close
Аялал

Хэрэв Та Пукет явах гэж байгаа бол…

/1-р хэсэг буюу Ерөнхий Зөвлөгөө/

Ок, амласан ёсоор Тайландын Пукет арал дээр өнгөрүүлсэн 10 хоногийн аялалаас үүдэн гарсан зөвлөгөө бүхий бичвэрээ хүргэж байна. Нилээн удаалаа, уучлаарай!

Юуны өмнө бид анх удаа Пукет явсан гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Мөн 10 сартайгаас 7 хүртэлхи насны 4 хүүхэдтэй аялсан тул өнөөдрийн бичвэр маань анх удаа, эсвэл гэр бүлээрээ Пукетруу аялахыг төлөвлөж буй эцэг эхчүүдэд хэрэг болж магадгүй юм.

Ерөнхий зөвлөгөө

Явахаасаа өмнө:

  • Аль болох эртнээс судалж, аялалаа төлөвлө: Ингэснээр та хамгийн том зардал болох онгоцны тийз болон байрны үнийг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой байх болно. Боломжит хямд нислэгийн тийзийг skyscanner.net –ээс харж болно.
  • Аялалын төлөвлөгөө гарга: 7 хоног ч бай 21 хоног ч бай энэ хугацаанд хаашаа явж, юу үзэхээ тодорхой төлөвлө. Өөрөөр хэлбэл, сайн судал гэсэн үг.
  • Аялалын даатгалд хамрагд: Ачаа тээш алга болох, онгоц олон цагаар саатах зэрэг асуудал үүсэх үед хэрэг болно. Хамгийн гол нь гэнэтийн осол, өвчний улмаас эмнэлэгээр үйлчлүүлсэн тохиолдолд зардлаа нөхөн авах боломжтой. Тайландад эмнэлгийн үйлчилгээ үнэтэй гэж дуулсан учир бид Мандал Даатгалд даатгуулаад явсан.
  • Пробиотик уух: Хоол хүнс өөрчлөгдөхөөс гадна ус асуудалтай тул гэдэс хямрах магадлал тун өндөр. Тиймээс явахаасаа 14 хоногийн өмнөөс гэр бүлээрээ, ялангуяа бага насны хүүхдүүд, чанартай пробиотик уучихад илүүдэхгүй.
  • Сауна орж биеэ скрабдаж үрүүлэх: Биеийнхээ үхэжсэн арьсыг гуужуулж цэвэрлээд явбал наранд жигд, цэвэрхэн борлох боломжтой гэдэг. Бүсгүйчүүд анхаарна биз ээ 🙂

 

Пукетэд очоод:

