close

Зуны улиралд хүүхдүүд гэртээ тогтоно гэж үгүй. Болж л өгвөл гадаа өдөржин гүйж тоглохыг хүснэ. Амралтын энэ үед эцэг эхчүүд бид хүүхдүүдээ аливаа эрсдэлээс хамгаалах нь зүйн хэрэг биз ээ.

Ийн “Хүүхдийн аюулгүй байдал” блог-төслийнхөө эхлэлийг тавьж зуны улиралд анхааралдаа авах хамгийн чухал 5 сануулгыг хүргэж байна. Мэдээж сануулга тус бүрийг дэлгэрэнгүй бичиж болох ч энэ удаад Check-Up хэлбэрээр буюу товчоор хүргэе гэж бодож байна. Дараа дараагийн зөвлөмжийг дэлгэрэнгүй хүргэх болно!

Нарнаас хамгаал!

Монголын зун нилээн хуурай халуун талдаа. Ямар ч хамгаалалтгүй бол хүүхдийн угийн эмзэг арьс бүр ч эмзэгшинэ. Багаас нь наранд хамгаалалтгүй байлгаад, борлуулж байгаа гээд арьсыг нь түлж гэмтээгээд байвал ирээдүйд арьсны хавдрын асуудал үүсэх эрсдэлтэйг эрдэмтэд сануулсаар байгаа билээ. Тиймээс зуны халуунд нарнаас хамгаалах тосыг заавал түрхэж байх шаардлагатай гэсэн үг.

Нарны тос түрхэхдээ анхаарах зүйл:

  • Тосны хамгаалалт SPF15 – SPF30 байх
  • Гадаа гарахаас 30 минутын өмнө түрхэх
  • Тосны зааварчилгаатай сайтар танилцаж, заасан хугацаанд сэргээж түрхэж байх (ихэвчлэн 1-2 цаг тутамд, мөн усанд орж гарах бүрийд гэсэн заалттай байдаг)
  • Хүүхдэд аль болох органик найрлагатайг сонгож түрхэж байх
  • Нарнаас хамгаалах тосыг 6 сараас бага насны хүүхдэд хэрэглэхгүй байх (малгай өмсүүлэх, сүүдэрт байлгахад л анхаарах)
  • Бүрхэг өдөр ч түрхэж байх
  • Хэрэв нарнаас хамгаалах спрэй хэрэглэх гэж байгаа бол гэртээ биш харин гадаа гарч байж цацах. Мөн хүүхдийн нүүр рүү нь цацаж хэрхэвч болохгүй. Гар дээрээ цацаж аваад хүүхдийнхээ нүүрэнд түрхэх нь зүйтэй
  • Хэрэв хүүхэд тань өөрөө нарны тосоо түрхэж байгаа бол нүдэнд нь тос орохоос сэргийлж гараа угаахыг сануулаарай.

Нарны хамгаалалт гэдэг нь ганц нарны тос биш гэдгийг мартаж болохгүй. Нарны хэт ягаан туяа элс, ус, хүүхдийн тоглоом гэхмэт бүхий л гадаргуунд ойж байдаг тул хүүхдийн нүдийг хамгаалахын тулд нарны шил зүүлгэх, хүзүү, чих, нүүр халхлах малгай өмсүүлэх хэрэгтэй.

Түүнчлэн SPF хамгаалалттай хувцас олоод авбал тун зүгээр. Ялангуяа гол мөрөн, далай дээр амрах тохиолдолд SPF  хамгаалалт бүхий усны хувцас их хэрэг болдог.

Эцэст нь, хэдийгээр зуныг ашиглаад үр хүүхдээ гадаа цэвэр агаарт байлгах нь зөв ч өдрийн 10 – 16 цагийн хооронд гэртээ үгүй бол ядаж сүүдэрт тоглуулж байхыг хичээгээрэй.

Хамааралтай нийтлэл: Хүүхэддээ хэрхэн нарны тос сонгох вэ?

Шингэн алдахаас сэргийл!

Томчуудыг бодвол хүүхэд илүүтэйгээр шингэний дутагдалд орох хандлагатай байдаг. Тэд илүү хөдөлгөөн ихтэй, ядрахаа мэдэхгүй тоглож гүйлдэнэ. Гэтэл биеийн температур нь нэмэгдэх тусам шингэний дутагдалд орох эрсдэл нэмэгддэг.

Тэгэхээр зуны өдрүүдэд хүүхэдээ шингэний дутагдалд оруулахгүйн тулд (ялангуяа халуун өдөр) 15-30 минут тутамд балга ч болов цэвэр ус уулгаж байгаарай.

