөрөө хатчихна…
  • Хүүхдэд нимгэн, цэвэр даавуу бүхий хувцас өмсүүлэх (гар хөлөө маажихгүйн тулд гэртээ футболктой биш харин ийн зөөлөн даавуун урт ханцуйтай унтлагын хувцастайгаа байвал зүгээр санагдсан).
  • Гэр дулаахан бол хүүхдээ дулаалж, зузаалах хэрэггүй. Халуудах бол цэврүүнүүд маань загатнана л гэсэн үг.
  • Амыг нь сайн цэвэрлэж, угааж, усаар зайлж байх
  • Ор дэрний давууг ойр ойрхон солих
  • За тэгээд ээж аав гараа байнга угааж байхаа мартуузай!!! Гараа угаагаагүй бол хүүхдийн биед бүү хүрч байгаарай.

Хэзээ эмч дуудаж үзүүлэх шаардлагатай вэ?

  • Эм уусан ч халуун нь буухгүй байгаад байх бол
  • Хүүхдийн бие маш хурдан маш ихээр, битүү улаан туурах бол
  • Тууралт идээллэж, үрэвссэн бол
  • Хүүхдийн үе мөч өвдөх, хавдах, улайж эхлэх бол

Хэзээ эдгэсэн гэж үзэх вэ?

Хүүхдийн биендээр хамгийн сүүлд гарсан тууралтаас хойш 5 хоног өнгөрснөөр хүүхэд халдваргүй болсон буюу эдгэсэн гэж үздэг. Мэдээж сүүлийн толбыг олж тогтоохын тулд бүх тууралтыг тоолно гэж юу байхав. Гэхдээ сайн анзаарвал хянах боломжтой л юм билээ. Ялангуяа нөгөө түрхэж болно болохгүй, хэрэгтэй хэрэггүй нь төдийлөн ойлгомжгүй байгаа ногоон эсвэл цэнхэр өнгөтэй уусмалыг түрхэх бол хамгийн сүүлд хэзээ тууралт гарсныг хянаж болохоор санагдсан шүү 😉

Ө.х би хүүгийнхээ зарим тууралтан дээр метилин түрхсэн. Метилины үр дүнгийн талаар одоохондоо хэлэх юм даанч алга хэхэх Гэхдээ тууралтыг ялгахад нэмэртэй буюу тууралт нэмэгдэж гарсан эсэхийг хянахад бол тустай л юм байна лээ хэхэх (тэгэхээр түрхэх эсэх нь таны л сонголт 🙂 )

Эцэст нь, аливаад өөдрөг хандаж байхын чухлыг сануулаад бичвэрээ дуусгая гэж бодлоо. Өвчний тохиолдолд ч гэсэн ялгаагүй. Хүн чинь сэтгэлийн амьтан шүү дээ. Ээж та унжийгаад, бүтэхгүй нь, эдгэхгүй байна гэж хямраад байвал энэ энергийг хүүхэд тань мэдрэнэ. Тэгээд дагаад л нурмайна, эмчилгээ үр дүнгүй болох нь бий.  Тиймээс үүссэн байдлаас сайн талыг олж хараад, талархаад тэгээд “Хурдан зүгээр болно оо!” гэсэн эерэг бодолтойгоор эмчилгээгээ эхлэх нь зүйтэй. Үгүй, хүүхэд маань халуун зунаар биш хүйтний улиралд салхин цэцэгтлээ шүү дээ. Аз биш гэж үү 🙂

Бид удахгүй албандаа явна аа хө…

Facebook Comments
Tags : Мэдэхэд илүүдэхгүйХүүхдийн эрүүл мэндЭмчилгээ

Leave a Response

Don`t copy text!