  • Онгоцноос буунгуутаа нисэх дээр утасныхаа СИМ-ыг солино: Утсаа роуминг дээр тавьж датагаа үрэх ямар ч шаардлагагүй. Нисэх дээр шууд худалдаж авч болохоос гадна урьдчилаад интернетээр захиалаад, очингуутаа захиалгын хуудсаа үзүүлээд л утсандаа СИМ –ээ хийлгээд авчихна. Аялалын туршид байнга Wi-Fi –тай байхаас гадна хэрэг гарсан үед утсаар ярих нэгжтэй байна гэдэг жаргал биш гэж үү?
  • АТМ тухайд: Хаа сайгүй 24 цагийн дэлгүүр бий. Дэлгүүр бүр үүдэндээ АТМ-тэй. Ө.х, картнаасаа мөнгө авахад ямар ч бэрхшээл үгүй. Гагцхүү анхааруулахад, картнаас 50 батт авсан ч 500 батт авсан ч шимтгэл адилхан өндөр буюу дунджаар 220 батт (АТМ-ээс хамаарна) байна. Тиймээс хэрэв мөнгө авах шаардлагатай бол максимумаар авахыг зөвлөе.
  • VISA картны тухайд бол ямар ч асуудалгүй шоппинг хийчихнэ. Анхаарах нэг л зүйл бий. Юу вэ гэхээр ихэнхи худалдааны газар, тэр дундаа 24 цагийн дэлгүүрт 500 батт хүртэлхи хэмжээний худалдан авалтад VISA-аар үйлчилдэггүй юм билээ. Гудамжны наймаанд мэдээж карт нэмэргүй 🙂
  • Шар айраг зэрэг согтууруулах төрлийн ундааг тодорхой цагт зардаггүй журамтай. Ө.х, үдээс өмнө 11 цаг хүртэл, 14.00 – 17.00 цагийн хооронд болон 24.00 цагаас хойш дарс, шар айраг авч чадахгүй гэж мэдээрэй!
  • Сүм хийдэд ч тэр айлд ч тэр орохдоо гутлаа тайлж орно. Мөн сүм хийд явахдаа бүсгүйчүүд хувцсандаа анхаарууштай. Мөр, цээж, гуя гарсан хувцастай оруулахгүй.
  • Тайчууд маш их саахар хэрэглэдэг улс байна лээ. Хэрэв та ямар нэг шалтгааны улмаас саахараа хязгаарладаг бол анхаараарай. Тухайлбал гудамж, далайн эрэгдээр жимсээр смүзи найруулж зардаг хүмүүст “No Sugar!” гэж заавал хэлээрэй. Үгүй бол тэд аяга дүүрэн саахарны сироп хийнэ шүү.
  • Хамаагүй ус уухгүй байх. Зөвхөн дэлгүүрийн цэвэр ус авч ууж байх.
  • Хэрэв та монголруу жимс авч явах төлөвлөгөөтэй бол гудамжин дахь жимсний лангуундээрээс хуванцар сагс аваарай. Тэр сагсандаа жимсээ хийгээд аваад явбал жимс ч ачаа тань ч гэмтэлгүй ирэх болов уу? Оросуудыг ажиглаад байхнээ жимс авахдаа “Home! Домой” гэж хэлэх юм билээ. Тэгэхээр жаахан хатуудуу, бүр зөөлрөөгүй жимснээс өгдөг юм болов уу? 🙂
  • За тэгээд, орос англи хэлтэй бол хэрэг гарвал жуулчдаас мэдээлэл авах шиг амар зүйл үгүй. Тайчууд бол жаахан хэцүү, нэвтрэлцэхгүй талдаа 🙂

 

Далайн эрэг дээр:

  • №1 дүрэм бол нарнаас хамгаалах тосыг байнга түрхэх. Бүрхэг өдөр ч түлэгдэх магадлалтай тул өөрсдөө ч хүүхдүүддээ ч хамгаалалт өндөртэй тос түрхэж байгаарай.
  • Мөн тос түрхсэн ч хүүхдээ наранд битгийн удаан нүцгэн байлгаарай. Нар хамгийн их халах цагаар нарны хамгаалалттай хувцас өмсүүлвэл тун сайн. Тийм зориулалтын ханцуйтай хувцас спортын барааны дэлгүүрүүдэд бий. За үгүймаа гэхэд гудамжинд зарж буй цагаан даавуун цамц аваад өмсүүлсэн ч болно. Оросууд тэгээд яваад байдаг юм билээ хэхэх
  • Хэрэв наранд түлэгдсэн бол дэлгүүрээс алоэтэй тос аваад түрхээрэй. Бидний хувьд Weleda –ийн нарны дараах чийгшүүлэгч тоснуудаа авч явсан. Гаднаас гэртээ орж ирээд усанд оруулаад л биеийн тосыг түрхэж байсан болохоор хүүхдүүд ёстой арьсны асуудалгүй ирсэн дээ! Үнэхээр хэрэг болсон шүү.
  • 2017 онд далайн эрэг дээр тамхи татахыг хориглосон журам гарсан гэдэг. Тиймээс зөвшөөрөлтэй газар л тамхиа татаж байгаарай. Үгүй бол торгуулна.
  • Ихэнхи наран шарлагын газар нарны том шүхэр болон 2 сандалыг багцлаад түрээслэдэг. Үнэ 200 батт байх ба мөнгөө төлсөн л бол өдрийн туршид таных гэсэн үг. Балчир насны хүүхэдтэй яваа бол авахад илүүдэхгүй. Учир нь 11 цаг гээд нар шарж эхэлнэ. Элс хүртэл явахын аргагүй халуун болно.
  • Дээр бичсэнчлэн, элс маш ихээр халдаг. Далайн уснаас сандал руугаа гүйх хооронд хөл түлэх шахам болдог юм билээ! Тиймээс хүүхдүүддээ хөнгөн сандали өмсүүлэхээ мартуузай.
  • Далайн залхаг /медуза, jellyfish/-т шүргэснээр түлэгдэх тохиолдол гардаг. Тэд бол далай тэнгисийн урсгалаар эрэг хүртэл ороод ирдэг амьтад… Байгалийн үзэгдэл гэж хэлж болно. Урсгалаар орж ирээд урсгалаар буцаад яваад өгнө. Тийм болохоор хаана хэзээ учирч болохыг таашгүй. Гэхдээ борооны улиралд нэмэгддэг гэдэг.