Мэдэж байхад илүүдэхгүй байх → Хүүхэд шингэний дутагдалд орсныг дараах шинжээр мэдэж болно. Үүнд:

  • Ам, хэл нь хуурай, хатсан байх
  • Уйлж байхад нулимс гарахгүй байх
  • Өндөр халуурах
  • Гэдэс, нүд, хацар хонхойх
  • Бие сулрах, уцаартай байх

 

Хамгаалалт мартахгүй байх!

Өнгөрсөн долоо хоногт дүүгийн маань 7 настай хүү нь дугуйнаас унаж өвдгөө гэмтээсэн юм. Шархыг нь цэвэрлүүлэх зорилгоор бид ийн анх ундаа гэмтлийн үүдээр орсон билээ (цэвэрлээд зогсохгүй оёдол тавиад гипстүүлээд гарсан даа).

Эмчийн ярианаас сонсохнээ хамгаалалтын хэрэгсэлгүй давхиж байгаад бэртэл авч ирэх бага насны хүүхдийн тоо өссөөр байгаа юм байна лээ шүү. Тиймээс эцэг эхчүүд минь, “Яавал гэж”, “Манайх гайгүй байх оо” гэсэн бодлоо мартаж, бушуухан шиг хамгаалалтын хэрэгслийг хүүхдүүддээ авч өг.

Өөрөөр хэлбэл, дугуйтай ямарваа нэг хэрэгсэл (дугуй, скүүтэр, ролик гэхмэт) унаж л байгаа бол хүүхэд хамгаалалтын малгай, тохой өвдөгний хамгаалалттай байх ёстой. Хүүхдүүд эцэг эхээсээ дуурайлал авдаг учир Та ч гэсэн дугуй унадаг бол малгай өмсөж байгаарай. Хүүхэддээ зааж өгч хамгаалах нь таны үүрэг.

 

Хүүхэдээ машинд бүү орхи!

Халуун машинд хэдхэн минут болоход хүүхдийн зүрх зогсох аюултай.

Тиймээс нялх, балчир насны хүүхэдээ хэзээ ч (халуун өдөр тэр тусмаа!) ганцааранг нь машинд үлдээж болохгүй. “Гялс гүйгээд ирнэ” гэж хэрхэвч болохгүй. Нэг хоёр минут хүртэл аюултай гэдгийг цээжлээд ав, тогтоогоод ав!

Учир нь гадаа 20 хэм халуун байхад машин дахь температур түүнээс 20-30 градусаар илүү халуун байдаг. Гэтэл бага насны хүүхдийн биеийн дулаанаа зохицуулах чадвар нь сул, боловсроогүй. Аагим халуунд хүүхдийн биеийн дулаан нь асар хурдан нэмэгдэж, 40 хэмд хүрэхэд дотор эрхтнүүдийн үйл ажиллагаа алдагдаж, улмаар амиа алддаг.

Тэгэхээр, гуйж байна. Юу ч болж байсан хүүхэдээ машинд бүү үлдээ!

Хөдөө явж байхдаа, мөн лагер дээрээ машинаа байнга цоожтой байлгаж бай (хүүхэд машинд суусныг мэдэлгүй цаг алдсан тохиолдол маш их бий).

Хэрэв халуун өдөр машинд хүүхэд ганцаар байхыг харвал битгий хажуугаар нь өнгөрөөрэй. Тусламж дууд, эцэг эхийг нь олох арга хэмжээ аваарай.

Уснаас хамгаал!

Ус гайхалтай бас маш аюултай. Хүүхэд өвдөг ч хүрэхгүй усанд хормын дотор живэх эрсдэлтэй тул амралт, аялалын энэ үед эцэг эхчүүд маань маш анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.

Бассейн ч бай усан оргилуур ч бай, горхи ч бай гол мөрөн ч бай ерөөсөө л усны ойролцоо хүүхдээ хараа хяналтгүй хэзээ ч үлдээж болохгүй!

 

Хэрэв усанд оруулах бол заавал цуг ор. Живэхээс хамгаалах хантааз өмсүүл. Сэлж чаддаг том хүүхдүүд тань сэлэх гэж байгаа бол заавал том хүний хараа хяналт дор хамт сэлэх шаардлагатай.

P.S Устай холбогдуулан зөвлөхөд, хүүхэдээ багаас нь сэлж сургах нь чухал. Өнөөдөр хүүхдүүд багаасаа явж болох усан сэлэлтийн сургалтууд бий тул эргэлзэлгүй хүүхэдээ хамруулаарай. Харин эцэг эхчүүдийн хувьд хиймэл амьсгаа хийх буюу анхан шатны тусламжийн мэдлэг боловсролоо байнга дээшлүүлж байх ёстой юм шүү.

 

Facebook Comments
Tags : Хүүхдийн аюулгүй байдал

Leave a Response

Don`t copy text!