close

Зун хаяанд ирчихлээ. Нэг мэдэхэд наадам болно. Наадмын дараа юу гэдэг билээ дээ? Тэгэхээр ерөөс зуныг зугаатай, дурсгалтай өнгөрөөх төлөвлөгөө гаргаад үзье гэж бодлоо. 92-хон хоног юухэн байхав. Нүд ирмэхийн зуур л өнгөрчих тул хожим хойно сэтгэл дулаацуулах олон сайхан дурсамж бүтээж амжуулья!

За тэгэхээр миний төлөвлөгөөнд:

1. ДЕТОКС

Амарч байх хугацаандаа биемахбодоо дотроос нь аль болох эрүүл аргаар цэвэрлэх буюу детокс хийх! Наад зах нь өглөө сэрмэгцээ уудаг 2 аяга кофены оронд ногооны шүүс шахаад уудаг болмоор байгаа юм. Уг нь аливаа зүйлийг дадал зуршил болгоход яг 21 хоног хангалттай гэх юм билээ. Зуны халуунд ч жимс ногооны шинэхэн шүүс яг л сайхан даа… Зуршил болгох гээд хамт 21 хоног тууштай хичээх бүсгүйчүүд байвал нэгдээрэй!      

2. КИНО ҮЗЭХ

Сүүлийн хоёр жилийн дотор гарсан гоё кинонуудыг түүж, тухтай гэгчээр нөхөж үзнэ ээ. Би чинь уг нь их л кино үздэг байсан, хүүхэдтэй болохоос өмнө…  Санал болгох гоё кино байвал зөвлөөрэй!

3.BBQ!

Гар бөмбөг, агаарын теннисээ аваад голын эрэг дээр эсхүл ойрхон хотоос гараад мах шарсан шигээ тоглож өдрийг өнгөрөөх. За майхан бариад хоновол ч бүр янзтай байх, тийм үү?

4.ШИНЭ ЗҮЙЛ СУРАХ

Дуртай номнуудаа дахин нэг эргүүлж уншихаас гадна зуны амралт шинэ зүйлд суралцахад тохиромжтой санагддаг юм. Тухайлбал,энэ жилжингээ л очиж үзэхийг мөрөөдөж явсан Wine & Canvas зургийн арга хэмжээнд оролцоод, зураг зурж үзье гэж бодож байгаа. Гал тогооны өрөөнд өлгөх зураг хэрэгтэй байгааг ч хэлэх үү… 🙂  

5.СЭЛЭХ

Усанд сэлснээр хөл, гар, нурууны булчин адил хэмжээгээр хөгждөг. Дархлаа сайжирна. Мөн зүрх, уушгины эрүүл мэндийг дэмжих зэрэг олон ач холбогдолтойгоос гадна хүүхдийг тайвшруулах үйлчилгээтэй гэдэг. Тиймээс энэ зун хүүтэйгээ хамт бассейн явж, түүнийг усанд дуртай болгох, сэлж сурах эхлэлийг нь тавья гэсэн зорилготой байгаа шүү.   

6.ГҮЗЭЭЛЗГЭНЭ ТҮҮХ

Миний хүүгийн хамгийн дуртай жимс нь гүзээлзгэнэ. Анх 8 сартайдаа амсаж үзсэнээс хойш одоо хирнээ харахаараа л чичрээд дайрдаг ганц амттан нь даа. Дарханы замд гүзээлзэгэний фарм байдаг юм билээ. Хүүдээ үзүүлье гэж бодож байгаа. Өөрөө түүгээд, тэгээд иднэ гэхээр бөөн баяр болох байх аа! Харихгүй гэх вий дээ хэхэхэ

7.АЯЛАХ

Би хүүгээ аялах дуртай хүн болоосой гэж их хүсдэг юм. Хамтдаа аялсан газрын тоо их байгаасай, санаж дурсах зүйл бидэнд олон байгаасай гэж хүсдэг. Тиймдээ ч жилдээ нэг шинэ газар явж үзүүлэх гэдэг. Хүүгээ дөнгөж 2 сартай байхад тэврээд л Аглаг Бүтээлийн хийдэд зугаалж явлаа. Өглөө цайгаа уусны дарааЯвцгаая!гэж гэнэт шийдээд хийдийн зүг мордсон болоод ч тэр үү ерөөс мартагддаггүй сайхан аялал болсон юм даа. Өнгөрсөн жил  хүүгээ ой гарантай байхад бид анх удаа Хөвсгөл далай руу аялсан. Энэ зун явах газараа шийдээгүй ч явах нь тодорхой. Тэгээд ч гэнэтийн шийдвэр хамгийн гоё байдаг шүү дээ.

8.БҮЖИГЛЭХ!

Үнэнийг хэлэхэд хэзээ хамгийн сүүлд диско орж бүжиглэснээ ч санахгүй л байна. Диско гэснээс зуслан дээрээ хүүхдүүтэйгээ доргио диско зохион байгуулна аа!  

9.ГҮЙХ

3 жилийн өмнө олон улсын марафонд 10 км гүйснээс хойш марафонд өөрийгөө сорих дуртай болсон түүхтэй. Гэхдээ тэр үед би бие бялдрын хувьд байнгын бэлтгэлтэй байсан. Харин одоо бол үгүй л дээ. Нялх хүүхдээр шалтаглаж дээд зэргээр залхуурч, дасгал хийлгүй хоёр жилийг ардаа орхисон тул 10 байтугай 5 км ч барахгүй гэдгээ мэдэж байгаа болохоор марафонд оролцохгүй юм гэхэд бага багаар гүйж эхлэмээр байна!

10.ЭХЛҮҮЛСЭН АЖЛАА ДУУСГАХ

Хичнээн зун цаг, амралт ч гэлээ эхлүүлсэн ажлаа мартаж болохгүй. Тэгэхээр олон үг нуршихгүй ээ. Гагцхүү ажлынхаа үр дүнг намар баяртайгаар мэдээллэхийн тулд ханцуй шамлан ажиллах л үлдлээ!

Facebook Comments
Tags : Bucket ListГэр бүлЗуны амралт

Leave a Response

Don`t copy text!