Тэгэхээр далайн залхагт хүрсэн бол яах вэ? Уксус эсвэл лаймын шүүс түрхэхийг зөвлөдөг. Мэдээж уксустай аялна гэж юу байхав? Энэ тохиолдолд эрэг дээрх аврагч нарт хандаарай. Тэд анхан шатны тусламж үзүүлнэ. Ер нь Пукетын бүхий л дэлгүүрт Jellyfish–ээс хамгаалах найрлагатай түрхлэг, тэр бүү хэл нарны тос ч зарж байдаг. Айж эмээж байгаа бол урьдчилан сэргийлэх үүднээс эдгээр тосноос авахыг зөвлөе.

 

Хэзээ явах вэ?

Өвлийн улиралд олон зуун мянган жуулчдын “шавдаг” газрын нэг бол Тайландын Пукет арал. Аргагүй биз. Хэн ч гэсэн хүйтэн өвлөөс халуун оронд ирж далайн эрэг дээр хэвтэхийг хүснэ. Мөн санхүүгийн боломжиндоо тааруулж яаж бол яаж ч амрах боломжтой учираас жуулчид Пукетыг зорин ирдэг байх.

Тайландад хэзээ амарсан нь дээр вэ гэж их асуудаг. Энд манайх шиг жилийн 4 улирал гэж үгүй. Жилийн туршид халуун байна. Гагцхүү орох борооны хэмжээгээр жилийг High болон Low гэсэн хоёр улиралд хуваадаг.

Хэрэв та далайд сэлж, далайн эрэг дээр утгаар нь амрахыг хүсч байгаа бол High season –нд явахыг зөвлөх байна. Энэ нь 12 сараас 5 сар хүртэлх хугацааг хэлнэ. Энэ хугацаанд, тэр дундаа нэг болон хоёрдугаар сард, цаг агаар хамгийн тааламжтай (+28/30°C) буюу хэт халуун биш, бороо бараг орохгүй бөгөөд далай тэнгис тайван, давалгаагүй байна. Жуулчдын дийлэнхи хувь нь өвлийн энэ саруудад Тайландыг зорин ирдэг учир үнэ тэнгэрт хадсан байдаг гэдгийг санууштай. Хэрэв 4-5 дугаар сард Пукетыг зорих гэж байгаа бол хамгийн хуурай халуун үе нь шүү.

Харин 5 дугаар сараас эхлэн салхины хүч бага багаар нэмэгдэж далай тайвангүй болж ирнэ. Low  улирал эхэлж байгаа нь тэр. 10 дугаар сар хүртэл бороотой байх тул жуулчдын тоо эрс цөөрдөг. Энэ үед байр, хоол хүнс, байр, машины түрээс, үзвэр үйлчилгээний үнэ маш хямд болдог давуу талтай тул бас нэг очоод үзэхэд зүгээр санагдаад байгаа (өдөржин бороо асгаад байдаггүй гэдэг + халуун хэвээр шүү дээ)

 

Пукет руу хэрхэн хүрэх вэ?

Мэдээж олон дамжиж байгаад хямдаар явж болно. Гэхдээ бидний хувьд энэ сонголт биш байв. Цаг хугацаанд баригдаж байснаас гадна бага насны 4 хүүхэд, мөн аав ээжтэйгээ явж байсан тул бид нарт хямд гэхээс аль болох дамжлага багатайгаар Пукетэд хүрэх нь чухал байлаа.

Ажлын улмаас манай хоёр гэр бүл хоёр хуваагдаж явсан. Нэг нь, галт тэрэгээр Эрхүү орж (замдаа нэг л хононо), Эрхүүд хүрсэн өдрөө буюу 5 цагийн дараа шууд Пукет руу ниссэн. Ө.х оросын аялалын чартер нислэгээр явсан гэсэн үг.

Эрхүүгээр дамжиж Пукет нисэх бол дараах зөвлөгөө хүргэе:

  • Эрхүүгийн галт тэрэгний буудалд буунгуутаа буцах билетээ авбал зүгээр (УБ-аас зөвхөн нэг талын тийз зарж байсан). Анхааруулахад Эрхүүд билетний үнэ дахин үнэтэй учир билет авах хэмжээний бэлэн рубльтэй явах шаардлагатай. Доллартай явж байгаа бол асуудалтай. Учир нь солих газар байхгүй. Банк орох шаардлага гарна…
  • Эрхүүд очингуутаа мэдээж шууд нисэх дээр очоод нислэгээ хүлээж болно. Гэхдээ нэгд, Эрхүүгийн ОУ-ын нисэх буудал нь маш жижигхэн хирнээ хүн ихтэй тул тухлах суудал олдохооргүй, хэцүү юм билээ. Хоёрт, дахиж 7 цагийн нислэг биднийг хүлээж байсан. Тиймээс аав ээж, бага насны хүүхдээ ядраахгүйн тулд нисэхийн яг хажууханд байрлах буудлуудаас хамгийн хямд болох “Браво” гэх хостел буудалд буугаад амраад авсан.
  • Хэрэв та өвлийн хувцаснуудаа Эрхүүд танил талдаа үлдээж явах гэж байгаа бол ядаж нимгэвтэр куртктэй үлдэхийг бодоорой. Яагаад гэвэл онгоцруу хоолойгоор шууд ордоггүй юм билээ. Зорчигчид гадаа гарч автобусанд суугаад, дараа нь автобуснаас бууж онгоцруугаа орох гэж бараг оочер үүсгэдэг юм байна лээ! Хэдхэн минут ч гэсэн хэн ч гэсэн Сибирийн хүйтнийг мэдэрмээргүй л байгаа байлгүй дээ 🙂

Харин манай нөгөө гэр бүл маань нялх хүүхэдтэй учир шууд нислэгээр буюу KAL-ын УБ-Сеүл-Пукет гэж ниссэн. Инчеоны транзитын тухай бичих илүүц болов уу? Маш ойлгомжтой зохион байгуулалттай, үйлчилгээ, хоол сайтай учир жаахан хүүхдүүдтэй өдрийн талыг онгоцны буудал дээр өнгөрүүлэхэд ямар ч асуудалгүй 🙂

Жич: МИАТ тогтмол Бангкок руу нисдэг гэсэн. Билетээ эрт авбал бас боломжтой хувилбар. Учир нь Бангкокоос Пукетруу хоёр талдаа 100 доллар дотор билет авчихна.

 

Пукетэд хаана байрлах вэ?

Надаас нилэн олон хүн хаана байрлавал зүгээр вэ гэж асуусан. Миний хувьд, хаана байрлах вэ гэж асуухаас өмнө аль эрэг дээр амрах вэ, ө.х яаж амармаар байгаа вэ гэдгээ шийдэх хэрэгтэй санагдсан.

Пукет бол 40 гаруй наран шарлагын эрэгтэй нэг том арал шүү дээ. Жуулчдын ихээр очдог beach гэвэл 15 орчим бөгөөд тэд бүгд хоорондоо ойрхон байрлана. Явахаасаа өмнө нилээн судалсан учир танд хэрэг болж магадгүй гээд эрэгүүдийн талаар өөрийн олж мэдсэн, мөн газардээр очоод ажигласан зүйлээс хүргэе. Тэгээд та очих эрэгээ шийднэ биз 🙂

Гэр бүлийн амралт

Хэрэв та бага насны хүүхдүүдтэйгээ, мөн настай ээж аавтайгаа тайван, тухтай, чимээ багатай, цэвэр газар амрахыг хүсвэл Найхарн, Ката, Камала, Бангтао болон Раваи эрэгийг зөвлөе. Камала, Ката, Бангтао эрэг хавиар хүүхэдтэй амрахад тохиромжтой сайн зочид буудлууд цөөнгүй. Жишээ нь миний судалснаас Centara Grand Beach Resort Karon, Sunwing Kamala, Sunwing Bangtao, Outrigger Laguna Phuket дажгүй санагдсан. Дээр бичсэнчлэн бид гэнэт шийдээд явсан тул хүүхэдтэй байрлахад тохиромжтой буюу жижиг гал тогоотой гэр бүлийн өрөөнүүд нь аль хэдийнээ захиалгатай гээд олдохгүй байсан. High улирал шүү дээ! 🙂

Ер нь хэрэв та өвлийн нэг, хоёр сарыг Пукетэд өнгөрөөж, өвөлжих боломжтой, мөн тийм төлөвлөгөөтэй бол Раваи, Найхарн, Камала болон Бангтаог эрэгийг сонирхоод үзээрэй. Гэр бүлийн амралтанд хамгийн зохимжтой санагдсан. Байр саваа эртнээс олоод захиалвал хямд тусах байх. Ер нь Пукетдээ жаахан үнэтэйд орно гэж ойлгож болно. Машин түрээслэх бол дуртай эрэг дээрээ очоод амарчихна, дэлгүүр хоршоо ч асуудалгүй…

Бидний хувьд Раваид байрлаж, Найхарн эрэг дээр дээр амарч байсан. Хамгийн таалагдсан beach гэж хэлж болно. Маш гоё цэвэр устай. Элс бол зүгээр л тасархай! Энд голдуу европчууд амардаг харагдсан. Хүүхэд дагуулсан залуу гэр бүлүүд их. Ерөнхийдөө хүн ихтэй ч гэсэн нэг тийм тайван, аз жаргал мэдрэм газар.

Залуучууд

Мэдээж залуу хүмүүс зугаа цэнгэлд дуртай. Тэгэхээр Патонг-ийг зорих нь дамжиггүй. Энд бүх юм бий: хямд буудлууд, байж болох бүхий л хоолны газар, баар, диско, шоу цэнгээний газрууд, худалдааны төв, гудамжны захууд… Эмнэлэг ч байна… Алдарт Бангла гудамж ч энд…

За бид бол ийш зүглээгүй ээ. Нэгд, маш их хүнтэй. Патонгийн хажуугаар машинаар өнгөрөхөд л төвөгтэй, машины хөдөлгөөн ч аюултай санагдсан. Хоёрт, далайн ус нь ч эрэг нь ч их бохир гэж их дуулсан учраас бид Патонг дээр амарч үзье гэж ер бодоогүй. Бид нар шиг олон хүүхэд чирсэн хүмүүс Патонгийг зүглэх хэрэггүй гээд шулуухан зөвлөчихье. Олны үг ортой л байх 😉

Харин хүүхэдгүй яваа залуучууд Патонгд байрлахад болохгүй гэх зүйл үгүй. Хямд буудал олж аваад шөнийн Патонгийг нэг үзээд тэгээд зугаалах л хэрэгтэй. Жуулчдын хамгийн их очдог Ката, Карон эрэгүүд ойрхон байна. Патонгоос лав хавь дээр устай. Зугаа цэнгэлийн газар ч олдоно. Мөн амралтынхаа хугацаанд Найхарн, Раваи хүртэл яваад үзээрэй гэж зөвлөх байна. Хүүхэдтэй болохоороо Патонг дээр амрахгүй нь тодорхой хэхэх Нэг ирсэн дээрээ бүх эрэгийг үзчихсэн байхад дараа ирэхдээ хаана амрах вэ гэж толгой гашилгахгүй!

Нам гүм амралт

Бүр хүн багатай, чимээгүй газар амрахыг хүсвэл Майкхао, Найянг, Панва болон Ао Сейн эрэгийг зориорой.

Бидний хувьд Найянгаар дайраад өнгөрсөн. Үнэхээр үзэсгэлэнтэй эрэг. Харин Майкхао эрэг нь улсын тусгай хамгаалалтад буй Сиринат Үндэсний Паркийн нэг хэсэг. Жуулчид мөнгө төлж байж орох эрхтэй тус 11 км үргэлжлэх үзэсгэлэнт эрэг дээр тайчууд ирж амрах дуртай. Ө.х, жуулчид тун бага.

Бидний хувьд зориуд Майкхао эрэг дээр аялалынхаа сүүлийн 5 хоногийг өнгөрөөсөн. Учир нь, нэгд, энд л онгоцтой зураг авахуулах боломжтой. Хоёрт, хүүхдүүдээ Пукетын хамгийн том аквапаркт тоглуулах төлөвлөгөөтэй байсан. Гуравт, зам гараад л онгоцны нисэх буудал байрлах учир тун амар. Хэрэв та Пукетэд 7 хоногоос дээш хугацаагаар амрахаар зэхэж байгаа бол сүүлийн 2 хоногийг Майкхао эрэг дээр амрахыг зөвлөе.

За, товч ч гэсэн Пукетын эрэгүүдийн талаар ерөнхий ойлголт өгсөн байх гэж найдаж байна. Аялалын зорилгоосоо хамаараад эрэгээ сонгосон байхад зочид буудал хайхад илүү амар байх болно. Вooking.com, airbnb.com гээд сайтууд танд туслана.

Үүгээр Пукетэд амрах төлөвлөгөөтэй ээж аавуудад өгөх зөвлөмжийн эхний хэсгийг өндөрлөе. Бичээд байвал бичээд байх шинжтэй шүү хэхэх Бичвэрийнхээ 2-дугаар хэсэгт хүүхдүүдтэйгээ Пукетэд юу үзэж болох талаар бичье гэж бодож байна.

Асуулт байвал коммент хэсэгт бичээд үлдээгэрэй. Мэдэх зүйл байвал хариулахыг хичээнэ ээ! Дараагийн бичвэрээр уулзая!

Facebook Comments
Tags : Аялал

1 Comment

  1. Sain baina uu? Mash saihan zuvluguu ugsund bayrlalaa. Tanaas 1 zuil asuuh geed. Tanai ger buliin ene aylald zartsuulsan zardal hed bolson be? Bi 2ulaa yvah geed sudlaj bgan. Tegeed hed havitsaa mungu tusuvluhuu meddegguie. Ta bolomjtoi bol helj ugj tuslaach 🙏 bayrlalaa

Leave a Response

Don`t copy text!